Ханиадыг амжилттай эмчлэх 7 дүрэм

0

Бид бүгд ханиадтай бараг жил бүр л нүүр тулдаг. Ийм нийтлэг тохиолддог өвчин аль хэдийн судлагдсан байх ёстой боловч харамсалтай нь дор хаяж нэг удаа ханиад хүрч байсан хүн түүнийг эмчлэх гол дүрмүүдийг мэддэггүй. Эмч нарын туршлагаас үзэхэд нөхцөл байдал өөр байдаг аж: хүмүүс хэрхэн эмчлэхээ мэднэ гэж бардамнан алдаа гаргах нь элбэг байдаг гэнэ.

Улирлын чанартай халдварт өвчин таныг тойрч биш дайрч гарсан бол юу хийх хэрэгтэйг сайн мэддэг ёстой.

Ханиадны вирусыг биеэс зайлуулдаг үр дүнтэй эм байдаггүй гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Тодруулбал тийм эм байдаг ч тэд зөвхөн ханиадны хүнд хэлбэрийн үед л хэрэглэгддэг. Мөн ийм эмүүд үнэтэйгээс гадна гаж нөлөө ихтэй байдаг. Ихэнх вирусийн гаралтай бусад өвчнүүдийн адил ханиадны үед өвчтөний гүйцэтгэх ёстой гол үүрэг бол биедээ өвчнийг даван туулах боломжтой нөхцөлийг бүрдүүлж өгөх юм.

Эрүүл хүмүүсээс өөрийгөө тусгаарлах

Ханиад томуу нь агаар дуслын замаар дамждаг, тиймээс олон хүн цугласан газраас вирусын халдвар авах магадлал тун өндөр байдаг. Хэрэв та ханиад хүрсэн бол бусдыгаа бодоорой: хөнгөн ханиад туссан ч, бие тань харьцангуй гайгүй байсан ч олон нийтийн газраар явж эрүүл хүмүүсийг ханиад хүрэх эрсдэлд бүү оруул. Та хариуцлагатай байж чадвал жил бүр өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалж чадна.

Хэвтрийн дэглэм сахих

Харамсалтай нь манай оронд өвчнөө үл тоомсорлож өөрийн эрүүл мэнддээ хариуцлагагүй хандах байдал ажиглагдсаар байна. Ханиад хүрсэн үед ажил, сургуульдаа явахыг онцгой даалгавар гэж үздэг. Үнэн хэрэгтээ өвчтөнд ч, эргэн тойрныхонд ч сайн зүйл байхгүй: тухайн өвчтэй хүн халдварын эх үүсвэр болохоос гадна суларч ядарсан биед ирэх хүнд ачаалал нь өвчний явцыг хүндрүүлж, эдгэрэлтийг удаашруулахад хүргэдэг.

Ханиадны вирус нь хамраас нус гоожих, халууруулах, судсыг гэмтээх, мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөх чадвартай байдаг. Хүнд хэлбэрийн ханиадтай мөн хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн ихэнх нь хэвтрийн дэглэм бариагүйн үр дагавар гэж эмч нар үзэж байна.

Шингэн юм ихээр уух

Вирусын гаралтай халдварын үед шингэн дэглэм маш чухал ач холбогдолтой байдаг. Ханиад хүрсэн үед шингэн юм ихээр уух хэрэгтэй байдаг, “хүссэн үедээ уу” гэдэг дүрэм үүнд тохирохгүй: хүссэнээсээ илүү их шингэн уух хэрэгтэй гэсэн үг. Аяган дахь шингэнийг дууссан даруйд дүүргэх хэрэгтэй. Уух зүйлд цэвэр ус (энгийн эсвэл хийжүүлсэн), нимбэгтэй цай, компот байж болно. Шингэн сэлбэх зорилгоор эмийн сангаас эм авч ууж болно. Гэхдээ заавал эм уух шаардлагагүй л дээ. Биед орсон шингэн нь хорыг биеэс гадагшлуулахад туслах ба дархлааны тогтолцоонд вирусын эсрэг ажиллах таатай нөхцлийг бий болгодог.

Давсны уусмалаар хамраа цэвэрлэх

Хамар нь халдвар орох хаалга болдог учир амьсгалын замын халдварын үед хамрын салст бүрхүүл хамгийн эмзэг болдог. Хамгаалах тогтолцоо зөв ажиллахын тулд салст бүрхүүл чийглэг байх шаардлагатай. Давсны уусмал энэ асуудлыг бүрэн төгс шийдвэрлэдэг. Давсны уусмалын тусламжтай хамраа сайтар цэвэрлэснээр хамрын битүү арилна. Уусмалыг хамартаа дусааж эсвэл шүршиж болно. Үүнд ямар ч давсны уусмал тохиромжтой. Эмийн сангаас хамрыг чийгшүүлэх Аква Марис, Маример зэрэг спрей авч болох ч тэд үнэтэй учир гэртээ давсны уусмал бэлтгэж хэрэглэхийг зөвлөж байна. 1/3 цайны халбага далайн эсвэл энгийн давсыг 1 аяга халуун усанд хийж найруулна.

Халуун бууруулах эм хэрэглэх

Ханиад томуу нь бусад амьсгалын замын хурц вирусын халдвараас ялгаатай нь үргэлж халууралт үүсгэдэг. Халуун бууруулах эмүүдийг 38⁰С-аас доош халуурч байгаа тохиолдолд хэрэглэх шаардлагагүй, учир нь биеийн температур ихсэх нь эмчилгээний чухал ач холбогдолтой байдаг: биеийн хамгаалах чадварыг идэвхжүүлж халдвартай тэмцдэг. Хэрэв температур тань 38,5⁰С-аас их болсон бол парацетамол эсвэл ибупрофен эсвэл (Нурофен, Бонифен, Долгит, Тайленол, Калпол, Панадол г.м.) өөр эм ууж болно. Ханиадны үед ацетилсалицилын хүчил (Аспирин) болон түүнийг агуулсан эм хэрэглээд хэрэггүй. Вирусын гаралтай халдварын үед ацетилсалицилын хүчил нь биеийн байдлыг улам хүндрүүлдэг (үхэлд хүргэх боломжтой).

Хөнгөн хооллох

Өвчтэй хүн заавал сайн хооллох хэрэгтэй байдаг гэсэн домог яриа хаанаас үүссэнийг хэлж мэдэхгүй. Магадгүй өмнө нь ихэнх өвчнүүд ядаргаа, өлсгөлөнтэй холбоотой байсан учраас тэгдэг болсон байх. Ханиад томууны үед хоолны дуршил буурдаг, заримдаа бүр алдагддаг. Санаа зовох хэрэггүй, энэ ч мөн биеийн температур ихсэхтэй адил хамгаалах механизм юм. Ингэснээр бие организм бүх хүчээ хоол боловсруулахад бус харин өвчинтэй тэмцэхэд зарцуулдаг.

Тиймээс хөнгөн, хоол боловсруулалтанд хүндрэл учруулахгүй, бага хэмжээгээр хооллох хэрэгтэй. Жимс, ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, шөл, кааш хамгийн тохиромжтой. Тослог, шарсан, хуурсан, илчлэг ихтэй хүнснээс татгалз. 2-3 хоног үргэлжилж буй ханиадны үед хурц юм идэхгүй байсан ч ямар нэг муу зүйл тохиолдохгүй. Жин хурдан хасаж байгаа бол санаа зовох хэрэггүй, учир нь эдгэрсний дараа та хэвийн жиндээ хурдан эргэн орно. Хөнгөн хооллох ёстой ч уух шингэнээ багасгаж болохгүй гэдгийг санаарай.

Өрөөг тогтмол чийгшүүлэх

Хуурай агаар нь вируст хамгийн таатай нөхцөл болдог. Тиймээс өвчтэй хүний өрөө хангалттай чийглэг байх ёстой – 50%-иас багагүй. Өвөл халаалттай өрөөний агаарын хэвийн чийгшил 30%-иас хэтэрдэггүй. Чийгшил хангалтгүй ийм өрөөнд өвчин эдгэрэхгүй. Өрөөг шаардлагатай хэмжээнд чийгшүүлэхийн тулд тогтмол агааржуулж, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, паарны дэргэд жижиг савтай ус байрлуулах хэрэгтэй. Мэдээж тусгай агаар чийгшүүлэгч хэрэглэж болно.

5
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *