Шинжлэх ухаан учрыг нь тайлсан 10 нууц

0

Хөдөлдөг чулуу, анаашийн хачин хөл, дуулдаг элсэн манхан, тахийн судал, далайн үүсэл… Энэ удаа сүүлийн хэдэн жилд учрыг нь тайлсан хэд хэдэн нууцуудыг танилцуулъя.

1. Үхлийн хөндий дэх чулуу яаж хөдөлдөг вэ?

Чулуу хөдөлж, явдаг сонин үзэгдэл Калифорнийн Үхлийн хөндийд ажиглагддаг билээ. Үл мэдэгдэх нэгэн хүч 300 кг хүртэлх жинтэй чулуунуудыг газраар чирч хөдөлгөх ба үүний ул мөр элсэн дээр тодоос тод үлддэг. Саяхан болтол хэн ч энэ явдал яаж болдгийг хараагүй, учрыг нь ч мэдэхгүй байлаа.

Шинжлэх ухаан учрыг нь тайлсан 10 нууц 1

2011 онд хэсэг судлаачид тусгай камер, салхи хэмжих цаг агаарын станц, GPS зэргийг байрлуулан ажиглалт хийж эхэлжээ.

2013 онд анхны үр дүн гарсан байна. Цас борооны ус хатсан ёроолд цуглан 7 см ус тогтох ба шөнө хүйтрэхэд ус хөлдөж мөс болно. Зөөлөн салхи мөсийг хөдөлгөж эхлэх ба энэ мөс нь чулууг усны ёроолоор зуран түлхэнэ. Ул мөр нь нуурын ус хатах буюу хэдэн сарын дараа ил гарч ирнэ. Зөвхөн бүх зүйл дээрх байдлаар уялдсан нөхцөлд л чулуу хөдөлдөг нь ойлгомжтой байх.

2. Анааш яаж энэ нарийхан туяхан хөл дээрээ зогсож чаддаг байна?

Тонноор хэмжигдэх жинтэй анаашийн хөл дэндүү туяхан. Гэвч энэ хөлийн яс хугарч гэмтэлгүй тэсээд байдгийн нууц юу вэ?

Шинжлэх ухаан учрыг нь тайлсан 10 нууц 2

Үүнийг мэдэхийн тулд судлаачид үхсэн анаашийн ясанд тусгай рам хийж түүн дээрээ 250 кг ачаа зүүжээ. Яс зүв зүгээр.

Учир начир нь ясанд өвөрмөц байдлаар байрлах фиброз хэмээх эдэд байсан байна. Энэ фибриоз нь уян бөгөөд булчин шиг ачаалал авахгүй, ачаалал даах үйл явцад хамаарал багатай гэмээр. Гэхдээ энэ механизм нь амьтныг амархан ядрахгүй байхад их нөлөөлөх ба үүний үр дүнд тэр их ачааг даах гэж булчин хэт их ажиллахгүй байх боломжтой болдог байна. Мөн фибриоз нь анаашийн хөлийг элдэв хугарал, гэмтлээс хамгаалдаг ажээ.

3. ”Дуулдаг” элсэн манхан

Энэ дэлхий дээр чанга дуу авиа гаргадаг, зарим нь виолончелийн дуу шиг авиа гаргадаг 35 элсэн манхан бий. Энэ дуу чимээ 15 минутын турш үргэлжлэх нь байх бөгөөд 10 км хүртэл газар сонсогддог. Зарим нь хааяа л “дуулдаг” бол зарим нь өдөр бүр.

Судлаачид анхандаа гадаргуутай ойрхон байх элсний давхрагийн чичиргээ ийм дуу гаргадаг байж болно гэж таамаглаж байжээ. Гэтэл удалгүй элсийг зүгээр л доош урсгахад дуу гардаг болох нь мэдэгдсэн байна. Энэ нь гадаргуу ямар ч хамаа байхгүй харин элс өөрөө “дуулдаг” болохыг тогтоож өгчээ. Дуу чимээ нь бөөн бөөнөөрөө урсах элсэн ширхгийн чичирхийллээс үүсэх ба дууны давтамж ширхэгийн хөдөлгөөний хурднаас хамааралтай юм байна.

4. Тагтааны Бермудын гурвалжин

1960-аад оны үед тагтаа хэрхэн гэрээ олдог талаар судалгаа хийж байсан Корнелийн их сургуулийн профессор нэгэн жигтэй үзэгдлийг ажигласан байна. Тэрээр Нью-Йорк мужийн янз бүрийн хэсгээс тагтаа тавьж нисгэх ба Жерси-Хилээс бусад газраас тавьсан тагтаа гэрээ төвөггүй олж байхад Жерси-Хиллийнхэн байнга алга болж байв.

Шинжлэх ухаан учрыг нь тайлсан 10 нууц 3

Нэгэн удаа туршилтанд орогч тагтаа гэрээ чадан ядан олж ирсэн боловч орчин тойрноо мэдрэхгүй эмх замбараагүй нисэж байжээ.

Хагас зууны дараа доктор Жонотан Хагструм нууцыг тайлсан ба “шувуунууд зүг чигээ компас, газрын зургийн тусламжтайгаар олдог” байна. Компас нь нарны байрлал, дэлхийн соронзон орон болох бол газрын зураг нь дуу чимээ болох ба чимээний ачаар гэрээсээ хэр хол байгаагаа тогтоодог байжээ. Хагструмын үзсэнээр шувуу хүн сонсохооргүй хэт нарийн буюу маш богино долгион бүхий дуу гаргах ба Жерси Хиллд цаг агаар болон салхинаас болж энэ дуу маш өндөр атмосферт тархан алга болдог учраас тагтаа гэрээ олохгүй байсан байна. Харин нэгэн удаа цаг агаар, салхи тохиромжтой үед тагтаа хэт нарийн авиагаа олж сонсон гэртээ ирсэн нь дээр дурьдсан тагтаа байсан билээ.

5. Австралийн цорын ганц галт уулын ер бусын гарал үүсэл

Австралид Мелбурнаас Гамбирийн уул хүртэл үргэлжилсэн цорын ганц галт уулын идэвхтэй бүс байдаг ба сүүлийн дөрвөн сая жилд 400 удаагийн галт уул сэрэх тохиолдол гарсан ба хамгийн сүүлийнх нь 5000 жилийн өмнө болжээ. Чухам юунаас болж орчин тойронд нь өөр ямар ч вулканик идэвх үгүй энэ газар галт уул сэрэх болсон шалтгааныг эрдэмтэд саяхан болтол тайлбарлаж чадахгүй байлаа.

Шинжлэх ухаан учрыг нь тайлсан 10 нууц 4

Ихэнхи галт уулууд газрын мантийн дээгүүр тогтмол нүүх тектоник хавтангийн захад байрладаг. Харин Австралид тивийн гүний өөрчлөлт өвөрмөц нөхцөл үүсгэснээр мантиас гарах дулаан гадаргуу руу чиглэнэ. Австрали маань өөрөө хойд зүг рүү нүүдэгтэй зэрэгцэхээр (жилд дунджаар 7 см) энэ тивд магм үүсгэх халуун цэг бий болсон байна.

6. Бохир усанд амьдрах загас

1940-1970 онуудад Массасчусетс мужийн Нью-Бедфордын боомт руу полихлоржсон бифенил бүхий үйлдвэрийн хог хаягдлыг шууд хаядаг байжээ. Энэхүү хэт бохирдсон боомтын биологийн нууцыг саяхан тайлсан байна.

Шинжлэх ухаан учрыг нь тайлсан 10 нууц 5

Хэдийгээр эндхийн ус маш их бохирдсон ч Атлантикийн фундулюс хэмээх загасны төрөл энд оршин байсаар байжээ. Энэ загас хордолт үүсгэх хооронд генетикийн түвшинд дасан зохицож чадсан учир хорны үйлчлэл нөлөөлөхгүй болсон байна. Энэ загас одоо бохир орчинд ихэд дассан учир цэнгэг усанд амьдарч чадахгүй биз ээ.

7. Усан доорх давалгаа яаж үүсдэг вэ?

Усан доорх давалгаа буюу дотоод давалгаа нь далай тэнгисийн гадаргуу дор болох учир бидний нүдэнд үл үзэгдэх билээ. Энэ давалгаа далайн гадаргууг хэдхэн сантиметр өндөрсгөх учир мэдрэхэд маш хэцүү, зөвхөн хиймэл дагуулын тусламжтайгаар л тодорхойлдог.

Шинжлэх ухаан учрыг нь тайлсан 10 нууц 6

Хамгийн том дотоод давалгаа Филипинн Тайванийн хооронд байх Лусон хоолойд үүсдэг ба 170 метр хүртэл өргөгдөж секундэд хэдхэн сантиметрийн хурдтайгаар ихээхэн зай туулдаг байна. Энэ үзэгдлийн учрыг тайлж чадсанаар дэлхийн цаг агаарын өөрчлөлтөд нөлөөлөх гол хүчин зүйлүүдийг тодорхойлж болно гэж эрдэмтэд үзэж байгаа билээ.

Дотоод давалгааны ус нь хүйтэн, давстай бөгөөд гадаргуугийн илүү бүлээн, бага давстай устай холилдоно. Дотоод давалгаа далайгаар дамжин асар их давс, дулаан, тэжээл зөөх ба тэдний тусламжтайгаар далайн гадаргуу дахь дулаан далайн гүн рүү дамждаг байна.

Лусонд бий болдог асар том дотоод давалгааны учрыг олохыг эртнээс оролдож байсан ба техник хэрэгслийн тусламжтайгаар дотоод давалгааны ус болон орчин тойны усны нягтралын ялгааг тодорхойлжээ.

Судлаачид 15 метрийн усан санд зохиомлоор дотоод давалгаа үүсгэж үзсэн ба үүний тулд усан сангийн ёроолд байх хоёр “уулыг” хүйтэн даралттай усаар дайруулжээ. Энэ туршлагаас харахад Лусонд далайн ёроол дахь уулын байдлаас шалтгаалан асар том дотоод давалгаа үүсдэг бололтой.

8. Тахийн судал ямар учиртай вэ?

Энэ судлын учрыг олохоор шийдсэн эрдэмтэд тахийн бүх төрөл зүйл, амьдардаг газар орчин, морь, илжгийг хүртэл судлан тахийн судлын өнгө, хэмжээ, бие дэх байрлал зэргийг хамарсан маш их материал цуглуулсан байна. Үүний дараа газрын зураг дээр цеце ялаа болон хандгайн ялаа зэрэг хэд хэдэн ялаа, шумуул зэрэг шимэгчийн байрлалыг орлуулсан ба нэмэлт хэд хэдэн нөхцлийг бий болгон статик анализ хийхэд хариулт нь ялаа гэж гарчээ.

Шинжлэх ухаан учрыг нь тайлсан 10 нууц 7

Тахь нь морийг бодвол богино үстэй учир ялаа шумуулаас илүү зовдог байна. Шимэгчид янз бүрийн халдварт өвчин тараах магадлал маш өндөр учир түүнээс хамгаалах боломжит аргыг байгаль олсон нь энэхүү судал ажээ.

9. Дэлхий дээрх амьтдын 90% үхсэн нь

252 сая жилийн өмнө дэлхий дээрх амьтдын 90% нь устаж үгүй болсон байна. Энэ үеийг “их үхлийн үе” гэж нэрлэдэг бөгөөд дэлхий дээр тохиолдсон хамгийн том бөөнөөрөө хиарсан тохиолдол юм.

Шинжлэх ухаан учрыг нь тайлсан 10 нууц 8

MIT-ийн судлаачдын үзэж байгаагаар энэхүү үхлийн шалтгаан нь нэг эст бичил биет болох methanosarcina бөгөөд нүүрстөрөгчийн нэгдлээр хооллон метан үүсгэдэг эд гэнэ. Одоо энэ микроб хогийн сав, нефтийн өрмийн санд байх ба пермийн үед тэдгээр микроб хөгжлийн нэгэн шат ахиснаар далайн ёроол дахь ацетат агуулсан асар их хэмжээний органик бодисыг иддэг болсон байна. Ингэснээр агаарт маш их хэмжээний метан бий болж, далай хүчиллэг болжээ. Далай дахь загас, бусад амьтад төдийгүй хуурай газрын олон ургамал амьтан энэ өөрчлөлтийг тэсэж чадаагүй байна.

10. Дэлхийд далай үүссэн нь

Урьд өмнө нь эрдэмтэд манай дэлхийн 70%-ийг эзэлдэг ус нь дэлхий сансрын өөр бусад биеттэй мөргөлдсөний улмаас үүссэн буюу дэлхийгээс дараа бий болсон гэж үзэж байв. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар ус дэлхий үүсэж бий болох явцад байсан нь тогтоогдож байна. Мөн нарны аймгийн бусад гаригт ч ийм байх магадлал өндөр байх болно.

Шинжлэх ухаан учрыг нь тайлсан 10 нууц 9

Чухамхүү яг хэзээ ус бий болсон бэ гэдгийг мэдэхийн тулд эрдэмтэд 2 янзын солирыг харьцуулж үзсэн ба нэг нь нүүрстөрөгчөөр баялаг, дэлхий дээр олдсон хамгийн эртний солирын үлдэгдэл бөгөөд нар бий болж байх үед бий болсон буюу нарны аймгийн гаригууд бий болохоос өмнө байсан эд юм.

Нөгөөх нь нарны систем бий болсноос хойш 14 сая жилийн дараа бий болсон буюу дэлхийтэй нас чацуу Вестагаас ирсэн солир байлаа. Энэ хоёр солир химийн бүрэлдэхүүний хувьд адил бөгөөд ус ихээр агуулдаг байна. Үүнээс харахад 4,6 тэрбум жилийн өмнө нүүрстөрөгчөөр баялаг солироос болж дэлхий маань устай цуг бий болжээ.

 

32
ГоёГоё
32
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/01/20 at 16:18

    Yaduu tarchig amidraltai humuusl tanai web site aar oroh bhdaa

  2. Зочин

    2017/09/06 at 19:27

    wow amazing!!

  3. жааханаа

    2017/09/06 at 21:15

    зарим мэдээнүүд судалгааныхөө дүнтэы зөрж байна шүү.
    Үхлийн хөндийн өөдөө хөдөлдөг чулуу нь устай биш одоогийн байгаа газрын өнгөн хэсэг нь сүүлийн 2000 жилд хуримтлагдсан бөгөөд жинхэнэ гадаргуу нь 5 миль гүнд налуу хэвгйи байдаг учир чулуунууд жинхэнэ гадаргууд захирагдаж өөдөө хөдөлдөг гэдэг.
    дуу гардаг элсэн манханы хувьд Өмнөговь аймгийн баяндалай сумын нутагтб айрлах Хонгорын элсэн манханы өндөр оргилийн элс бас нурахдаа тодорхой дуу гаргадаг. энэ нь элсний ширхэгийг үүсгэж байгаа эрдсийн найрлагаас шалтгаалдаг гэсэн судалга байдаг. төмөрлөг эрдэс давамгайлсан найрлагатай элс нурахдаа дуу гаргах магадлал илүү байдаг.
    Австралийн галт уул эх газрын дунд үүссэн байдаг монголд байгаа чулуутын голын хавцал бас эх газрын дундаж тектоникийн үүсэлтэй гэ мэтээр шинжлэх ухааны мэдээ үргэлж шинэчлэгдэж байгаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *