Гэр бүл салалтаас болж гэм буруугүй хүүхдүүд хэрхэн зовж шаналж байна вэ?

2

Аав салах тухай яриа гаргахад – “Чи машинаа ав, би байраа авна, хүүхдүүд надтай үлдэнэ, энд ямар нэг маргаан, яриа байхгүй” гэж ээж маань маш тайван хэлж байсныг сайн санаж байна. 20 жилийн дараа ч би эдгээр үгсийг үг бүрээр нь санаж байгаа билээ. Тэр үед би 8 настай байсан бөгөөд эдгээр үг маш аймшигтай санагдаж байсан боловч 10 настай эгч маань “айх хэрэггүй, аав тоглож байгаа юм, аав маань сайн хүн, биднийг орхиод явахгүй” гэж намайг тайтгаруулж байсан юм. Гэсэн ч аав маань тоглоогүй байж билээ.

Гэр бүл салсны дараах амьдрал

Хүүхдүүд хаачих ч үгүй нь ойлгомжтой бол харин байр бол өөр хэрэг… Эр хүнгүйгээр амьдарч болох ч орон байргүйгээр амьдарч чадахгүй. Ийм байдалд яагаад ч юм хүүхдүүдийн тухай хамгийн сүүлд боддог бөгөөд “жаахан юм чинь аяндаа дасна” гэсэн байдлаар ханддаг байна.

Хүүхэдтэй гэр бүл салж байгаа шалтгааныг тооцохоо болиод эд хөрөнгө хуваах тохироонд хүрэх нь ёс суртахууны асуудал юм. “Надад чамаас юу ч хэрэггүй, энэ бол зөвхөн хүүхдүүдэд л хэрэгтэй“. Телевизор, машин, зуслан бүгд дундынх, харин хүүхдүүд?

Бодит амьдрал гэдэг хатуу зүйл бөгөөд хүүхдүүд дандаа ээжтэйгээ үлддэг байна. Гомдол, ичих сэтгэл, уур хилэн, бас бага зэрэг хүүхдийн төлбөр зэрэг зүйлүүд ээжид бас хамт үлдэнэ. Байраа хувааж байхад энэ нь тийм ч шаналгах зүйл биш. Харин хүүхдээ хувааж байхад, томчуудын алдааны золиос болсон гэмгүй хүүхдүүд тэдний уур гомдлын зэвсэг болж байгаа нь л хамгийн хэцүү зүйл байдаг билээ.

Салсан гэр бүлийнхэн үүндээ шаналахгүй, зовохгүй байх гэж үнэндээ бараг үгүй бөгөөд хүүхдүүд өсөж байх үед томчууд нь амьдралын бас олон шалгуур давж, шатаар нь өгсөх хэрэгтэй болдог. Сонгох, амьсгаа дарах, бүрэн бүтэн байх, цаашид юу хийх хэрэгтэй гээд олон зүйл цаана нь бий.

Сэтгэл судлаачид гэр бүл салсны дараах үйл хөдлөл нь гал түймрийн үеийн үйл хөдлөлтэй адил гэж үздэг байна: эхлээд хүчилтөрөгчийн багаа өмсөөд, дараа нь хүүхдэдээ өмсгөнө.

Салалт гэдэг бол ямар ч насны хүүхдэд сэтгэл зүйн хүнд гэмтэл юм. Хүүхдийн өсөх насанд тохиолдох ийм явдал нь цаашид түүний ирээдүйн амьдралд ул мөрөө үлдээдэг билээ. Тиймээс салж байгаа эцэг эхчүүд хүүхдээ хуваах гэх мэтээс зайлсхийж эвлэрэх арга бодох нь зөв юм.

Хүүхдүүд үргэлж эцэг эхээ эвлэрүүлэх гэж хүсэж байдаг. Салж байгаа эцэг эхчүүд нэг нэгэндээ дайсан бол хүүхдийн хувьд тэд хамгийн дотно, хамгийн чухал хүмүүс нь байдаг. ”Аав ээжийгээ эвлэрүүлж чадахгүй бол, ээждээ сайхан байлгахын тулд хийсэн зүйл маань аавыг минь гомдохгүй байлгах ёстой бөгөөд ингэж чадахгүй бол би муу хүүхэд, надад бас буруу байна. Ер нь би л буруутай” гэсэн бодол хүүхдэд төрж шаналгах болно.

Харин зарим нэг нь материалын ашиг хардаг бөгөөд “та нарын дайн бол та нарын хэрэг, харин надад унадаг дугуй, компьютер хэрэгтэй” гэх бодолтой болно. Цаашид хүүхэд эцэг эхийн энэ байдлыг өөрт ашигтай байдлаар эргүүлэх гэж оролдох ба хэн нь илүү их юм амлах нь вэ гэж уралдуулж эхэлнэ. Ийм үед ямар нэг итгэл, хайрын тухай яриа огт үгүй билээ.

Салсны дараа эцэг эхчүүдийн хоорондох харилцааг удаан хугацаанд үргэлжлэх хүйтэн дайн  болгохгүйн тулд, хүүхдээ энэ дайны хохирогч болгохгүйн тулд яах хэрэгтэй вэ? Сэтгэл судлаачид хэд хэдэн зарчим баримтлахыг санал болгодог.

 

Салалтын үеийг хүүхэд давахад туслах нь

1. Салалтын шалтгаанаа хүүхдэд үнэнээр нь хэл. Худлаа хэлэх нь таны цаашдын амьдрал, хүүхдийн өсөлтөнд бэрхшээл бий болгох нь тодорхой юм шүү.

2. Таны гомдол цөхрөл, айдас, уур хилэн бол таны ярианы үед гарах гол дайсан тань юм. Ярианы өнгө, сэтгэл хөдлөлийн илрэл зэргийг хүүхдүүд маш сайн мэдэрнэ. Хэдийгээр салалт гэдэг нь таны хувьд сүйрэл боловч үүнийгээ хүүхдэд мэдэгдэхгүй байх нь хамгийн чухал юм. Үгийн дуудлага, хэлэх үгээ анхаарч энэ салалт нь байж болох хамгийн зөв шийдвэр гэж харагдуулж ойлгуулах хэрэгтэй.

3. Хүүхдийн хажууд хэрүүл хийж, хэн нэгнийгээ өөдгүй муу хүн болохыг нь дуудаж ярьж болохгүй. Энэ нь хэцүү боловч эцэг эхчүүд үүнийг ойлгож хоорондоо тохиролцох хэрэгтэй.

4. Хүүхэд сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байх үед туслаж дэмж. Тайван зөөлөн үгээр тайвшруулж энэхүү салалтанд хүүхэд ямар ч буруугүй гэдгийг ойлгуул. Аав нь үргэлж аав хэвээр үлдэж, ээж нь ээжээрээ байх бөгөөд хэдийгээр тусдаа амьдрах боловч үргэлж ийм байна гэдгийг хэл.

5. Биеийн харилцаа их чухал. Аль болох их тэвэрч түүнд хайртай, ээж аав нь хэдийгээр тусдаа боловч хоёулаа хүүхдээ хайрладаг гэж ярьж бай. Хэдийгээр таны гомдол таныг удирдах боловч нөгөө хүн маань ч бас ингэж хэлэх болно гэж төсөөл.

6. ”Аав нь буруутай”, “ээж нь муу”, “залхаж байна” гэх мэтийн үгийг хэзээ ч бүү хэл. Эдгээр үгнээс зайлсхийж чадвал та гэр бүл салалтанд өөрийн оролцоо ямар байсныг ойлгох болно. Хэрвээ ээж нь хүүхдэдээ аав нь ямар муу хүн болох тухай ярьдаг бол хүүхэд нь бас өөрийгөө тийм бүтэлгүй муу хүн гэж ойлгох ба хүүхэд маань өөрөө аавын, ээжийн тал нь гэж өөрийгөө ойлгодог билээ.

7. Хүүхдэд аав ээжээсээ аль нэгийг нь сонгохоос илүү хэд хэдэн аав ээжтэй байх нь (салалтын дараа шинэ гэр бүл бий болсон бол) илүү амархан байх болно.

8. Тусдаа байгаа эцэг эхтэйгээ уулзахад нь ямар нэг зааг, хязгаар тавихгүй байх хэрэгтэй. Байнга уулзалдаж байх нь хүүхдэд сайн нөлөөтэй.

9. Хүүхдэд аав, ээж аль аль нь хэрэгтэй. Аав нь нэг хэсэг тусдаа байж байгаад бүх юм сайхан болоход эргээд ирнэ гэсэн дэлгэрсэн хууралт хэлж огт хэрэггүй юм. “Тайвшраад, эргээд харьцдаг болно” гэж бодож байвал буруу. Тайвшрахгүй шүү.

Хэрвээ хүнд хэцүү үед нь аав нь хажууд байгаагүй бол тэрээр өөдгүй урвагч гэж хүүхдэд ойлгогдох болно. Насанд хүрэх үед чухам энэ бодол нь эсрэг хүйснийхэнтэй зөв харилцаа тогтооход саад болдог байна.

10. Тогтсон амьдралын хэвшлийг нь хэвээр хадгалах хэрэгтэй. (Спортын дугуйлан, амралтаар эмээ дээрээ очдог гэх мэт)

Дарамттай хүүхдийн синдром нь эцэг эх нь салсны дараа хүүхдэд бий болж хоёр жилийн турш илэрнэ. Янз бүрийн байдлаар илэрч гарах бөгөөд нас, хүүхдийн зан аашнаас ихээхэн шалтгаалж хар дарах, маш их ууртай болох, аливаа юманд дургүй байх, догшин ширүүн, хэрүүл хийх сонирхолтой, аливаа зүйлийг хийх чадвар сулрах гэх мэт. Тиймээс эцэг эх нь тэвчээртэй байж хүүхдэд туслах ёстой.

Хэрвээ танай гэр бүл салсан бол энэ тухай хүүхдэд хэрхэн хэлэх талаар сэтгэл судлаачид зөвлөж байна.

 

Хүүхдэд салалтын тухай хэрхэн хэлэх вэ?

1. Энэ салалт чиний буруу биш.

2. Дотор чинь бодогдож байгаа зүйлээ ил гарга. Уурлаж болно, уйтгарлаж болно, энэ бол ичмээр зүйл биш – чамд ингэх шалтгаан бий.

3. Чи эцэг эхээ хайрлаж, тэдэнтэйгээ сайн харьцаатай байж болох бөгөөд хэн нэгнийг нь сонгох хэрэггүй.

4. Чи эцэг эхийн нэг нь нөгөөдөө юм дамжуулах дамжуулагч байж болохгүй шүү.

5. Эцэг эхийн зөрчилдөөнд аль болохоор орохгүй байхыг хичээгээрэй.

6. Чамд ойлгомжгүй юм болгоныг асуу. Эцэг эх чинь юу болсныг тайлбарлаж өгнө.

7. Хэцүү байвал тусламж гуй.

8. Салсан эцэг эхийн хүүхэд байна гэдэг ичмээр зүйл биш.

9. Ээж аав чинь нэг нэгнээсээ салж байгаа болохоос чамаас салж байгаа хэрэг биш юм шүү гэдгийг үргэлж санаарай.

Хүүхэд аз жаргалтай байхын тулд мөнгө, сайн тоглоом шаардлагагүй. Уур уцаар, хорсол гомдол нь эцэг эхийн асуудал. Хүүхэд зовж шаналах ёсгүй бөгөөд эцэг эх болгон хүүхдэд хэцүү үед нь туслах ёстой.

Амьдралд олон зүйл тохиолдох бөгөөд зарим нэг гэр бүл хэдхэн жилийн дараа салж сарниж байхад зарим нь аливаа бэрхшээлийг тэсэж даван гардаг билээ. Гэхдээ гэрт хүүхэд бий болохдоо зөвхөн хайрлуулж, хэцүү үедээ туслуулж байх гэж л гарч ирдэг юм шүү.

Гэр бүл салсны дараа хувийн амьдрал гэж байж болох уу? Эсвэл дахин алдаа гаргахгүй байхын тулд зөвхөн хүүхдийн төлөө амьдрах уу? Энэ талаар сэтгэгдэл дээр бичээрэй.

Хэнд ч, хэзээ ч тохиолдож болох гэр бүл салсны дараа хүүхдэд хэрхэн туслах талаарх энэ нийтлэлийг хэрэгтэй хүнд нь хуваалцаарай.

4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. XopoM

    XopoM

    2023/09/19 at 16:19

  2. Баяраа Бүрэн Баяр

    Баяраа Бүрэн Баяр

    2023/09/19 at 20:58

    Хүүхдийн байгууллага. ямар ажил хийж байна даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *