Африкийн заанууд тосгоны оршин суугчид болон арxи үйлдвэрлэгч компанийг баяжихад хэрхэн тусалдаг вэ?

0

Энэ үлэмж том биетэй амьтан марула гэх нэртэй модны үр жимсэнд дуртай болоод удаж байгаа юм.

ferae.eu

Өмнөд Африкийн цэлгэр уужим талд хэдэн зуун жилийн турш марула модны бүрэн боловсорсон үр жимсний үнэр заануудыг татаж иржээ. Нутгийн ард иргэд уг амьтны сонирхлыг ажиглаж тэдний байгалиас заяасан мэдрэмжийг ашиглах болсон байна. Заанууд марула модны доор цуглаж эхлэнгүүт л нутгийн иргэд үр жимс нь бүрэн боловсорчээ гэдгийг ойлгодог.

Марула буюу склерокаря (Sclerocarya birrea) – дээд хэсгээрээ титэм шиг салаалж ургадаг сумах бүлийн унамхай навчтай мод юм. Африкийн өмнөд болон баруун хэсгийн ой модтой газруудад ургах бөгөөд дээшээ 18 хүртэл метр хүрдэг ажээ. Уг модны жимс нь нимгэн шар хальстай, цагаан зөөлөн эдтэй, С амин дэмээр баялаг (марула модонд агуулагдах С амин дэмийн хэмжээ нь жүржээс даруй 8 дахин их). Нутгийн ард иргэд олон зуун жилийн турш жимсийг түүн ялган ангилж Өмнөд Африкт төвтэй ликёр үйлдвэрлэгч Amarula компанид нийлүүлж борлуулдаг. Марула нь Amarula компанийн үйлдвэрлэдэг сүүн ликёр, жин арxины үндсэн орц болдог ажээ.

“Марулагийн ургац хураалт – тухайн жилдээ орон нутгийнхны дунд үнэхээр томоохон үйл явдал болдог (заануудын хувьд ч мөн адил). Амьтай болгоныг нэгтгэдэг гэхэд буруудахгүй, нутгийн ард иргэдийн хувьд аврах тойрог л гэсэн үг. Учир нь бид тэдний хөдөлмөрийг үнэлж байгаа шүү дээ” гэж Amarula компанийн маркетингийн асуудлыг олон улсын хэмжээнд хариуцдаг менежер Шухуи Лим ярьжээ.

Марула модны үр жимсийг багаасаа түүж эхэлсэн 72 настай эмэгтэй ярихдаа ургац хураалтаас олсон мөнгө нь гэр бүлээ тэжээхэд тус нэмэр болдог гэсэн байна. “Энэ бол хүнд ажил, гэхдээ ургац хураалт бидэнд сайхан өдрүүдийг авчирдаг. Би гэр бүлдээ бас өөртөө хоол хүнс худалдаж авч өгөх чадалтай болно” гэж Өмнөд Африкийн уугуул иргэн ярьжээ.

Нутгийн бүсгүйчүүд марула модноос түүсэн үр жимсээ ялган ангилж байгаа нь

Марула модноос үр жимсийг түүх хугацаа маш богино буюу энэ нь 1-2 дугаар сарын хооронд л түүдэг ажээ. Мөн марула модыг үржүүлж тарих боломжгүй, уг мод нь өөрийн дуртай газраа л ургадаг. Ургац хураах цагийг чухам заан л хэлж өгч тусалдаг. Заанууд марула модны үр жимс бүрэн боловсорсныг өөрийн мэдрэмжээрээ мэдэрдэг.

Amarula компани ликёр, жин үйлдвэрлэснийхээ дараа нутгийн ард иргэдийг хөлслөн авч шилний хоолойг ороох олсыг бэлдүүлдэг ажээ.

5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *