Автомашинаа хямд төсөр аргаар цэвэрхэн, шинэ мэт болгох 12 арга

3

Автомашинтай хүн болгон шахам өөрийнхөө унаанд анхаарч, арчилж байдаг байх. Гэхдээ автомашины үйлчилгээ үнэтэй зэргээс шалтгаалан машинаа байнгын цэвэрхэн байлгахад бас хэцүү. Гэхдээ хэрвээ зөв хэрэглэж чадвал бага мөнгөөр, өөрийн гараар машинаа цэвэрхэн, шинэ мэт байлгах арга олон байдаг билээ.

Энэ удаа таны машины найдваргүй болсон гэмээр гэмтэл, бохирдлыг шийдэж, шинээрээ байлгахад тань тус болох 12 зөвлөгөөг сонирхуулж байна.

Машины хаалганы бариул орчмын зураас, сэвийг хэрхэн арилгах вэ?

Заримдаа хаалганы бариул хавьд хумс, түлхүүрээр хайхрамжгүй хүрэх зэргээс болж янз бүрийн сэв зураас үүсдэг. Бага хэмжээний зураас сэв бол нэг их айхтар зүйл биш байх. Харин их хэмжээгээр, нүдэнд шууд тусахаар хэмжээнийх бол үүнийг арилгах нэгэн энгийн арга бий: лак-будаг бүхий давхаргыг цэвэрлэж өнгөлөх тусгай хэрэгсэл эсвэл микрофибр алчуураар арчиж өнгөлж болно.

Эхлээд тухайн гадаргууг маш сайн угааж, хатаагаад (энэ маш чухал юм шүү) дараа нь арилгах ажилдаа орно. Машиныхаа хаалгыг хааж завсар зайд нь пластик карт шургуулах нь таныг зүлгэж өнгөлөх үед илүү өөр бусад газарт гар хүрэхгүй байх сайн талтай. Цаашид их амархан: даавуу, алчуур дээрээ өнгөлөх тос, хэрэгслээ түрхээд бариулын доодох хэсгийг маш нямбай зүлгэж өнгөлнө. Тусгай багаж хэрэгсэл ашиглахгүй, гараар өнгөлж байгаа учир таниас нилээдгүй тэвчээр, цаг шаардах болов уу. Зүлгэж өнгөлсөн маань хэр сайн болсныг шалгахын тулд аль болох диод гэрэл бүхий гар чийдэнгийн гэрэл тусгаж үзээрэй. Сэв зураас алга болсны дараа дахин нэг өнгөлөх нь илүү үр дүнтэй болоход тань тусална.

 

Эвгүй үнэрээс салах

Орчин үеийн машинд салоны агаар шүүгч гэж байх бөгөөд энэ нь машин доторх эвгүй үнэрийг шингээж, үгүй болгох тустай. Таны машинд ийм шүүлтүүр байгаа эсэхийг мэдэхийн тулд машиныхаа зааврыг анхааралтай уншаарай. Хэрвээ байгаа бол шүүлтүүрээ үйлдвэрлэгчийн зөвлөсөн шинэ шүүлтүүрээр солиорой. Таны хуучин шүүлтүүр их бохирдсон бол та ялгааг нь дор нь мэдэрч сэнгэнэсэн сайхан цэвэр агаартай болсныг анзаарах болно.

Хэрвээ муухай үнэр “кондишн” буюу хүйтэн агаар үлээгч хэрэгсэлтэй холбоотой бол үүнд тусгай зориулалтын цацлага хэрэгтэй. Үүнийг цэвэрлэхийн тулд машинаа асааж, “кондишн” ажиллуулах ба бүх цонхоо онгойлгож, агаар авах суваг болгон руу цацлагаа цацна. (цонх болон машины капотын хоорондох суваг ) Ийм байдлаар 30 орчим минут болох дараа нь 10-15 минутын дараа дахин цацна. Цацаж дууссаны дараа “кондишн” 10 минут орчим ажиллах хэрэгтэй ба энэ нь цацсан цацлага бүх л сувгаар дамжин цэвэрлэхэд хэрэгтэй юм. Одоо та машинаа унтрааж болно.

 

Их гэрлийг яг л мэргэжлийн хүмүүс өнгөлсөн мэт цэвэрлэх

Их гэрлийг өнгөлөх нь зөвхөн сайхан харагдах төдийгүй хэрэглээний хувьд их чухал зүйл бөгөөд зөв гэрэлтүүлэг нь ялангуяа шөнийн цагт их чухал зүйл билээ.

Их гэрлийн ойр орчмыг скотч нааж машины будаг болон хуванцар эдийг хамгаалах ба их гэрлийн гадаргууг хэд хэдэн удаа маш сайн цэвэрлэж угаагаад хатаах хэрэгтэй. Хамгийн жижиг хэмжээний шороо тоос нь дараа нь цэвэрлэх явцад их гэрлийн гадаргууг гэмтээж зураас сэв буй болгож болзошгүй юм шүү. Аль болох бүдүүн ширхэгтэй даавуугаар бүх л гадаргууг зүлгэхдээ маш анхааралтай байж яаралгүй, нэг чиглэлд зүлгэнэ. Их гэрлийн гадаргуу энэ үед бага зэрэг чийгтэй байх нь илүү үр дүнтэй. Зүлгэж дуусаад арай жижиг, нарийн ширхэгтэй, илүү гөлгөр даавуугаар зүлгэх ба дараа нь бүр илүү нарийн ширхэгтэй даавуугаар зүлгэнэ. Энэ мэтээр хэд дахин зүлгээд хамгийн сүүлд нь зориулалтын тусгай өнгөлөгч ашиглан өнгөлснөөр таны машины их гэрэл шинэ мэт болно.

 

Хүрэхэд хэцүү хэсгийн бохирдлыг цэвэрлэхээ мартаж болохгүй

Та нягт нямбай хүн бол таны машины элдэв эд ангийн хоорондох жижиг зай завсарт тогтсон бохирдлыг арилгах хэрэгтэй болдог. Дээрх зурагт үзүүлсэн болон бусад хүрэхэд хэцүү олон хэсгийн бохирдлыг цэвэрлэхийн тул даавуу, халив ашиглаарай. Эхлээд даавуугаараа халиваа ороогоод дээрээс нь цэвэрлэх шингэн цацаад элдэв товчлуур болон бусад завсар зайг цэвэрлэнэ.

 

Машины хуванцар эд анги дээрх сэв зураасыг нуух

Их гүн биш, ихээхэн хэмжээгээр тохиолддог жижиг сэв зураасыг арилгах хамгийн амархан арга нь техникийн халуун үлээх сэнсээр үлээлгэх арга юм. Зарчим нь их амархан: хуванцар халж, сэв зураас өөрөө агшиж, харагдах нь бага болдог ба зарим жижиг сэв бүрмөсөн харагдахгүй болно.

Ингэхийн тулд эхлээд гадаргаа угаах хэрэгсэл ашиглан сайтар угаах ба хамгийн гүн зураас сэвд байх бохир болон бусад зүйлсийг бүрэн арилгана. Цэвэрхэн болсны дараа сайн хатаагаад,  үлээлгийн хэрэгслээ бага хүчээр ажиллуулан үр дүнг нь харж байх хэрэгтэй. Хэрвээ хуванцарт ямар ч нөлөө үзүүлэхгүй бол үлээлгийн хүчээ бага багаар нэмж, үлээх хэрэгсэл, сэв зураасны хоорондох зайг аажмаар ойртуулна. Хэт халаахгүйн тулд үлээлгийн халуун агаар очих нэг л цэгт үлээлгэхгүй, зөөлнөөр энд тэндээс янз бүрийн өнцгөөр үлээлгэнэ. Дараа нь тухайн хэсэг хөртөл нь хүлээгээд шаардлагатай бол өнгөлнө.

 

Машины хянах самбарыг өвөрмөц аргаар цэвэрлэх

Энэ арга зарим хүнд их хачин сонсогдож болох ч олон хүний гэрт кофены шүүр хэрэггүй хэвтэж байдаг нөхцөлд хэрэг болох арга юм. Зүгээр хэрэгцээгүй хэвтэж байгаа юмыг ашиглахад буруу юм үгүй билээ. Тэгээд ч кофены шүүрийг тусгай материалаар хийдэг учир жирийн даавууг бодвол тоос шороог хянах самбар дээгүүр тараагаад байхгүй харин тэдгээр шороог цуглуулан шингээж, тоос арчих гэж олон дахин арчих зэргээс ангижруулдаг билээ.

 

Бусад хэсгүүдийн шороо тоосыг арилгах

Жижиг эд ангийн завсар хооронд тогтсон бохирыг арилгах тухай ярихдаа агаар үлээх хоолойн дахь шороо тоосыг цэвэрлэх тухайд тусад нь ярих хэрэгтэй билээ. Та гэртээ байх сэнсний үзүүр, ирмэгээр ихээхэн хэмжээний тоос тогтсон байхыг, ялангуяа сэнс цонхны ойролцоо бол бүр их тоостой болсон байхыг анзаарч байсан болов уу. Энд ч гэсэн яг адилхан байдлаар шороо тоос хуримтлагдах бөгөөд цэвэрлэхийн тулд олон янзын арга хэрэглэж болох ба чухамхүү таны уран сэтгэмж мэдэх билээ. Янз бүрийн сойз, бийр багс, машины тоос сорогч, элдэв наалддаг зүйл гэх мэтийг хэрэглэн агаар үлээх хоолойг цэвэрлэнэ.

 

Ялаа шумуулын наалдсан бохирыг амархан арилгах

Ийм нөхцөлд хамгийн гол нь цаг алдалгүй хурдан цэвэрлэх нь чухал бөгөөд наалдаж үхсэн ялаа шумуул нь хатах үедээ машины будагт шингэж арилгахад хэцүү төдийгүй бүр машины будаг, гадаргууд сэв суулгах нөхцөл болж болох юм. Та хот дотор болон хөдөө явж байх үедээ машины хамар дээгүүр дүүрэн ялаа шумуул наалдуулсан бол 1-2 хоногийн дотор цэвэрлэх аргыг танилцуулъя.

Танд WD-40 болон алчуур хэрэгтэй. WD-40 нь тосон суурьтай учир үхсэн ялаа шумуулын үлдэгдлийг зөөллөж машины будагнаас салгахад амархан болгоно. Энэ бодисоо түрхэж цацаад 10-15 минут хүлээж шингээх ба алчуураар тойрог маягийн хөдөлгөөнөөр арчиж цэвэрлэнэ. Завсар бүхий газар орсон хэсгийг нарийн зүйлийн үзүүрт даавуугаа ороож цэвэрлэж болдог ба будгаа гэмтээхгүй байхад анхаараарай. Харин машины салхины шил дээрх ийм бохирдлыг арилгахад уг арга нэмэргүй юм. Хэрвээ таны ойролцоо машины шил угаах шингэн үгүй бол шингэн саван, ус хоёрыг хольж угаахад хангалттай арилах болно.

 

Шувууны ялгадсыг машины будгийг гэмтээхгүйгээр арилгах

Ийм нөхцөлд аль болох хурдан арга хэмжээ авах нь их чухал бөгөөд шувууны ялгадас дахь хүчиллэг бодис нь машины будагтай химийн урвалд орохоос нь өмнө арилгах хэрэгтэй. Энэ муухай бохирыг арилгах хэд хэдэн арга бий: шүлт агуулах цэвэрлэх бодис, содтой ус, мөн л өнөөх олон зориулалт бүхий WD-40 зэргийг ашиглах аргууд юм. Гэхдээ хамгийн энгийн арга нь жирийн ус бөгөөд хэрвээ танд дээр дурдсан элдэв бодис байхгүй, шувууны ялгадас таны машин дээр унаад удаагүй бол энэ нь хамгийн эхний, зөв цэвэрлэх арга юм.

Эхлээд бохирдсон хэсэгт бинт тавиад дээрээс нь ус хийж 10-15 минут шингээнэ. Бохирдуулсан ялгадас зөөлөрч шингэрэх үед нь зөөлөн цаас, даавуугаар болгоомжтой арчиж цэвэрлэнэ. Хянамгай, болгоомжтой байх нь их чухал бөгөөд хүч гаргаж үрэх хэрэггүй, машины будаг дээр янз бүрийн сэв үлдээхгүй байх нь чухал. Сод болон WD-40-ийг мөн л дээрхтэй адил аргаар хэрэглэнэ: тавьсан бинт дээрээ усны оронд содтой ус хийх, WD-40-ийг цацах ба хэсэг байлгаж шингээгээд арчиж цэвэрлэнэ.

 

Суудлын бохирдсон бүрээсийг цэвэрлэх

Суудлын бүрээсийн бохирдол, толбыг арилгах олон арга байдаг боловч бид энэ удаа нэгэн олон зориулалт бүхий хэрэгслийн тухай ярих бөгөөд энэ хэрэгсэл бараг бүх л төрлийн толбо бохирдлыг арилгаж чадна. Таны гар дор тусгайлан зориулсан толбо, бохирдол арилгах хэрэгсэл байхгүй бол чухам дээрх бодис танд тус болох билээ.

Энэ бодис их энгийн бүтэцтэй. Ердөө л ус болон хоолны сав угаах шингэн хоёрын холимог юм. 1:1 харьцаатай холиод суудлын бүрээс рүүгээ 15-20 см-ийн зайнаас цацна. Дараа нь зөөлөн сойзоор аажуухан арчиж зүлгэх ба бүлээн усаар зайлж, тусгай шингэн тоос шингээх материал бүхий даавуугаар арчина. Бүх л толбо руу нэгэн зэрэг цацалгүй толбо болгоныг нэг нэгээр нь арилгах замаар цэвэрлэх нь угаах холимог маань хатахгүй учир илүү үр дүнтэй байдаг байна.

 

Гэрийн тэжээвэр амьтдын үс хялгасыг хялбархан цэвэрлэх

Та гэртээ амьтан тэжээдэг, түүнийгээ цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалуулах дуртай, ийш тийшээ явахдаа машиндаа авч явдаг бол машины суудал болон бусад эд ангид наалдсан үс хялгас таныг нилээд бухимдуулдаг байх. Ийм үс ноос, хялгас хаа сайгүй наалдах ба цэвэрлэхэд ч гэсэн их хэцүү ажлын нэг. Гэтэл аз болж энэ нь ихээхэн амархан зүйл гэнэ. Танд тусгай автомашины тоос сорогч байхгүй үед жирийн ус шүршигч, цонх шил угаах хусагч байхад л хангалттай. Усаа цацахад хусагч илүү сайн зууралдах учир ус цацаж байгаад хусагчаар хусаж цэвэрлэнэ. Цэвэрхэн сайхан орчин бий болох нь баталгаатай юм шүү.

 

Хагарч цуурсан арьсан бүрээсийг аврах нь

Энэ нөхцөлд арай илүү их хэрэгсэл шаардагдах болно. Энэ арга нь өөрийн гараар хуучин юмыг сайжруулан шинэчлэх дуртай хүмүүс төдийгүй машиных нь арьсан бүрээс зарим нэг газраа жижигхэн хатаж хагаран, муухай харагдаж байгааг үгүй болгохыг хүсдэг хүнд зориулагдсан юм.

Үйл ажиллагааны дараалал нь: эхлээд хагас хувин ус дээр ½ цайны аяга таваг угаах шингэн нэмэх ба хөөсрөх ёстой. Сандал бүрээсийн хагарч цуурсан хэсгийг энэ шингэнээр угаах ба зөөлөн сойз ашиглана. Дараа нь бүрэн хатаах ба үүнийгээ хөвөн даавуун зүйлээр арчих замаар хатааж болно. Гэмтсэн хэсгээ эмнэлгийн спиртээр арчиж тослог зүйлсийг нь үгүй болгох ба бас л гүйцэд хатаах хэрэгтэй. Дараа нь нарийн зүлгүүрээр ямар ч сэв болон урагдаж салбарсан арьс гарт мэдрэгдэхгүй болтол зүлгэж маш толигор болгох хэрэгтэй. Үүний дараа арьсны гэмтэл дарах тосыг зааврын дагуу түрхэж хатаана.

Энэ бүхний дараа гэмтсэн хэсгийн эргэн тойрныг скотчоор бүрэх ба энэ нь будаг бусад газарт хүрэхгүй байлгах зорилготой юм. Ингээд арьсан материалд зориулсан, тохирох өнгийн будгаар гэмтсэн хэсэгт нимгэн түрхэж будна. Бүрэн хатаах ба үүндээ үсний сэнс зэргийг ашиглаж болох бөгөөд дараа нь дахин нэг түрхээд хатаана.

15
ГоёГоё
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Gagaga

    2023/07/20 at 12:29

    Iim niitleluud unendee l hud bdiimdaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *