
Унтаж чадахгүй байгаа хүмүүст бясалгал хийж, тогтмол цагт унтаж хэвшихийг зөвлөх нь олон байдаг бол шөнийн 3 цагт ямар ч шалтгаангүй сэрчихээд байгаа хүмүүст ямар арга хэмжээ авах талаар төдийлөн зөвлөгөө байдаггүй. Манай сайт уншигч танд шөнө дунд сэрсэн үедээ хурдан унтахын тулд хэрэглэж болох шинжлэх ухаанч 7 зөвлөгөөг хүргэж байна.
1. Хөлийн хурууны дасгал хийх
Булчин амраах дасгал хийх нь биеийг тайвшруулах үр нөлөөтэй байдаг. Иймээс шөнө дунд сэрсэн бол та хөлийн хуруугаа 10 секундийн турш базаж чангалаад, 10 секундийн турш суллаж амраах замаар хөлөө амрааж хурдан эргэж унтах боломжтой.
2. Тэжээвэр амьтантайгаа хамт унтдаг бол болих хэрэгтэй

Тэжээвэр амьтантайгаа хамт унтах нь сайн, муу олон талтай. Судалгаагаар тэжээвэр амьтад эздийнхээ сэтгэл санааг амрааж, тайвшруулах нөлөөтэй байдаг ч шөнийн цагт нойргүйдэлд хүргэх магадлалтай байдгийг тогтоосон байдаг. Тэжээвэр амьтад шөнө дуу чимээ гаргахаас гадна олон төрлийн харшил үүсгэх хандлагатай байдаг тул хайртай амьтантайгаа хамт унтахаасаа зайлсхийх хэрэгтэй.
3. Гар утасны дэлгэц ширтэхээ багасгаж, ном унш

Шөнө дунд сэрэх нь мелатониний дутагдалтай холбоотой байдаг ажээ. Харин гар утасны дэлгэцнээс ялгардаг туяа нь мелатониний хэмжээг багасгаж байдаг тул гар утсаа авахаас татгалзахыг танд зөвлөж байна.
Харин таныг унтахад туслах хамгийн зөв арга бол ном унших явдал ажээ. Иймээс та гэрэл асаагаад ном уншаад үзээрэй.
4. Бүлээн эсвэл хүйтэн устай шүршүүрт ороорой

Олон мэргэжилтнүүд унтахаас 1 цаг орчмын өмнө шүршүүрт орж байхыг зөвлөдөг. Үүний шалтгаан нь хүн тухтай унтаж амрахын тулд биеийн хэмээ бага зэрэг бууруулах шаардлагатай байдагтай холбоотой ажээ. Харин унтахын өмнөхөн шүршүүрт орвол бие сэргэж, нойр хулжих эрсдэлтэй гэдгийг мөн анхаарах хэрэгтэй.
Харин шөнө дунд сэрэх бас нэгэн шалтгаан нь хэт халууцсанаас үүдэлтэй байдаг тул хүйтэн шүршүүрт орж биеийн хэмээ бууруулж, бодлоо цэгцлэх нь таныг эргээд хурдан унтахад туслах эерэг нөлөөтэй.
5. Лавандагийн цай уух эсвэл лавандагийн үнэртүүлэгч хэрэглэх

Лаванда цэцэг нь нойргүйдлийн эсрэг маш үр дүнтэй гэдэг нь тогтоогтсон байдаг. Тухайлбал, 6-8 дусал лавандагийн тос нойргүйдлийг үгүй хийж, гүн нойрсоход тусалдаг нь нэгэн судалгаагаар ноглогдсон байна. Иймээс өрөөнийхөө хаа нэгтээ лавандагийн тос дусаах эсвэл үнэртүүлэгч хэрэглээд үзээрэй.
Түүнчлэн лаванда цэцэг тарих, лавандагийн цай уух зэрэг өөр бусад аргууд ч бий.
6. Оймс өмсөх

Оймс өмсөж унтах нь цусны эргэлтийг дэмжиж, биеийн дулааныг тэнцвэртэй байлгахад чухал нөлөөтэй. Судалгаагаар оймс өмсөх нь нойрны чанарт сайнаар нөлөөлдөг нь ажиглагдсан байдаг. Харин та хэт бариу оймс өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй. Тэмээний болон хонины ноосон оймс өмсөж унтах нь хамгийн зөв сонголт гэдгийг мөн дурьдах нь зүйтэй болов уу.
7. Босоод ямар нэгэн зүйл хий

Шөнө дунд сэрчихээд буцаж унтаж чадахгүй орондоо хөрвөөхийн оронд босоод өөр өрөөнд орж, тухтай сандалд сууж, хөгжим сонсож, ном уншаад үзэхийг танд зөвлөж байна. Хамгийн гол нь унтлагын өрөөнөөсөө гараарай. Орондоо хэвтсээр байвал та унтаж чадахгүй энэ байдалдаа байсаар байх учраас босоод өөрт дарамтгүй зүйл хийх ч боломжтой.
Шөнө дунд сэрсэн үедээ буцаж унтахын тулд та ямар арга хэрэглэдэг вэ? Бидний бэлдсэн зөвлөгөө танд тусалж чадсан эсэхийг сэтгэгдэл хэсэгт бичиж бидэнтэй хуваалцаарай.







