
Жил бүр Калифорний Монтерей хотын газар нутагт сонгодог загварын машинуудын цугларалт болдог. Энэ бол бүтэн долоо хоног үргэлжилсэн Пеббл Бич Конкоурс д’Элеганс /Pebble Beach Concours d’Elegance/ автомашины буяны үйл явдлын хаалтын үйл ажиллагаа юм. Ойролцоогоор 15,000 оролцогчид оролцдог энэхүү фестивалийн энэ жилийн үйл явдлын нээлтийн үеэр Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Гурван том /German Big 3/ компаний нэг болох BMW компани өөрийн супер машинуудын залгамжлагчдын дүр төрхийг илтгэсэн шинэ хоёр хаалгатай 4-цувралынхаа концепци загварыг олноо харуулжээ. 2014 оны 1-р сард болох Детройтын авто шоунаа үйлдвэрлэлийн хувилбар нь тавигдах энэхүү М4 загвар нь хоёр хаалгатай М3 загварын үргэлжлэл бөгөөд бараг дуусах шатандаа орчихоод байгаа аж. Одоогоор М4-ийн арьсан доор ямар ‘араатан’ хүрхрэхээр зэхэж байгаа нь тодорхойгүй ч мэргэжилтнүүд 335i, 435i зэрэг загваруудад тавигдсан N55 хөдөлгүүрийн илүү хүчирхэг садан болох 3.0 литрийн багтаамжтай S55 хөдөлгүүр байж магадгүй гэж таамаглаж байгаа юм.



















