
Яаж саятан болох вэ? Их мөнгө зам дээр хэвтэж байдаггүй гэж юм үзсэн хүмүүс хэлдэг. Харин ажил хийж мөнгө олно гэдэг амаргүй. Бас нуусан эрдэнэс олох нэг арга байж болох юм. Азаар бодож байснаас амархан баяжиж болох ажээ. Тэн.эг мэт боловч харсан хэн ч худалдаж авмаар санагдах сонирхолтой зүйл бодож олох хэрэгтэй. Амархан сонсогдож байгаа биз дээ? Иймэрхүү аргаар баяжсан хүмүүсийг та бүхэндээ танилцуулж байна.
Билли – дуулдаг, том амтай алгана загас

Билли нэртэй зугаатай загасыг 1998 онд Жо Пеллетье зохион бүтээжээ. Уг тоглоом хүүхдүүдэд их таалагддаг, яагаад гэвэл тэрээр сүүлээ шарваж хөгжилтэй дуу дуулдаг загас юм. Билли АНУ-д ч алдартай болсон удаа бий. Худалдаанд гарсан эхний жилдээ 100 сая ам.долларын орлого авчирч байжээ.
Автомашины антеннд хийдэг бөмбөлөг

Машины антеннд хийдэг бөмбөлөг ямар ч үүрэггүй. Жолооч нар машинаа гоёж чимэглэх гэж л хийдэг.
Машины энэ нэмэргүй “гоёл”-ыг Жейсон Уолл зохион бүтээжээ. Үүний дараа тэрээр AntennaBalls компанийг үүсгэн байгуулж байв. 1997 онд анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж байсан бол 2004 онд Жейсон хэдэн саяар тоологдох хөрөнгөтэй нэгэн болж чаджээ.
Төмсөн дээрх илгээмж

2015 онд Алекс Крейг Potatoe Parcel Service буюу төмсөн дээрх илгээмж гэх нэртэй хөгжилтэй үйлчилгээ санаачилжээ. Үйлчлүүлэгч сайтаар орж нэг төмс худалдан авч 100-140 тэмдэгт багтах бичилт хийлгэх захиалга өгнө. Компани бэлгийг гоёмсог хайрцагт хийж заасан хаягаар буцах хаяггүй хүргэлт хийдэг байна. Уг үйлчилгээ 10 долларын үнэтэй. Тоглоом шоглоом маягийн бэлэг захиалах үйлчлүүлэгчдийн тоо одоо ч буураагүй ажээ.
Flowbee

Flowbee – нарийн хоолойг жирийн тоос сорогчинд холбож үс засах этгээд гэмээр төхөөрөмж. 1986 онд Рик Хантс зохион бүтээжээ. Бүтээлийнхээ эхний хэдэн ширхэгийг найз нартаа зарсан. Үс засах төхөөрөмж хүмүүст ихэд таалагдсан тул Рик өөрийн бүтээгдэхүүнээ үзэсгэлэн, яармаг худалдаан дээр борлуулах болжээ. Хэсэг хугацааны дараа Flowbee–г телевизээр сурталчилж эхэлсэн. Хантс 15 жилийн дотор 2 сая гаруй “үсний тоос сорогч” борлуулж чадсан бөгөөд энэ нь мэдээж түүний хөрөнгийг чамлахааргүй зузаатгасан байна.
Чулуу-гэрийн тэжээвэр амьтан

Жирийн нэг менежер Гэри Росс Даль чулуу зарж их мөнгө олжээ. Нэг удаа хоёр танил нь гэрийн тэжээвэр амьтан тэжээхэд хэцүү болж гэж ярьж байхыг сонсоод Гэригийн толгойд нэг сайхан санаа орж ирсэн гэдэг. Тэрээр ямар ч арчилгаа, халамж шаардахгүй гэрийн тэжээвэр амьтан хийхээр шийдэв. Тэрээр хоёр хөрөнгө оруулагч олоод их хэмжээний чулуу худалдан авч агаар нэвтрүүлэх тусгай хайрцагт хийжээ. Сурталчилгаанд нь хөгжилтэй бас сонирхол татахуйц шошгыг хайрцаг дээрээ бичжээ. Худалдаанд гарсан эхний хоёр долоо хоногт гэхэд л 1,5 сая гаруй чулуу-гэрийн тэжээвэр амьтан зарсан байв.
Солонгорсон пурш

Солонгорсон пуршээр бид багадаа тоглох дуртай байсан. Ричард Жеймс уг тоглоомыг аль 1943 онд санамсаргүй нээжээ. Инженер усан онгоцны төхөөрөмж зохион бүтээж байсан гэдэг. Гэтэл пуршийг (тухайн төхөөрөмжийн нэг эд анги болох) санаандгүй газар унагаачихсан чинь хөгжилтэй нь аргагүй “алхаад” байж л дээ. Дан хар өнгөөр олон жил худалдаанд явж байсны эцэст солонгорсон өнгөтэй болсон, хэлбэр дүрсийн хувьд ч өөрчлөгджээ.
Эхний 60 жилд 300 сая пурш зарагдсан гэсэн тооцоо бий. Тэгэхээр уг тоглоомын зохион бүтээгч төсөөлөхийн аргагүй баяжсаныг хэлэх нь илүүц биз.
Хүслийн яс

Цацагт хяруул эсвэл тахианы цээжний яс хугалж хүслээ таадаг уламжлал европчуудад байдаг. Кер Арони хүслээ таах боломж хүн болгонд хязгааргүй байгаасай гэж хүсжээ. Ингээд 1999 онд тэр хуванцар “яс”-ыг их хэмжээгээр үйлдэврлэж эхэлсэн юм. Нэг ширхэг нь 3 ам.долларын үнэтэй. Худалдан авагч ч тэр дороо гарч ирсэн. 2006 он гэхэд Кэн аль хэдийн саятан болсон байлаа.
Нохойнд зориулсан нарны шил

1997 оны нэг өдөр Рони Ди Лулло нарны туяанд нохойны нүд нь гялбаад их л хэцүү байгааг ажиглажээ. Энэ ажиглалтын үр дүнд нохойнд зориулсан Doggles нарны шил төрсөн юм. Рони нохойнд зориулсан өөр бусад бүтээгдэхүүн зах зээлд гаргаж хөрөнгөө хэдэн саяар арвижуулсаар л байна.
Билл Бобын шид

1993 онд Жон Уайт ямар ч хүнийг тэн.эг юм шиг болгож харагдуулах хиймэл шүд зохион бүтээжээ. Түүний үүсгэн байгуулсан компани үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа 20 гаруй сая Billy Bob шүдийг төрөл бүрийн өнгө, дизайнтайгаар үйлдвэрлэж борлуулсан байдаг.
Wacky Wall Walker

Кен Хакута 80-аад оны эхэнд уян зөөлөн материалаар ямар нэг гадаргуун дээр сайн наалдаад эв хавгүй унадаг тоглоом зохион бүтээжээ. Үүгээрээ багагүй мөнгө олж болох юм гэсэн бодол толгойд нь орж ирж. Кет зохион бүтээсэн тоглоомоо их хэмжээгээр үйлдвэрлээд хэдхэн сарын дотор 80 сая доллартай болж чадсан юм. Wacky Wall Walker-ийн төрөл бүрийн хувилбар одоо ч гэсэн дэлхийн зах зээлд эрэлттэй хэвээр байна.
Уншигч та ч бас өөрийн хачирхалтай санаагаа бодит болгож саятан болох хүсэлтэй байна уу?







