2011 Toyota Highlander/Kluger

0

2011 Toyota Highlander/Kluger

Уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе.

Шинэ Хайлендерыг эзэмшиж буй хүний зүгээс сэтгэгдлээ хуваалцахаар шийдлээ, хэн нэгэнд нь сонголт хийхэд тус болох байх, хэн нэгэнд зүгээр уншихад ч сонирхолтой байх биз.

Өмнөх үг

Энэ машиныг жил хагасын хугацаанд унаж байна, ард 20,000км зам үлдсэн. Сэтгэл санаа тайвширч бүх эмоциуд дарагдсан, энэ машины бүх давуу болон сул талуудыг илрүүлсэн. Гэхдээ хэн нэгэнд тэрхүү сул талууд нь сул ч биш байж болох юм, хувь хүний зүгээс яаж харахаас шалтгаална шүү дээ.

Шинээр нь салоноос авч байсан, дилер дээрээс нь нэмж $5000 долларын нэмэлт эд ангиуд суурилуулсан, надад хэлэхдээ “нэг бол нэмэлт эд хогшилтой ав, нэг бол 6 сар хүлээх болж дээ” гэсэн. Гишгүүр, урд хойд гүүперийн хамгаалалт, Вебасто, хөдөлгүүрийн ган хамгаалалт, их гэрлийн “нүдний шил”, амиа хорлох шавьжнуудаас хамгаалагч хар хуванцар, хаалганы бариулын доод хэсэгт хамгаалалтын наалт, салхи сөрөгч зэргийг суурилуулсан даа. Жил хагас өнгөрсний дараа нэмэлт тоноглолд зарцуулсан ганц долларт ч харамсахгүй байна: бүгд хэрэг болсон, өдөр тутмын амьдралд ашиг тустай. Гүүперын хамгаалалт бол хэнд ч хэрэггүй, илүү зүйл гэж боддог байлаа… Нэг өдөр хойноос нэг навс болсон БМВ-тэй тажикистан залуу ирж мөргөхөд л ямар хэрэгтэй зүйл болохыг ойлголоо доо. Оросоор яая даа л гэж ярьдаг, халтардуу царайтай… Зөвхөн төмөр хоолойг л зурж орхисон, энэ байгаагүй бол ч номер тогтоогч “гоёлын” урт боолтоороо миний гүүперийг цоолох байсан. Урд гүүперын хамгаалалт өвөл их хэрэг болсон, цасаар явахад илүү дутуу мөчирийг хамгаалалт цуглуулж, харин гүүпер бараг шинээрээ үлдсэн. Манай Красноярск хотод зам дээр аймшигтай их чулуутай. Өвөл хальтиргааны эсрэг ухааны юм яриад баахан хайрга асгаж орхино, за тэгээд нөгөөдүүл нь салхины шил рүү нисч өгнө дөө. Хоёр ч удаа цонхоороо чулуу “барьж” авсан, засварт янзлуулсан. Харин капот дээр ямар ч өө сэв байхгүй шүү! Шавьжны хар хамгаалалт ажлаа сайн хийж байгаа, өөрөө хөөрхий энд тэндээ хагарчихсан. Гишгүүрүүд маш хэрэгтэй зүйл, сууж буухад маш хялбар болгож өгдөг, гэхдээ клиренс (газраас их биеийн хамгийн доод цэг хүрэх зай) бага болдог учир өвөл жижиг сажиг зүйлс шүргэж л явлаа. Бариулын доодох наалт мөн л хэрэгтэй зүйл, хумснаас үлдсэн зураас гарахгүй. Харин тэр их гэрлийн “нүдний шил” гэж нэг огт хэрэггүй зүйл байна – завсраар нь шууд л хог, шавар орно, салгаж угаадаг, гэхдээ би ихэнхдээ тэр чигээр нь л явдаг, залхуу хүрээд байдаг юм. Ингээд ерөнхийдөө бол бүгд л хэрэгтэй зүйлс, ийм зүйлд мөнгө зарцуулахад харамсах зүйл алга дөө.

image

Аа, нээрэн тийм, өмнөх машинуудаа дурдахаа мартаж! Highlander-аас өмнө байсан машинууд: 2000 Toyota Corolla (1.5L), 2001 Honda Accord (2.0L), 2004 Honda Accord (2.4L), 2004 Toyota Kluger (3.0L), бүгдээрээ буруу жолоотой. Ер нь бол туршлага байгаа, багагүй ч гэж хэлмээр байна. Одоо хүртэл Хондануудаа “дулаахан” дурсамжаар боддог, хоёулаа сайхан машин байсан, гэхдээ арай өндөр, бүх дугуй нь “эргэдэг” машин хүссэн. Kluger маш сайн, найдвартай машин, асуудал гаргадаггүй, ямар ч хүйтэнд асдаг, тийм ч учраас ер нь Highlander луу анхаарлаа хандуулсан даа. Миний хувьд найдвартай чанар машин сонгох үед хамгийн чухал хүчин зүйл болж “хөтөлдөг”, засварт хонох шахаж, сэлбэг хэрэгслийг нь хэдэн сар хүлээж суух хүсэл алга. Жишээ нь, хамаатны нэг ах маань Touareg-тэй, гүйлт 12,000км, помпыг баталгаагаар сольж суурилуулсан… Энэ чинь яаж байгаа юм бэ? Цаашид яах юм бэ? Ер нь наад машин чинь 100 мянга явж чадах уу? За тэр ч яах вэ, гол асуудалдаа оръё.

Шинэ Highlander Камри-ийн платформ дээр үндэслэн хийгдсэн гэж ер нь хэн, хаана яриа тараагаад байна аа? Хуучин Kluger/Highlander бас л Camry-тэй хамаатан уу? Техникийн зүгээс бол Kluger болон шинэ Highlander адил төстэй, амортизатор бол яг адил, зүгээр шинэ Хай арай л том хэмжээтэй. 3.5L V6 хөдөлгүүр Camry-аас уламжлагдсан нь үнэн, гэхдээ үүнээс өөр Камритай адил байхгүй гэж би боддог. Энэ бол яг л хуучны танил Клюгер, амортизатор нь Harrier/Lexus RX-тэй адил, ер нь жолоодлогоороо ч тэр. Салон бол зөвхөн жолооны хүрдээрээ Camry-тай адил (угаасаа ч Камри-ийн хүрд мөн юм чинь дээ), агааржуулалтын удирдлага, хөгжим тэс ондоо. Highlander-ийн агааржуулалтын системийн удирдлага маш том товчлууруудтай – алдана аа л гэж байхгүй.

Санамсаргүй Youtube дээр Хайландерыг тестлэж буй бичлэг үзсэн. Хүндэт “сэтгүүлчид” ээ! Та нар машин тестлэж бүх нийтийн сүлжээнд нийтлэхээсээ өмнө уг машинаа сайтар ойлгож байгаад бичлэгээ хийж байхыг хүсмээр байна. Сэтгүүлч жолооны ард суугаад жолооны хүрдийг зөвхөн дээш доош л тохируулж болдог юм байна шүү дээ гээд л суух юм… Өөр лүүгээ татаж үзэх ухаан байдаггүй ээ?? Өөр лүүгээ татах? Тохируулж болно оо! Дараа нь шарвалтын эсрэг системийг унтраах боломжгүй л гэх юм. Тестийн өмнө машиныхаа “номыг” унших нь заяа биш ээ? Жолооны хүрдны баруун талд товчлуур байгаа шүү дээ! Тав дахь хаалганы автомат систем сонин ажиллагаатай, онгойх/хаахыг салоноос удирдана, харин гаднаас зөвхөн автоматаар хааж болно, онгойлгоход гараараа онгойлгох хэрэгтэй… Түлхүүр дээр чинь онгойлгох товчлуур байгаа! Товчлуур дараад л хаалга онгойчихно. Ер нь тэгээд л хаясан даа, янз бүрийн “тест-драйв” гэх нэртэй юм үзэхээ ч больсон.

Highlander – энэ бол цаг хугацаагаар шалгагдсан техникийн бүтэц, арай том, сайжруулсан Kluger гэсэн үг. Хөдөлгүүр 3.5л, хий хуваарьлалтын систем гинжин хүчлүүртэй, 5 шатлалт хурдны хайрцаг. Найдвартай бөгөөд шалгагдсан – энэ хүчин зүйлүүд л шинэ Highlander сонгоход түлхэц болсон. Миний үзэж буйгаар гол сул тал нь яг л хуучин Harrier/RX-тэй адил – хурдны хайрцгийн хөргөх радиатор зүүн урд дугуйны урд талд байрладаг, агааржуулалтын “завсрууд” яг дугуйны эсрэг талд байгаа. Ухрахад, за тэгээд урагшаа явахад ч тэр хог, тоос, шавар шавхай ихээр шидэгддэг. Ойр ойрхон цэвэрлэж байх шаардлагатай, эс тэгвээс хуучин Харриер/ЭрИкс-үүдтэй адил хурдны хайрцаг халж эвдрэл үүсэх аюултай. Үнэхээр өөр байрлуулах газар олдоогүй гэж үү? Ер нь тэгээд анхааралтай байх л хэрэгтэй юм даа.

Хайландер авахаас өмнө олон тооны өөр хоорондоо адилгүй машинуудыг тест-драйв хийсэн. Яагаад шинэ машинуудыг хүссэнээрээ унаж болохгүй гэж? Герман, солонгос, япон, бүгдийг үзсэн. Audi Q5, Volvo XC60 машинууд их таалагдсан. Маш сайн машинууд, Вольво-г авъя уу ч гэж бодож байлаа, гэхдээ заяа минь өөр юм даа. Энэ бүх тестийн дараа яагаад бүгд “германчуудад” дуртай байдгийг ойлгосон. Би тэр Q5-аас буухыг хүсэхгүй байсан! Бүх юм нь өндөр төвшинд, янзтай. Нөгөө талаас манай орны өвөл, нөхцөл байдалд найдвартай байж чадахгүй. Хөрөнгө мөнгө ихтэй, дарагдахаар их, овоолсон, хүрзээр ухмаар, экскаватороор овоолмоор их болсон цагт л герман машин өөрийн таашаалд тохируулж авна аа. Тэгээд бас нэг япон машин, яахав дээ, герман нь засварт байхад унахгүй юу:) Ахдаа хэлж л байсан, Туарег авах хэрэггүй ээ, даан ч намайг сонсоогүй. Өвөл зовж байгаа, за тэгээд помпоо солиод л…

HIGHLANDER.

За илүү дутуу зүйлээ багасгаад машиныхаа тухай бичье. Хөдөлгүүрээс эхэлье.

3.5л, 273 морины хүч. Хурд авалт сайн, ямар ч үед хангалттай, за ямар ч байсан надад бол хангалттай – хурд хүч дутагдах тийм тохиолдол ганц ч тохиолдоогүй. Ямар ч хурдаас ямар ч гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд асуудалгүй. Хотод ч нэг газар хурдхан “буудах” хэрэгтэй бол “Май!” гээд л хурдлана. Ер нь бол энэ хөдөлгүүр яг л сайхан таарсан зүйл. Хамгийн том сул тал нь шатахуун зарцуулалт. Шулуунд бол хурд түгжигчээ (cruise control) ажиллуулаад 120-140 км/ц хурдтай явахад 10л. Харин хотод 20-22л! Юуны чинь 15-16 литр вэ? Ийм зарцуулалттай байгаа бол эрхэм та нар яаж тэгж унаад байна аа? Хэрэв түгжрэлд гэр-ажил-гэр гээд яваад байвал 20л. Хэрэв сэлүүхэн үед яваад байвал 18 болж багасна, гэхдээ би 16 хүргэж ёстой үзээгүй. За тэгээд ч гайхах зүйлгүй юм даа, Клюгер яг л тэгж иддэг байсан. Ерөнхийдөө хэлэхэд шатахуун дээр хэмнэх хүсэлтэй байгаа хүмүүст энэ машин тохирохгүй, гэхдээ үнэхээр энэ машин таалагдаж байгаа бол Hybrid хувилбарыг авч болно.

image

Хурдны хайрцаг

5 шатлалт автомат. Ерөнхийдөө маш зөөлөн, сэргэлэн төхөөрөмж. Түүний ажиллагаа намайг ерөөсөө бухимдуулдаггүй, гэхдээ мэдээж “бодлогоширох” тал байгаа шүү. Жишээ нь, эргэлт рүү дөхөж ирээд тоормос! Эргэлт рүү орлоо! Хааз! Автомат бодоод эхэллээ! Харвалаа! Цааш нислээ! Бодлогоширох тал бол ер нь байгаа, яарах үед их анзаарагдана, гэхдээ хэт удаан биш шүү. Highlander хурдан, гэнэтийн хөдөлгөөн хийсэн жолоодлогод тохиромжгүй, тэр өөр зүйлд зориулагдаж бүтээгдсэн. Энгийн горимд шатлал солих нь зөөлөн, мэдрэгдэхгүй, чимээгүй.

Амортизатор.

Амортизатор тохилог, ганхалт дунд зэрэг, эргэлтэнд тийм ч “аймаар” биш. Интернетэд урд амортизатор донсолгоонд “нүддэг” талаар уншиж байсан. Тийм ээ, цохидог. Машинаа авснаас 5 сарын дараа анх удаагаа сонсож илрүүлсэн. Өвлийн замд ямар нэгэн “овгорын” өмнө тоормослож амжихгүй бага зэрэг харайх “шаардлага” гардаг. Тэр үед урд амортизатор хязгаарлагчдаа тулж цохидог. Яахав дээ, богино сунадаг амортизатор байна, ийм горимд суналт нь хангалтгүй л байна. Хотод тэрийг тэгж цохитол явна гэхээр толгойд багтахгүй л байгаа юм. Миний ойлгож байгаагаар тэр бол “захиалгат нийтлэл”. Энэ машиныг муулах, доош хийх зорилготой. Тойота хэтэрхий их машин зараад байна, бидэнд бас худалдан авагчид хэрэгтэй гэж бусад компаниуд бодож “захиалсан” биз. Надад бол энэ цохилт саад болохгүй байна, учир нь…цохихгүй байна шүү дээ! Яалт ч үгүй үед өвлийн зам дээр харайж цохих байх, гэхдээ би байнга тийм замаар явдаггүй, тиймээс надад ямар ч хамаа байхгүй.

image

Жолоодлого.

Хай холын аялалд зориулсан машин, маш тухтай. 1500 гаруй км түүхэн эх орон луугаа аялал хийсэн. 1200 нь энгийн зам, үлдсэн нь – өнөөх өвлийн засмал бус зам. Шулуунд яг л наалдсан юм шиг явдаг, ямар ч найгалт, ганхалт байхгүй, засмал замын дээгүүр нисэж байгаа юм шиг л, 140 км/ц хурдтай явж байхдаа кофе тайван уусан ч болно. Арын суудлыг хураагаад бүхэл бүтэн ор үүсч байгаа юм. Эхнэр хүүхэд маань замын турш яг л галт тэргэнд юм шиг унтаж явсан. Клиренс ерөнхийдөө бол хангалттай, хотод хангалттай… Харин засмал биш цастай зам дээр шүргээд л, зураад л… Гэхдээ байнга ийм замаар явахгүй учир надад нөлөө байхгүй. Гүнзгий цас, шавар зэргээр Хай маш сайн явж байна, гэхдээ мэдээжийн үнэхээрийн айдас төрөхөөр газраар яваагүй, явах ч бодол байхгүй. Ерөнхийдөө их найдвартай, итгэлтэйгээр зам гаргаад явна, бүх дугуйн хөтлөгч бол сайхан эд шүү. Хөндлөн өргөж аль нэг дугуй хөндийрсөн цагт Хай бараг л аргагүй болдог. Шарвалтын эсрэг системийг унтраавал бага зэрэг нэмэр болох л байх. Хай бол жийп биш, зүгээр л гэр бүлийн кроссовер, том бөгөөд эвтэйхэн. Тиймээс түүний явах зориулалтгүй газраар явж зовоох хэрэггүй.

image

Салон.

Ерөнхийдөө салон их тухтай, зай сайтай, удирдлагын бүхий л товчлуур, мушгиурууд байх ёстой газраа байдаг, дасал дадал болгох гэж хичээх шаардлагагүй. Маш олон жижиг сажиг зүйлийн халаас, савнууд бий. 2-р эгнээг хураавал тээшиндээ заан ч хийгээд явж болно. Материалын чанар дунд зэрэг, хуванцар нь хатуу, амархан зурагдана. Гэхдээ хүрэхэд их таатай гадаргуутай. Дажгүй ажилладаг GPS-ээс эхлүүлээд ухрах камер болон Bluetooth системтэй – утсаа нэг таниулсан байхад үргэлж автоматаар холбогдоно, утсаа барьж ярихгүй их эвтэйхэн. Суудлууд, цонх арчигч, тольны халаагчууд маш хэрэгтэй зүйлс. Тоноглолд байхгүй бөгөөд намайг их гайхшруулдаг зүйл бол гараар хураах гаднах толь. Япончууд яагаад энэ хэдэн мөнгөний функцийг хийгээгүй юм бэ? Би ойлгохгүй юм. За хэдэн мөнгө хэмнэлээ, тэгээд бид нар одоо шавартай толийг гараараа хураах болж байна уу? Клюгерынх автомат байсан шүү дээ. Ксенон бас байхгүй… Япончууд та нар хэдэн төгрөг хэмнэв дээ?

Савхи “шиг” доторлогоо ерөөсөө таалагддаггүй. Яагаад “шиг” гэж үү? Яагаад гэвэл энэ чинь савхи биш, дуураймал. Байж болох бүхий л газар, хэрэв анзаарагдахгүй бол даавуугаар ч орлуулна. Суудлууд ч бас тиймэрхүү, нуруу нь ерөөсөө л хавтгай гэсэн үг, эргэлт дээр суудлаасаа халихгүйн тулд хөлөөрөө сайн тулах хэрэгтэй. Машины суудал гэхээсээ гэрийн кресло гэвэл илүү тохиромжтой. Өвөл бас нэгэн сул тал илэрсэн: урд суудлын нурууны доод хэсгээс “савхины” агааржуулах жижиг нүхнүүдээс үсэрхэг зүйлс “ургаж” эхэлсэн, эр хүний сахалтай их төстэй. Би одоо тэгээд яах вэ? Сахлаа авахдаа гарч ирж бас суудлынхаа сахлыг хусах юм уу? Миний ойлгож буйгаар энэ нь суудал халаагч болон бүрээс хоорондын тусгаарлагч байх. Урд суудлууд хоёулаа ийм, ард харин асуудал байхгүй. Өөр сул тал илрүүлээгүй, бүх зүйл эвтэйхэн, таалагдаж байна. Keyless шийдэл бас их таалагдсан. Аль хэдийн хэрэглээд дадал болсон учир дараа дараагийн машинаа энгийн түлхүүртэй бол авахгүй. Урд шилний баганууд өргөвтөр мэт санагддаг, эргэлт дээр давуулж харах хэрэгтэй. Жолооны цахилгаан хүчлүүр бас таалагдаж байна, яг л хэрэгтэй гэсэн “жинг” өгдөг. Жолооны хүрдийн хэмжээ ч яг тохирсон. Агааржуулалтын систем сайн, өвөл хурдан дулаацаж, зун хурдан сэрүүцдэг. Нийт гурван бүстэй, тус тусд нь тохируулж болно.

image

Сул талууд.

Дээврээс арын эгнээ рүү үлээх агааржуулалтын хоолойноос өвлийн цагт хүйтэн агаар үлээх юм. Удирдлага дээр ямар ч хэм тавьсан байсан ямагт хүйтэн агаар. 10,000км ээлжит үзлэг ойртож байсан учир дилерийн ажилчдад үзүүллээ. Үзлэгийн дараа тэд намайг урьж халаагч ямар ч асуудалгүй ажиллаж байна, бид ямар ч засвар хийгээгүй гэв. Хамгийн хүйтэн дээр тавилаа – хүйтэн, хамгийн халуун – халуун. Сонин юм даа гэж бодоод яваад өглөө. Маргааш нь машинаа хотоор унаж байгаад сайтар дулаацсаны дараа дахин шалгаж үзэхээр болж асаатал бас л хүйтнээр үлээж байх юм аа. Энэ яаж байгаа юм бэ? Гадаа бага зэрэг дулаартал зүгээр үлээж эхэлсэн. Тэгэхээр гадаа хүйтэн байх үед дээврээр явж буй агаар хөрж амжаад хойлооноос гарахдаа хүйтэн гарч байна гэсэн дүгнэлт хийлээ.

Бас нэгэн сул тал – арын гэрэл хөлөрч байна. Хүйтэнд бүр цасан ширхгүүд үүсч байсан. Ер нь бол битүүмжлэл муу л байх шиг байна. Дилер дээр “бага зэргийн хөлрөлт зүгээр, харин цаашид улам муудаж эхлэвэл хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Би ч тэгээд мартчихсан даа. Зун хөлрөхгүй юм чинь. Ингээд л миний илрүүлсэн сул тал, асуудлууд дуусч байгаа юм. Бусад зүйлс яг л швейцар цаг шиг ажиллаж байгаа. Хөдөлгүүр нэг грамм ч тос идэхгүй, төвшин нь яг л зурсан юм шиг хаашаа ч хөдлөхгүй.

Дүгнэлт.

Бараг 2 жил энэхүү автомашин үйлдвэрлэлийн гайхамшгийг эдэлсний эцэст өөрийн сонголтоо зөв хийсэн хэмээх дүгнэлт тавьж байна. Энэ машин надад бүх тал дээрээ таалагдаж байна. Дээр дурдсан жижиг дутагдлууд бол юу ч биш, давуу тал нь хэдэн арав дахин их. Одоохондоо Хайландер-ийг орлох машиныг харахгүй байна, гэр бүлийн хувьд төгс машин, хэзээ ч намайг “хөсөр хаяхгүй”, би түүнд 100% итгэж байна. Одоохондоо ямар нэгэн өөр машинаар солих ямар ч бодол алга, 100, 150 мянган км хөлөглөх баталгаатай. Дараа нь тэгээд солих л байх, тэр үед ч тэгээд Хайландер-ын шинэ генераци гарч ирэх байлгүй. Харин хэрэв санхүүгийн бололцоо дажгүй байвал том далайж Lexus GX460 авч магадгүй дээ.

Дээр дурдсан бүх зүйл бол миний хувийн үзэл бодол, өөрийн үзэл бодлыг хэнд ч тулгаж шахах хүсэл алга, энэ машиныг сурталчлахгүй байна, зөвхөн өөрийн сэтгэгдлээс л хуваалцаж байна. Авах авахгүйгээ зөвхөн та өөрөө л шийднэ. Дуустал уншсанд маш их баярлалаа.

За ингээд боллоо. Та бүхэнд хамгийн сайныг л хүсье. Ширхэг ч хадаас зам дээр тань тааралдахгүй байх болтугай. Сэтгэлээсээ бичсэн шүү.

8
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *