Вьетнамын Кантхо хотод улсдаа томоороо дөрөвт тооцогдох аялал жуулчлалын нэгэн дурсгалт газар байдаг. Энэ нь гадна, доторгүй алтадсан байшин юм. Бүх зүйл алтадсан мэт харагдана, бүрэн цутгасан биш юмаа гэхэд алтаар бүрсэн. Та өөрөө үзэж сонирхоно уу.
Энэ байшинг барьсан хүн бол Нгуен Ван Трунг – Вьетнамын бизнес эрхлэгч бөгөөд үл хөдлөхийн зах зээлээс багагүй хөрөнгөтэй болсон нэгэн. Дэлхийн олон улс орнуудаар аялсны дараа төрөлх нутагтаа ирээд Кантхогийн чимэг болсон, гаднын олон жуулчдыг татах нэгэн барилга барья гэж шийджээ.
Барилгын зураг төслийнхөнтэй ярилцаад алтан сэдвийг сонгохоор шийдсэн байна. Түүний байшиндаа ашигласан алт бага зэрэг хэтэрсэн байж болох ч дор үзүүлсэн гэрэл зургуудаас үнэхээр гоёмсог харагдаж байгаатай хэн ч санал нийлнэ. Хананаас авахуулаад тавилга, төрөл бүрийн гоёл чимэглэл бүхэлдээ алт – бүгд алтаар хийсэн юм шиг, ядаж л алтадсан мэт харагдана.
Бизнес эрхлэгчийн толгойд энэ санаа аль эртнээс орж ирснээ хэлжээ. 6 жилийн өмнө л санаагаа хэрэгжүүлэх боломж олдсон. Төслийг хэрэгжүүлэхэд гурван жил зарцуулсан ч нээгдэнгүүтээ л жуулчдын хөлд дарагдсан байна.
Байшингийн гадна талын алтадсан байдал гудамжаар явах хүмүүсийн анхаарлыг өөрийн эрхгүй татдаг. Олон хүн зогсож байшингийн гэрэл зургийг дарахын зэрэгцээ гайхалтай архитектурыг агуулсан алтан баримал, гоёмсог тагтыг сонирхдог ажээ. Гэхдээ байшингийн эзний хэлснээр дотор талд бүр ч сонирхолтой хэсэг байгаа гэнэ. Бараг бүх эд зүйлс алтадсан, зарим нэг зүйлийг нь алтаар бүрсэн. Гэхдээ бодит харагдах тул ихэнх зочид байшингийн эд зүйлс гадна, доторгүй 18 каратын алт гэж боддог ажээ.
Байшин руу орох тасалбарын үнэ 50,000 донг (4 ам.доллар). Мөн алтан байшингийн хажууд бизнес эрхлэгчийн ажиллуулдаг кафе бий. Үүнээс гадна 40,000 донг төлөөд тайлбарлагчгүйгээр зүгээр үзэх ч боломжтой.
“Ийм их хэмжээний алтаар хийсэн байшин урьд нь би хэзээ ч харж байсангүй. Жинхэнэ алт юм уу, хуурамч юм уу гэдгийг нь үнэндээ хэлж мэдэхгүй юм. Гэхдээ ийм зүйл хараад өөрт төрөх мэдрэмж үнэхээр сайхан байна” гэж Алтан байшингаар аялсан нэгэн жуулчин хэлжээ.
Уг байшин хотын төвөөс 1-2 км зайтай байрладаг.
Энэ нь Вьетнамд байдаг цорын ганц алтан байшин биш юм. Жишээ нь, энэ улсад гадна, доторгүй 24 каратын алтаар бүрсэн тэнгэр баганадсан өндөр байшин байдаг ажээ.