
Мөнгө бол хүнийг хүссэн амьдралаараа амьдрах боломжийг олгох гол xүчин зүйлийн нэг билээ. Бидний дийлэнх нь бүх орлогоо хоол хүнс, өдөр тутмын хэрэглээндээ зарцуулж хуримтлал үүсгэх завгүй амьдардаг бол чинээлэг амьдралтай хүмүүс орлого, зарлагаа урьдаас төлөвлөн хэмнэлт хийх бүх л боломжийг ашиглан хуримтлал үүсгэдэг. Манай сайт уншигч танд баячуудын дагаж мөрддөг мөнгө хадгалах 12 аргыг танилцуулж байна.
1. 24 цагийн дүрэм
Саятнууд 24 цагийн дүрэм буюу аливаа үнэтэй худалдан авалт хийхээсээ өмнө нэг өдрийг шийдвэр гаргахдаа зориулдаг ажээ. Энэ нь хүнийг ямар нэгэн сэтгэл хөдлөлөөр буруу шийдвэр гаргахаас сэргийлэхээс гадна тухайн зүйл танд үнэхээр хэрэгтэй эсэхийг тунгаан бодох цаг болдог байна.
2. Бэлэн мөнгө хэрэглэх

Орчин цагт бэлэн мөнгөний хэрэглээнээс татгалзах болсон ч бэлэн мөнгө хэрэглэдэг хүмүүс харьцангуй бага үнийн дүнгээр худалдан авалт хийдэг гэсэн судалгаа байдаг ажээ. Чинээлэг хүмүүс аль болох зээлээс хол амьдрахыг эрхэмлэдэг тул зээлийн карт ашиглахаас татгалзан, бэлэн мөнгө хэрэглэх бас нэгэн шалтгаан болдог.
3. Санхүүгийн бүдүүвч гаргах
Өдөр тутмын амьдралдаа зарцуулах мөнгөн дүнгийн хэмжээг тодорхойлсноор хүн сар бүр зорилтот хэмжээний мөнгөн дүнгийн хадгаламж үүсгэх боломж нээгддэг. Санхүүгийн мэргэжилтнүүдийн хувьд хүмүүст 50-30-20 буюу нийт орлогын 50 хувийг нийтлэг хэрэгцээнд, 30 хувийг хувийн хэрэгцээнд, 20 хувийг хадгаламжинд хийх гэсэн аргыг санал болгодог.
4. Ашиг олоход тань хэрэгтэй зүйлд мөнгө зарцуулах

Мөнгө хэмнэхийн тулд хуучин эд зүйлсээ хэрэглэх хэрэгтэй гэсэн дүрэм үгүй. Чинээлэг хүмүүс мөнгөө ихэвчлэн урт хугацааны хөрөнгө оруулалтад зарцуулдаг бөгөөд ажил хэрэгтээ хэрэгцээтэй зүйлд мөнгө зориулахаас татгалздаггүй.
Энэ тухай Nerdwallet компанийн санхүүгийн хувийн зөвлөх Кимберли Палмер хүчтэй машин, сайн зөөврийн компьютер, ажлын чамин хувцас худалдан авахаас хэзээ ч битгий зaйлсхий хэмээн зөвлөжээ.
5. Цаг хугацаа хэмнэх зүйлд хөрөнгө оруул

Business Insider сайт чинээлэг хүмүүс цаг хугацаа хэмнэх зүйлд мөнгө татах хэрэггүй хэмээн зөвлөсөн байдаг. Энэ нь нэг талаар зарлага боловч нөгөө талаас сэтгэл зовних зүйлгүй, ажилдаа төвлөрч илүү их орлого олох хөрөнгө оруулалт гэж үзэх боломжтой.
6. Туршлага гэдэг хамгаас үнэтэй

Саятнууд жилийн төлөвлөгөөгөө гаргахдаа шинэ туршлага олж авах аялал, ажил зэргийг заавал оруулдаг. Учир нь тэд цаашид амьдралд нь хэрэг болох туршлагыг өдөр тутамдаа хуримтлуулж явахыг эрхэмлэдэг ажээ.
7. Данс тооцоо үргэлж нэгдүгээрт байх ёстой

Орлого, зарлагаа хянаж, цэвэр ашгаа өөрийн хэрэгцээнд хуваан зарцуулах нь мөнгөний хэмнэлт үүсгэх гол хөшүүрэг болно.
8. Хямдралын үеэр худалдан авах зүйлсийн жагсаалт гаргах

Хямдралд дургүй хүн гэж үгүй. Гэвч хямдралын үеэр хүн өөрт төдийлөн хэрэгцээгүй зүйлсийг авах явдал их гардаг ажээ. Иймээс өөрт нэн чухал хэрэгцээтэй зүйлсийн жагсаалтыг гаргаж, хямдралын үеэр илүү мөнгө зарлагадахгүй байхыг эрхэмлээрэй.
9. Танд аз жаргал өгч, эрүүл мэндэд тань эерэгээр нөлөөлөх зүйлд хөрөнгө оруул

Тодорхой хугацаанд нэг удаа өөрт аз жаргал мэдрүүлэх зүйлд мөнгө зарж өөрийгөө урамшуулж байх хэрэгтэй. Тухайлбал, та одон орон сонирхдог бол дуран авч урт хугацаанд өөрийн хоббиндоо хөрөнгө оруулалт хийх боломжтой.
10. Зарлага гаргахгүй өдөртэй болох

Хэрэгцээгүй зардлаа хянаж чаддаг хүмүүс хадгаламжаа өсгөж чаддаг. Иймээс зарлага гаргахгүй өдөртэй болохыг танд зөвлөж байна.
11. Хариулт мөнгөө хадгал

Хүмүүс бага хэмжээний хариулт мөнгийг үл тоох, ямар нэг газарт тавиад ор тас мартах явдал түгээмэл байдаг. Гэвч таны хадгалсан нэг төгрөгийн хариулт бүр танд орж буй нэг төгрөгийн орлого гэдгийг ухаарах хэрэгтэй. Өдөр тутамдаа авч буй хариулт мөнгийг хадгалж, цаашдаа кофе, өдрийн цайны мөнгөндөө хэрэглэж байх нь хадгаламжаа өсгөх бас нэгэн боломж билээ.
12. Хаяхаасаа өмнө сэлбэ

Чинээлэг хүмүүст өөрт хэрэгцээтэй зүйлд хөрөнгө зарах дуртай байдаг боловч өөрт буй зүйлсээ эцсийг нь хүртэл хэрэглэх хандлагатай байдаг гэдгийг бүү мартаарай. Тэд аливаа зүйлсийг хаяхаас нь өмнө засч, янзлах боломж байгаа эсэхийг заавал нягталдаг. Ийнхүү засвар хийх нь мөнгө хэмнэхээс гадна байгаль дэлхийгээ хайрлаж буй бас нэгэн үйл гэдгийг ч санах нь зүйтэй.
Таны хувьд мөнгө хэмнэх ямар аргуудыг хэрэглэдэг вэ?







