Оросын нэрт жүжигчин Людмила Гурченко таалал төгсчээ

0

Оросын нэрт жүжигчин Людмила Гурченко таалал төгсчээ

1982 оны “Буудалд учирсан хоёр” кинон дахь Вера хэмээх үйлчлэгч бүсгүйн дүрээр та бидний эртний танил болсон Оросын алдарт жүжигчин, поп дуучин Людмила Гурченко 2011 оны 3-р сарын 30-ны өдөр 75 насандаа таалал төгсчээ. Оросын театр, киноны нэрт жүжигчин тэрээр энэ оны 2-р сард гэрийнхээ гадаа халтирч унан ташаагаа гэмтээсний улмаас хагалгаанд орж, 3-р сарын эхээр эмнэлгээс гарсан байсан ба зүрхний шигдээсээр өөд болсон түүний үхэлд мэс заслын дараах хүндрэл нөлөөлсөн байж болзошгүй гэж эмч нар үзэж байгаа ажээ. ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин нар нэрт жүжигчний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд Людмила Гурченкотой хийх салах ёслол маргааш буюу 4-р сарын 2-ны баасан гаригт Москва хотноо болж, Новодевичье оршуулгын газарт оршуулах юм байна.

1935 оны 11-р сарын 12-нд Гурченкогийн гэр бүлийн ганц охин болон мэндэлжээ.

1953 онд Бүх Оросын кино урлагийн их сургуульд элсэн орж, таван жилийн дараа сургуулиа төгсөж, 1964 оныг хүртэл театр-студийн жүжигчнээр ажиллажээ.

1964-1966 онд Современник театрт жүжигчнээр ажиллаж байх хугацаандаа олонх үзэгдэлд голчлон туслах дүрийн жүжигчнээр тоглож байсан ба 1956 онд Ян Фридийн “Yнэний зам” кинонд анхныхаа дүрийг бүтээсэн байна.

1956 онд кино найруулагч Э. Рязанов жүжигчин Гурченкод “Багт наадмын шөнө” хэмээх хөгжимт, инээдмийн киноны гол дүр Лена Крыловагийн дүрийг санал болгожээ. Киноны зураг авалт ердөө тавхан сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд дэлгэцэнд гарсан даруйдаа жүжигчин бүсгүйд гайхалтай нэр алдар, ялгуусан амжилтыг дагуулсан байна. Киноны “Таван минут” нэртэй дуу нь улс орон даяар эгшиглэж, жүжигчин бүсгүйн хоолойн чадал, царааг гайхуулжээ.

1958 онд бүтээсэн бусад кинонууд ч бас түүний гарамгай авьяас чадварыг илтгэн харуулснаас “Гитартай бүсгүй” киноны Таняг бүр ч онцлон дурдууштай юм. Энэхүү кинонд тэрээр сайн сайхан, баяр хөөрт итгэн тэмүүлдэг, чин үнэн сэтгэлтэй залуу бүсгүйн дүрийг гайхалтай гаргажээ.

1961 онд “Гулящая” мелодрам, “Балтийское небо”, 1966 онд “Рабочий поселок” драм, 1960 оны дайны сэдэвт “Роман и Франческа” драм, 1965 оны “Женитьба Бальзаминова” инээдмийн жүжиг, 1963 оны “Укротители велосипедов” хэмээх спортын сэдэвт инээдмийн кино зэрэг олон алдартай дэлгэцийн бүтээлүүдэд дүрээ мөнхөлжээ.

Гэсэн хэдий ч 1960-аас 1970-аад оны эхэн үе хүртэл Гурченкогийн он жилүүд нилээд анзаарагдамгүй өнгөрсөн гэхэд болно. 1973 онд “Старые стены” мелодрамд байгууллагынхаа бүтээгдэхүүнд бүхнээ зориулсан, өөрийгөө огтхон боддоггүй сүлжмэлийн үйлдвэрийн даргын дүрийг бүтээсэн нь түүний бас нэгэн гайхалтай дүр байжээ.

1970 онд хөгжимт кинонуудад ажилласан явдал нь түүний гадаад үзэмжийг тэр чигт нь өөрчилсөн гэхэд болно. 1972 онд “Табачный капитан”, 1973 онд “Цирк зажигает огни”, дараах жил нь “Соломенной шляпка”, 1975 онд “Небесных ласточках”, 1976 онд “Мама” болон бусад кинонуудад тогложээ.

“Мама” хөгжимт кинонд тоглосон бөгөөд киноны зураг авалтын үеэр алиалагч Олег Попов жүжигчин эмэгтэйн дээрээс унаснаар түүний хөлийн хуруунуудынх нь нэг хугарч, зураг авалтыг гипстэйгээр дуусгаж байжээ.

Людмилагийн хувьд жүжиглэхээс гадна дуулах гайхалтай авьяастай байсан боловч тэрээр драмын дүрүүд бүтээхийг илүү их хүсдэг байсан төдийгүй дүрүүдээ ч авч чаддаг байв.

1981 оны “Любимая женщина механика Гаврилова” мелодрамын Рита болон 1982 оны “Вокзал для двоих” киноны Вера дүрүүдээрээ Манил болон Ленинградад болсон кино фестивалиас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж байлаа.

1983 онд Советский экран сэтгүүлээс гаргасан жагсаалтанд оны шилдэг эмэгтэйгээр бичигдэж байсан байна.

Зөвлөлтийн кино урлагийн задралын үе буюу 1990-ээд оны үед энэ жүжигчин эмэгтэй цөөвтөр кинонд тоглосон бөгөөд сайн кино санал болгох нь нилээд ховордсоноос гадна тэрээр өөрєє ч бас киногоо нилээд шалгууртайгаар сонгох болсон байна. 1994 онд Прохиндиада 2 кинонд бие даасан эмэгтэйн дүрийг дахин чадварлагаар амилуулсан байна. 1990 болон 1992 онд Нелюдь, Белые одежды гэсэн кинонуудад эрх баригчдын даалгавраар тоглосон ч тэрээр тухайн үеийн Оросын албан тушаалтнуудын даалгаврыг гүйцэтгэхээс үргэлж татгалзаж ирсэн бөгөөд ингэснээрээ хязгаарлагдмал, боогдмол байдалтайгаар байдаг байжээ.

Тэрээр үргэлж шинэ, ер бусын дүрийн эрэл хайгуулд явдаг байв.

2000 онд жүжигчин Гурченко найруулагч Э.Рязановын бас нэгэн кинонд тоглосон нь “Старые клячи” кино байжээ.

Гурченкогийн карьераас дуулах урлагийг орхигдуулж болохгүй юм. Тэрээр тайзан дээр дуучнаас гадна тайз зохион байгуулагч, костюм дизайнер, найруулагч байжээ.

Жүжигчин Гурченко 1982 онд “Моё взрослое детство” нэртэй номоо хэвлүүлсэн бөгөөд түүний дараа 2003 онд “Аплодисменты” болон “Люся, стоп!” гэсэн номнуудаа хэвлүүлжээ.

Тэрээр 1983 онд “Рецепт ее молодости” хэмээх кинонд тоглосон ба хэд хэдэн удаа гоо сайхны мэс ажилбарт орж байсан гэдгээ хэнээс нуугаагүй юм. Түүнийг Оросын алдартнуудын дундаас гоо сайхны хагалгаанд орсон тоогоороо нилээд дээгүүрт тооцогддог гэдэг бөгөөд нийтдээ 17 удаа гоо сайхны мэс ажилбарт орсон гэлцдэг аж. Гэхдээ сүүлийн жилүүдэд түүнд эмч нар түүний насны хүнд энэ нь аюултай зүйл гэдгийг сануулах болсон байна.

Людмила Гурченко 2010 оны 11-р сарын 12-нд 75 насныхаа төрсөн өдрөөр хөгжмийн ертөнц дэх хамгийн сүүлийн тоглолтоо хийж гүйцэтгэсэн бөгөөд “Марковна. Перезагрузка” гэсэн шоу тоглолт байжээ.

Түүний анхны нөхөр Борис Андроникашвили нь кино зохиолч, түүхч хүн байсан ба Гүржийн найруулагч нар болох Георг болон Эльдар Шенгела нарын хамаатан зохиолч Б. Пильнякагийн хүү байжээ. Тэд 1959 онд Мария гэдэг охинтой болсон бөгөөд Елена нэртэй ач охинтой болсон байна. Гурченкогийн хоёр дахь нөхөр бол жүжигчин Александр Фадеев байсан байна. Гурав дахь нөхөр нь Зөвлөлт Оросын эстрадын дуучин Иосиф Кобзон, харин дөрөв дэх нь хөгжимчин, жүжигчин Константин Купервейс байжээ. Тав дахь буюу хамгийн сүүлийн нөхөр нь продюсер Сергей Сенин байсан байна. Тэд “Секс-сказка” киноны зураг авалтын үеэр танилцжээ.

Оросын урлагт гайхалтай авьяас, хөдөлмөрч, үнэнч шударга зан чанараараа нэр алдар, дүр төрхөө мөнхлөн үлдээсэн жүжигчин Людмила Гурченко бүтээсэн дүр болон дуулсан дуугаараа олон арван нэр хүндтэй шагналуудын эзэн болж байжээ.

2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. TuRuu0917

    2011/04/01 at 14:02

    [b]Эмэгнэл илэpхийлье[/b] :260:

    [ Зассан: TuRuu0917 , өдөр 2011/4/1 14:09 ]

  2. Crunch

    2011/04/01 at 14:19

    haransaltai l ym :-(

  3. bbbold_b

    2011/04/01 at 15:34

    hmmmm

  4. muty

    2011/04/01 at 16:40

    gaihaltai jujigchin shuu. haramsaltai

  5. teen

    2011/04/01 at 18:12

    shhhhhhhhhhhh chavaaaaaaaaaas daaaaaaaa

  6. hishigee_0831

    2011/04/01 at 20:09

    :( :(

  7. trojan08

    2011/04/01 at 20:33

    bi lav sansoj bgagui jujigchin bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *