Хэрэв гал гарвал дараах 3 энгийн дүрэм таны үр хүүхдийг аварна!

5

Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан түймрийн тоо хүн болгоны сэтгэлийг түгшүүлсээр олон жил болж байна. Сүүлийн хэдэн жилийн туршид ой хээрийн түймэр маш олон гарсан билээ.

Түймрийн улмаас байгаль орчин, эд хөрөнгөөр ихээхэн хохирч байгаа хэдий ч хүний амь нас хохироогүй нь яамай. Гэхдээ ингээд тайван сууж болохгүй, хүний амь нас түймэрт хэзээ ч өртөж болзошгүй.

Ийнхүү дахин дахин давтагдаж байгаа гал түймэр олон мянган хүнийг “түймрийн үед яах ёстой вэ?” гэсэн асуултыг өөртөө тавихад хүргэж байна. Хэрвээ том талбайтай байранд байхад утаа үнэртэж эхэлбэл яах вэ? Хүүхдээ түймрийн аюулаас хэрхэн аврах вэ?

Энэ удаа түймрийн үед баримтлах зарчмын тухай танилцуулъя. Хамгийн гол, чухал нь эхний гурван зүйл юм. Та хүүхдээ үүнд заавал сургах хэрэгтэй бөгөөд тэд түймэр, түүний улмаас бий болох сандрал-паникийн үед хамгийн эмзэг байдалд ордог билээ.

Түймрийн үед юу хийх ёстой вэ?

Дүрэм 1. Гарах замаа урьдчилан харж, мэдэж авах

Олон хүнтэй том газар орсон бол онцгой үед хэрхэн яаж гарах вэ гэдэг талаар бодож, ойлгож авах хэрэгтэй. Онцгой байдлын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол иймэрхүү зүйлийг бүр дадал болгох хэрэгтэй гэнэ. Хэрвээ томоохон худалдааны төвд орсон бол ямар замаар явж, хаагуур гарах гэдгээ урьдчилан харж бодсон байх нь зөв юм.

Битүү орчинд ороод хаагуур, яаж гарахаа мөн тооцно. Хүүхдээ ч гэсэн үүнд сургах хэрэгтэй. Бүр худалдааны том төв, тоглоомын газар зэрэг олон салаалсан барилга бүхий газар ороод тоглоом байдлаар хүүхдүүдтэйгээ үүнийг хийж болно.

Дүрэм 2. Сандарч болохгүй

Та түймэр гарч байгааг эсвэл утаа үнэртсэн боловч бусад хүн үүнийг анзаараагүй бол сандрах хэрэггүй. Ийм нөхцөлд чангаар тайван энэ байранд утаа үнэртэж байгаа талаар хэлж, энэ байрыг орхин гарахыг, хэн нэгнийг хүлээхгүй байхыг, хурдан гарахыг уриалж хэлнэ.

Мөн олон хүн аврах гэсэн нь ганц ч хүнийг аврахгүй байдалд хүргэж болох учир эхлээд өөрийгөө, өөрийн хариуцаж буй хүнээ аюулгүй болгох хэрэгтэй.

Дүрэм 3. Амьсгалын замын эрхтнээ хамгаал

Хэрвээ та устай яваа бол тэр нь таны амийг аварч болох юм. Бээлий, ороолт, малгайгаа норгоод хамар амаа таглан аль болох нойтон алчуураар дамжин амьсгал. Ус байхгүй бол шээсээр норгож болох юм. Ямар нэг даавуун дээр шээгээд энэ шүүлтүүрээ ашигла.

Бид тэр болгон ус авч явдаггүй, хүүхэд бол бүр хэзээ ч авч явдаггүй. Тиймээс аврах ажиллагаанд ямар ч хувцас хэрэг болно. Шээс нь хортой утаа, бодисыг уснаас илүү сайн шүүдэг билээ. Багш нар энэ тухай ярихад хүүхдүүд инээлдэх боловч аюултай үед ингэх нь ичгүүртэй зүйл биш гэдэгтэй бүгд санал нийлдэг билээ.

Дүрэм 4. Хүүхдийг өөрийнхөө тухай боддог болгох

Хүүхдүүд томчуудаас дутуугүй сандарч тэвддэг. Гэхдээ бүх нийтээрээ паникт орсон үед ч тэдэнд сүргийн инстинкт гэдэг юм үйлчилж байдаг билээ. Хэрвээ хүүхэд ямар нэг онцгой зүйл болсныг мэдвэл тэрээр хажуу талаас ямар нэг дэмжлэг хүлээн, багш, эцэг эх эсвэл том хүн ямар нэг заавар өгөхийг хүлээхээс бус өөрөө гарах гэж зүтгэхгүй.

Тэгэхээр хүүхдийг дурын эвгүй дуу чимээ зэрэг онцгой нөхцөл бий болоход маш хурдан гудамжинд гардаг болгож сургах нь чухал. Эцэг эхийгээ болон найз нөхдөө хүлээж хэрэггүй, болохгүй.

Дүрэм 5. Олны өөдөөс явж болохгүй

Хэрвээ та олон хүний дунд орсон бол зөвхөн тэр олны урсгалыг дага. Аль болох хурд, чиглэлийг нь яг таг дагах хэрэгтэй ба хэн нэгнийг түлхэж огт болохгүй. Хэрвээ хүүхэд цуг байгаа бол тэр хойно биш яг урд чинь явах ёстой. Ийм нөхцөлд хүүхдийг хамгаалахад, анхаарахад, дэмжихэд амар байх билээ.

Хэрвээ утаа гарах нь их биш бол жижиг хүүхдийг мөрөн дээрээ суулгаж болно. Ганцаараа яваа бол гараа цээжин дээрээ авч тохойгоо бага зэрэг гадагш чиглүүлэн гараа атгана. Таныг дарж унасан байлаа ч ийм байрлалтай байхад та амьсгал авч чадах билээ.

Хүүхдэд олны урсгалын өөдөөс явж эцэг эхийгээ хайж яасан ч болохгүй гэдгийг сайн тайлбарлаж өгөх нь зөв. Урсгал дагаж олонтой цуг гарах хэрэгтэй ба дараа нь гадаа эцэг эхтэйгээ уулзана биз.

Дүрэм 6. Унасан бол хурдан бос

Олны урсгал дунд явахад унах нь хамгийн аймшигтай зүйл бөгөөд ийм нөхцөлд таныг олон хүн дарж болох билээ. Ингэхгүйн тулд хөл доор чинь юу байгааг сайтар харж анзаарч явах хэрэгтэй. Хурц өнцөг, янз бүрийн саадаас аль болох холуур тойр.

Олны дунд явж байгаад унасан хүнд босоход 3 секунд л бий. Ийм нөхцөлд ямар ч арга хэрэглэж болох юм. Хэн нэг нь туслахыг хүлээх зэргээр цаг алдаж яасан ч болохгүй. Үүний оронд хамгийн ойрхон харагдсан өмд, гутал, цув, цүнхнээс тас зуурч авирч дээшилсээр бос.

Дүрэм 7. Их утаатай үед шаланд наалдан хэвтэх

Их утаатай нөхцөлд та өөр арга тактик баримтлах хэрэгтэй болно. Шатсан хортой бодис үргэлж дээшээ чиглэх учир та аль болох доошоо болох хэрэгтэй ба хөдөлгөөний хурд чинь саарах байсан ч хамаагүй.

Боломж байвал мөлх, дөрөв хөллө, аль болох шаланд ойрхон бай. Хүнийг ухаан алдуулах хорт утаа таны биеийн түвшнөөс дээр байх нь чухал. Утаа гарч байх үед хүчилтөрөгч доод хэсэгт их байх ба харагдах орчин ч доор сайн байдаг билээ.

Дүрэм 8. Лифтнээс хол байх

Буух үедээ шатаар буух бөгөөд лифт ашиглаж яасан ч болохгүй. Гал түймрийн аюулын үед баримтлах журмаар бол түймрийн үед ашиглах зам, хэрэгсэлд ямар нэг лифт, урсдаг шат ашиглаж болохгүй гэж заасан байдаг.

Түймрийн үед хүмүүс шатаар биш урсдаг шатаар доошлох бодолтой байдаг ч энэ нь утаатай бүсэд аваачих өндөр магадлалтай юм. Шат нь түймрийн эсрэг янз бүрийн гарц, хаалгатай, хашлага хамгаалалттай учир илүү найдвартай.

Урсдаг шат түймрийн үед автоматаар зогсох бөгөөд ямар нэг онцгой нөхцөлд дахин ажиллаж болох учир хүн унаж, хувцас хунар нь хөдөлгөөнт хэсэгт хавчигдах аюултай байдаг.

Сандрал-паникийг хэрхэн давах вэ?

  1. Амьсгалаа хяна. Дасгал хийх хугацаа танд байхгүй. Гэхдээ танд хэд хэдэн удаа гүн амьсгалж, гаргаж үзэх хугацаа бий. Ядаж хэсэгхэн хугацаанд ч гэсэн анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал таны сэтгэл зүйн байдал эрүүлээр сэтгэх боломжтой болно.
  2. Хичнээн гүймээр байсан ч тэгж болохгүй. Өөрийгөө барьж захирах хэрэгтэй.
  3. Өөрийнхөө хэвшил болсон хөдөлгөөн, үйлдэлдээ анхаар. Юу хийх, хаашаа чиглэхээ урьдчилан мэдэж байх хэрэгтэй: ойр байгаа хүнийг олж харах, галын аюулын дуудлагын дугаар, гарах зам гэх мэт.
  4. Хүүхэдтэй цуг яваа бол тайвшруул. Тантай цуг яваа хүнд байдлыг таниулах, таниас илүү айж сандарсан хүнийг тайвшруулах нь аливаа зүйлд анхаарал хандуулж, зөв шийдвэр гаргахад тус болох билээ.

Паникийн нэг шинж бол хэт идэвх болон хэт идэвхгүй байх явдал юм. Түлхэлцэж, гүйж, харайж, хашхирч яваа хүнийг хурдан зогсоож тайвшруулах хэрэгтэй ба үүнийг хийгээгүй нөхцөлд энэ паник бүр олныг хамрах болно.

Огт идэвхгүй болсон хүнийг ширүүн үг, бүр алгадах зэргээр сэргээх хэрэгтэй. Магадгүй энэ нь амийг нь аварч болох юм.

Гэрт түймэр гарах үед хийх үйлдэл

Заримдаа эцэг эх том болж байгаа хүүхдээ гэрт нь ганцааранг нь орхих үе гардаг. Тиймээс түймрийн үед хүүхэд яах ёстойг сайн ойлгуулж, сургасан байх хэрэгтэй. Хүүхэд онцгой үед сандарч тэвдэхгүй байх ёстой учир доорх зүйлийг ойлгуулж, тайлбарлаж өгөх нь зөв.

1. Гэрт утаа үнэртвэл чухам хаанаас гарч байгааг хурдан олох.

2. Замдаа бүх цонх, хаалгаа хаах нь түймэр улам газар авахгүй байх нөхцөл болно.

3. Хэрвээ үүний дараа утаа мэдэгдэхгүй болбол онгорхой цонхоор дамжин гэрт орж болно.

4. Өрөө, тагт зэргийг болгоомжтой шалгах ба шатыг ч гэсэн хараад авахад илүүдэхгүй. Ямар ч аюулгүй байх нь түймэр гарахыг мэдэхгүй өнгөрснөөс дээр гэдэг нь ойлгомжтой.

5. Хэрвээ гэрт ямар нэг зүйл шатсан, өөрөө унтрааж чадахгүй нь ойлгомжтой болбол шууд л гэрээс гарах ёстой. Тогтоож ав: Хорт утаа нь түймрээс илүү аюултай юм шүү. Хамар, амаа нойтон алчуураар хаа. Хэрвээ утаа их бол мөлхөж гар.

6. Гал команд яаралтай дууд. Диспетчерт хаяг, нэр, байрлал (байр, орц, давхар, өрөө)-г хэлж юу, яаж шатсаныг хэлнэ. Дараа нь аврагчдын асуултанд яг таг хариулах хэрэгтэй.

Магадгүй танай байранд хэрхэн яаж явбал хурдан очих тухай, машинаа хаана тавих, байр тань хэдэн давхар, орцны үүд түгжигддэг (хэрвээ тийм бол кодыг нь хэлж өгөх эсвэл өөрөө онгойлгох) зэргийг асууж болох юм.

7. Гэрээс гарахдаа хаалгаа маш сайн хааж боломжтой бол бүх цахилгаан хэрэгслийг, цахилгааныг салга. Эд зүйл цуглуулж авах гэж цаг алдаж яасан ч болохгүй.

8. Хөршдөө заавал анхааруул. Шатаар болгоомжтой буу. Лифт ашиглаж болохгүй. Энэ нь үхлийн аюултай байж болно. Гараад гэрээсээ холгүй байж аврагчдыг хүлээ.

Хүүхдийнхээ төлөө түгших, айхыг хэрхэн дарах вэ?

Айж түгших гэдэг бол сэтгэл зүйн их төвөгтэй, жирийн зүйлийг ч аюултай гэж хүлээж авдаг тийм нөхцөл юм. Энэ үедээ маш их санаа зовж, бүтэлгүйтэл, муу зүйлийг тааварлан харж эхэлдэг.

Хүүхэд амь насаа алдаж байгаа нь олон эцэг эхчүүдийн сэтгэлийг зовоож хүүхдээ хэт их анхаардаг болгодог билээ. Кинонд, дэлгүүр лүү явуулахаасаа ч айдаг болно.

Хүүхдээ ийш тийш явуулах нь танд аймшигтай санагдаж байвал та юунаас айж байгаагаа хэлэх хэрэгтэй. Ингэснээр та хүүхдэдээ айдас халдаалгүй, орчин тойронд итгэл алдуулахгүй байх билээ. Хүүхэд орчин тойрон бүгд дайсагнасан, аюултай зүйл биш гэдгийг мэдэж байх ёстой.

Хүүхэдтэй онцгой нөхцөл байдлын тухай ярьж болох бөгөөд гэхдээ тийм нөхцөлд өөрийгөө хэрхэн хамгаалах, яах ёстой тухайд гол анхаарлыг нь хандуулна. Ингэж ярихдаа нөхцөл байдлыг хэрхэн үнэлэх, яг ямар үйлдэл хийх зэргийг тайлбарлаж өг. Энэ тухай ярьж байхдаа тайван, ямар нэг сэтгэл хөдлөлгүй байх ёстой.

Хүүхдийн аюулгүй байдлыг цэцэрлэгт, сургууль дээр, гудамжинд, гэрт 100% хангана гэж үгүй. Бид бүгд л элдэв зүйлд өртөж болох бөгөөд ингэлээ гээд яах вэ? Айж ичиж суух уу эсвэл амьдрал нэг л заяасан, түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй гэдгийг хүүхдэдээ зааж сургах уу?

Эцэг эхчүүд хүүхдээ амьдралд бэлдэж, түүнд сайн сайхан, муухай зүйл байдгийг хэлж өгөх хэрэгтэй. Хүүхдээ хэт анхаарч аливаа зүйлийг хориглох нь (жишээ нь битгий хүр, болохгүй, унана …) хүүхдийг тэмцэгч биш харин хохирогч, тэмцэлгүй бие хүн болгож болзошгүй.

Үүнээс хол байж болох ба үүний тулд хүүхдийг багаас нь өөрийнхөө амьдралыг удирддаг болгох, түүний боломж нөөцийн тухай ярих, гэхдээ зөв хэмжээ хязгаар барих хэрэгтэй.

Хүүхдээ өөрсдөө аврах нь

“Бид яаж ч чадахгүй” хэмээн олон хүн ярьдаг. Энэ бол эцэг эхчүүд хүүхдийнхээ амьдралд тун үүрэггүй хандаж байгаагийн илрэл. Эцэг эхчүүд бүхнийг хийж болох бөгөөд хүүхдийнхээ аюулгүй байдлын тухайд бол бүр ч ярилтгүй.

Хууль дүрэм, барилга барих журам, стандарт гэж бий. Коридор, шат хооронд, заал, танхим зэргийн галын аюулаас зугтах гарцын хаалга ямар нэг цоож түлхүүргүй, дотроос онгойлгоход ямар ч саадгүй байх хэрэгтэй.

Бүх л аюулгүйн хаалга, гарц ямар ч нөхцөлд дотроосоо чөлөөтэй онгойдог байх ёстой. Ажил, сургууль, дэлгүүр зэрэг байнга байдаг газрынхаа ослын гарц, хаалгыг шалга. Гэнэтийн ямар нэг зүйл болоход ямар замаар үр хүүхдээ аврах талаар бодож төсөөлж үз.

Явж болохгүй болсон, юм хураасан, түгжсэн бүх л хаалга, орчны зургийг ав. Он сар, байрлал зэрэг бүх л зүйлийг нь бичээд хүргэх ёстой төрийн байгууллагад өг. Юу болохыг хэн ч урьдчилан мэдэхгүй.

22
ГоёГоё
12
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Naranchimeg Naranchimeg

    Naranchimeg Naranchimeg

    2018/04/07 at 17:31

    Bilguun Bek Belle Zulaa Oogii Oogii unshihad iluudehgui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *