Хар, цагаан эсвэл сүүн шоколад: Аль шоколад нь илүү дээр вэ? Яагаад?

0

Хар, сүүн бас цагаан шоколаданд ялгаа байгаа нь хэнд ч ойлгомжтой. Үнэндээ, амттанд дурлагчдад яг ямар шоколад байх нь хамаагүй болов уу, тэд чинь амттан л идэх гэж дурлаж байгаа улс шүү дээ. Шоколадны орц нь чанарт шууд нөлөөлдгийг юуны түрүүнд мэдэж авах хэрэгтэй. Надаас ямар шоколад сонгох вэ гэж асуувал би эргэлзэх зүйлгүй хар л гэж хэлнэ. Гэхдээ гартаа үнэхээр чанартай шоколад барьж байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

Өнөөдрийн нийтлэлээрээ та бүхэнд хар, сүүн болон цагаан шоколадны ялгааг танилцуулахаар бэлдлээ.

 

Ямар шоколад нь дээр вэ?

Түүхэн цаг хугацаанд шоколад гэдэг нэрийн дор төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүнийг илэрхийлж байжээ. 17 дугаар зууны эхэн хүртэл какаоны шошоос гаргаж авсан гашуувтар амттай хүйтэн ундааг нэрлэдэг байв. 17-18 дугаар зууны үед европчууд халуун шоколад уудаг болжээ. Ундаан дээрээ сүү зэрэг элдэв төрлийн амттан нэмж илүү амттай болгон уудаг болсон байна.

© Depositphotos

19 дүгээр зуунаас эхэлж л шоколад нь хатуу биетэй хүнс болон хувирчээ. Какао-тосны суурин дээр шоколадыг бэлддэг байв. Уг хүнсийг Голландын химич Конрад ван Хаутений ачаар гаргаж авч чаддаг болсон юм. Тэрээр үрж жижиглэсэн какаоноос какао-тос, какаоны нунтаг гаргаж авах тусгай хэвлэгч машин зохион бүтээсэн хэрэг.

© Pixabay

Хатуу шоколадыг анх албан ёсоор Английн чихрийн үйлдвэрт хийсэн гэж үздэг. Орцод нь үрж жижиглэсэн какао, сахар, ваниль мөн 30-40 хувийн какао-тос оржээ. Удалгүй Швейцар улс хатуу шоколадны үйлдвэрлэлээрээ толгой цохиж эхэлсэн гэдэг. Чухам тэнд л хар шоколад дээр хуурай сүү нэмж сүүн шоколадыг гаргаж ирсэн ажээ.

 

Хар, сүүн болон цагаан шоколад хоорондоо ямар ялгаатай вэ?

Сонгодог хар шоколад нь гашуувтар амттай. Учир нь 55 хувиас багагүй нунтаг какаоны орцтой юм. Үүнээс гадна какао-тос, сахар бага зэрэг нэмсэн байдаг. Сахар нэмээгүй хувилбар ч бий. Үүнээс шалтгаалж амттан хэр гашуун болох эсэх нь хамаарна. Какаоны орц хэдий хэр их байх тусам сахарын хэмжээ багасдаг, өөрөөр хэлбэл улам л гашуун болно гэсэн үг юм.

Хар (dark) болон бараан (bittersweet) шоколад ч ялгаатай. Бараан шоколадны какаоны орц 40 хувиас багагүй, дотор нь төрөл бүрийн нэмэлт амт нэмсэн. Жишээ нь, самар, хатаасан жимс, жимсгэнэ зэрэг.

© Pexels

Хамгийн алдартай нь сүүн шоколад. Орцод нь какао-тос, нунтаг какао, хуурай сүү (эсвэл цөцгий) болон сахар багтана. Үйлдвэрлэгчид энэ төрлийн шоколаданд какао гэхээсээ илүүтэй сахар их нэмдэг. Тийм учраас илүү амттай шоколад болох тул амттан идэх дуртай хүмүүсийн хорхойг хүргэдэг ажээ.

Мөн төрөл бүрийн шанз нэмэх нь ч бий. Зөвхөн самар, хатаасан жимс, жимсгэнээр ч хязгаарлагдахгүй. Мөн жигнэмэг, өрмөнцөр, тараг зэрэг санаанд оромгүй зүйл нэмэх болжээ. Бас этгээд содон амттай шоколаданд дуртай хүмүүс байдаг, жишээ нь би өөрөө ийм шоколаданд дуртай. Би саяхан эрдэнэ шишийн цөцгийгөөр амталсан цагаан шоколад идэж үзлээ л дээ, бас ногоон будаатай шоколад этгээд давтагдашгүй амттай санагдсан.

© Pixabay

Цагаан шоколадны хувьд орцод нь хуурай сүү эсвэл цөцгий, сахар, какао-тос ордог. Нунтаг какао байхгүй учраас уг амттаныг цагаан өнгөтэй болгодог ажээ. Илүү амт нэмэхийн тулд үйлдвэрлэгчид ванилин нэмдэг уламжлалтай. Ванилинийг ер нь өөр бусад төрлийн шоколадны орцод ч нэмдэг юм.

 

Яаж чанартай шоколад сонгох вэ?

Жинхэнэ шоколад идэхийг хүсэж байгаа бол орцыг нь сайтар харахад л болно. Мэдээж нэмэлт сахарын орцгүй шоколад худалдаж авахыг хүн бүр л хүснэ. Үйлдвэрлэгч сахарыг өөр орлуулагчаар орлуулсан байх нь цөөнгүй. Жишээ нь, стивиа болон мальтитаар.

© Depositphotos

Орцод хэдий хэр цэвэр какао байна төдий чинээ чанартай шоколад байна гэж ойлгоорой. Мөн какаоны орцыг савлагаан дээрээ хувиар тод заасан бүтээгдэхүүн ч байдаг. Ашиг тус авах гэж бус харин амттаны таaшаалыг авах гэж байгаа бол сүүн эсвэл цагаан шоколад сонгоорой. Гэхдээ хэт их идэж болохгүйг хэзээ ч бүү март. Бүх зүйл хэмжээ хязгаартай байвал зохино.

Танд ямар төрлийн шоколад хамгийн их таалагддаг вэ? Магадгүй та өөрөө гэртээ энэ амттаныг хийж иддэг юм биш биз?

9
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *