Б.Батмаа: Арай л эрт нүцгэллээ гэж зарим хүн хэлсэн л дээ. Гэхдээ…

0

“Big line film”, “Orange entertainment”-ийн хамтын бүтээл “Хуримын даашинзтай бүсгүй” кино бүх кино театраар гарч байна. Энэхүү киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батмаатай ярилцлаа

Яагаад “Хуримын даашинзтай бүсгүй”-д тоглох болов. Таны дүрийн хувьд продюсерүүд санал болгосон гэж дам сонссон?

Ерөнхийдөө продюсерүүдийн санал байсан юм билээ. Түүнээс гадна би өөрөө бас “Big line film”-ийн найруулагч З.Батболд ахтай уулзаж, “Таны кинонд тоглох хүсэлтэй байна аа. Проб өгч үзье” гэж хэлэхэд Болдоо ах намайг нааштай хүлээж авч, зохиолоо уншуулсан.

Кино зохиол 2012 онд бичигдсэн гэж найруулагч З.Батболд ярилцлага(ярилцлагын холбоос оруулах)даа дурдсан байсан. Зохиолыг анх уншихад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Киноны зохиолыг анх уншихад л яагаад ч юм тэндээс өөрийгөө хараад байсан. Нуулгүй хэлэхэд хуримын даашинзтай бүсгүй нь би баймаар байна гэж битүүхэндээ шунасан. Ер нь бол зохиол бүхэлдээ маш их таалагдсан гэдгийг хэлмээр байна.

Найруулагчаас энэ киногоороо юу хэлэхийг хүссэн тухай асуухад, “Хайр” гээд маш товч хариулт хэлсэн. Тэр “Хайр”-ыг магадгүй үзэгчид гол дүр буюу таны дүрээс нэхэх байх?

Киноны маань бүх дүр илэрхийлэх зүйлтэй. Дор бүрнээ өөрийн зорилго, хэлэх санааг агуулж таарна. Бүхэлдээ бидний туйлын зорилго бол хайр. Миний бүтээсэн дүрийн тухайд хайраар маш их дутсан залуу эмэгтэй юм. Хайр дутагдахаар хүн хэн болдог вэ, эцийн эцэст ямар байдалд ордог юм бэ гэдгийг харуулах гэж их хичээсэн. Киногоо үзээд хүмүүс бидний юу хэлэх гэснийг ойлгох байх аа.

Өмнө нь та гурван кинонд гол дүр бүтээсэн. Энэ киноны дүр ямар талаараа танд сайхан санагдсан бэ. Бас ямар талаараа бүтээхэд хүндрэлтэй дүр байв?

Жүжигчин хүний тоглохыг хүсдэг дүрүүдийн нэг бол яах аргагүй энэ дүр мөн. Энэ дүрээс маш олон характер илэрдэг. Жоохон хүүхэд шиг, эсвэл “санаатай” хүүхэн шиг, цөхөрсөн эмэгтэй шиг, аз жаргалтай бүсгүй шиг гэх мэтээр олон эмоци гаргана. Энэ дүр дээр ажилласнаар миний хувьд маш их зүйл сурсан. Тодорхой хэлбэл, мэргэжлийн хүн дүрээ үзэгчдэд яаж хүргэж, ойлгуулах вэ гэдэг дээр их юм суралцсан гэж бодож байна.

Найруулагч З.Батболдын арга барил, онцлог гэж байгаа. Тэр нь чухам ямар байдлаар танд мэдрэгдэв?

Юуны өмнө найруулагч З.Батболдын ахын кинонд тоглож, хамтарч ажилласандаа их баярт байгаа. Багаасаал энэ хүний кинонуудыг үзсэн. “Сайн уу амьдрал минь” кино гарахад “Сонирхолтой юм аа, гурван ангитай кино юм уу. Битгий дуусаасай…” гээд догдлоод үзэж байснаа санадаг юм. Тэгэхээр энэ кино маань ерөнхийдөө зохиол сайтай, таны хэлснээр З.Батболд ах өөрөө бичсэн. Мэдээж найруулагч нь сайн.

Өөрийн тань насны хүнд гурван кинонд гол дүр бүтээнэ гэдэг мэдээж амжилт. Энэ кинонуудын дараа жүжигчин мэргэжлийн тухай таны бодол хэрхэн өөрчлөгдсөн бол?

Би өөрийгөө дөнгөж жүжигчний арга барилд суралцаж яваа л хүн гэж хэлнэ. Алдаа дутагдал ч мэдээж их байсан. Ямар ч байсан өөрийгөө хөндлөнгөөс хараад бас илүү суралцах ёстой, илүү их дадлага туршлага хэрэгтэй, илүү их мэдрэмжтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг алхам тутамдаа ойлгож байна. Үнэхээр кино урлагт хүч сорьё, бусдад сайхныг хүргэе, түгээе гэж бодож байгаа бол би өөрөө ч маш ихийг уншиж мэдэх хэрэгтэй юм байна. Таны асуултын хувьд хариулахад жүжигчний мэргэжил гэдэг бол үнэхээр агуу мэргэжил гэж боддог байсан тэр бодол минь өөрчлөгдөхгүй биз ээ. Одоо магистрт сурах гээд хөөцөлдөөд байгаа. Намраас Солонгост сурах гэж байна. Гадны кино, театрын урлагийн соёлоос суралцаад ирэх төлөвлөгөөтэй байгаа.

Энэ жил сургуулиа төгсөж байгаа билүү?

Тийм ээ. Ирэх сарын 12-нд төгсөнө.

Тэгэхээр гадагшаа сурахаар явах гэж байгаа тул хэсэгтээ дараагийн киногоо хараахан төлөвлөөгүй байгаа юу. Өөр киноны саналууд ирсэн үү.

Ирсэн. Гэхдээ тоглох эсэхээ шийдээгүй байгаа.

Жүжигчин хүмүүс амралтын өдрөөр ч гэртээ дүрээ бэлдээд, цаг наргүй ажилладаг. Хэд хэдэн кинонд амжилттай ажилласан болохоор энэ байдалд бараг дассан уу?

Жүжигчин хүн ажиллаж байхдаа амраад, амарч байхдаа ажиллана гэдэг үг байдаг. Тийм л зарчмаар ажиллана. Амарч байхдаа гэдэг нь гудамжаар алхаж явахдаа хүртэл хүн ажиглана гэсэн үг л дээ. “Аан, гутарсан хүн ингэдэг байх нь ээ” гээд огт танихгүй хүнийг хараад бодож байх жишээтэй. Нэг хэсэг би бараг өвчтэй болчихсон байсан. (инээв) Найзуудтайгаа уулзаад, нэг маань зовлонгоо яриад ч юм уу, уйлж байхад “Ингэж уйлдаг юм уу” гэж бодоод ч юм уу нэг хэсэг их сонин байдалтай явсан. Одоо ч гэсэн ингээд ярилцлага өгч байхдаа “Хүн ингэдэг юм байна” гээд ажиглаж байж мэдэх юм. Ерөнхийдөө их зүйл судалж байж үнэнийг харуулж чадна гэж бодож байна.

“30 хүрсэн дуучныг жинхэнэ дуучин гэдэг. Яагаад гэвэл хоолойны хувьд, үзэл бодлын хувьд ид тогтож ирдэг” гэж нэг дуучны хэлснийг санаж байна. Жүжигчний хувьд ийм зүйл байх уу?

Байнга суралцаж байдаг мэргэжил гэж би хувьдаа боддог. Одоо би гурван кинонд тоглосон гэдэг ч сая “Хуримын даашинзтай бүсгүй” дээр бараг л юу ч мэдэхгүй хүүхэд шиг л байх үе гарсан. Гайхаж, сандардаг ч юм уу, текстнийхээ учрыг олохгүй зогсох жишээтэй. Магадгүй нэг алхам ахисан ч дараагийн кинон дээр дахиад л суралцана. Гэх мэтээр ингээд суралцаад л явдаг мэргэжил гэж боддог. Миний бодлоор жүжигчин хүний зүрх маш гоё мэдрэмтгий, зөөлөн, юуг ч хүлээж авахад бэлэн яг л жаахан хүүхэд шиг байх хэрэгтэй юм байна гэдгийг энэ кинонд тоглоод найруулагчаасаа ойлгосон.

Монголоос таны хувьд хүндэлдэг, арга барилын хувьд сэтгэлд чинь хүрсэн жүжигчин хэн бэ?

Ардын жүжигчин С.Сарантуяа эгчийг гэж хэлмээр байна. Ерөнхийдөө манай ахмад үеийн жүжигчид бүгд л гайхалтай.

Ерээд оноос 2000-аад оны эхэн үе хүртэл Монголын кино урлаг унтаа байдалд шилжсэн гээд олон хүн хэлдэг. Кино урлагийн мэргэжлийн хүний  хувьд ч энэ тухай, үүний шалтгаан нөхцөл байдлын тухай ч ул суурьтай лекц сонсожл байсан байх. Тэгвэл өнөө үеийн Монголын кино урлагийн тухай ямар бодолтой явдаг вэ?

Кино урлаг хөгжиж байна гэж боддог. Харин кино зохиол тал дээр муудаж байгаа тал бий гэж боддог. Үнэхээр сайн зохиол байвал кино болгож хийх  хүсэлтэй, хийж чадах хүн маш олон байгаа. Харин зохиол бичдэг хүн, тийм нэг үе байхгүй болчихсон юм болов уу. Түүнээс биш техник технологи хөгжиж байна, маш чадварлаг зураглаач нар байна. Сайн найруулагч нар олон байна. Жүжигчний хувьд гэвэл хэдэн мянган хүн байна, жилд хэдэн зуугаараа төгсөж байна.

Төгсөж байгаа залуу жүжигчдэд мэргэжлээрээ ажиллах боломж хэр байдаг юм бол?

Жүжигчин мэргэжлээр олон хүүхэд төгсөж байна. Гэтэл энэ хүүхдүүдийг дэмжиж ажиллахаа больчихсон нь харагддаг л даа. Кино бүтээгчид маань тэр жүжигчдийг бус зүгээр нэг таньдаг эмч дүүгээ ч юм уу тоглуулчихдаг. Эсвэл хэн нэгэн арван жилийн хүүхэд ч юм уу, моделиудыг кинонд тоглуулдаг. Мэдээж болохгүй юм байхгүй. Гэхдээ мэргэжлийн хүмүүсээ авч, боловсруулж, явбал чанартай сайн жүжигчин залуус олон болно. Цэвэр өрсөлдөөн, дүрээ гаргах гэсэн мэргэжлийн гоё байдлууд харагдана. Ийм байгаасай гэж боддог ч кино хийж байгаа олон хүн “Мэргэжлийн бус байх нь хамаагүй, тийм өндөртэй, царайлаг охидыг тоглуулна” гээд проб авдаг. Энэ тал дээр би хувьдаа сэтгэл дундуур явдаг.

Кино пробын зарууд харагддаг. Хэр чанартай болдог бол?

Янз янз. Зарим нь бол ороход л шууд мэдрэгддэг. “Өө ямар ч зохион байгууллалтгүй юм байна” гээд жүжигчид ярьдаг. Сайн ч байна, муу нь ч байна. Няхуур авдаг нь ч байна. Зүгээр “За энийг уншчих” гээд явчихдаг хүмүүс ч байна.

Сүүлийн үед кино продюсингийн компаниуд цөөнгүй гарч ирж байна. Энэ кинон дээр жишээ нь “Оранж энтертаймент” ажилласан. Продюсингийн багийн тухай ямар сэтгэгдэлтэй байна?

Маш сэтгэл хангалуун байгаа. Кино хийнэ гэдэг олон хүний хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаарддаг. Ийм нөхцөлд сайхан дэмжээд уран бүтээлчиддээ боломж олгоод, ийм продюсингийн компаниуд гарч ирж байгаад баяртай байна. “Оранж энтертаймент” болон NTV телевизээс олон хүн кинонд маань ажилласан. Продюсерүүд, стиллистүүд гээд хамтын хүчээр кино багтайгаа ажиллаж ард нь гарлаа. Хамтын хөдөлмөрөө маргааш үзэгчдэдээ үзүүлэх гэж байна. Сэтгэл их өндөр байна.

Кино багийн хувьд?

“Red point media”-ийнхантай  хамтарч ажилласан. Манай Ерөнхий зураглаач Г.Гүенбаатар маш чадварлаг, олон кинонд ажилласан. Найруулагчтай их сайн ойлголцож ажиллаж байгаа нь харагдсан. Зураглаач Г.Гүенбаатар ах нэг удаа хэлж байсан, “Ах нь зураг авахдаа гол дүрдээ өөрөө дурлаж байж авдаг. Ингэж байж би чамайг сайхан гаргана” гэж хэлсэн. “Making movie” дээр үүнийгээ хэлэхдээ “Би тэр Шинээгийн нүдийг камернийхаа араас яг адилхан хараад, чичирч авсан” гээд ярьсан. Өөрөө яг тэгж найруулагчтайгаа, жүжигчинтэйгээ уусаж ажиллаж чаддаг. Ийм мундаг уран бүтээлчтай хамтарч ажилласандаа баяртай байгаа. Бас гэрэлтүүлэгч Батмаа ах байна. Зураглаач, зураачийн баг гэх мэтчлэн олон хүн байна. Мэдээж бас арын албаны олон хүн байгаа. Бүгдэд нь цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье. Явах гэж байгаа болохоор ч тэр үү, сэтгэлийн үгээ хэлээд байна шүү дээ. (инээв)

“Хуримын даашинзтай бүсгүй” киноны трэйлерийг харахад эротик хэсэг гардаг бололтой байсан. Тэр хэсэгт тоглох хэцүү байсан уу?

Хэцүү байсан гэж хэлмээргүй байна. Яагаад гэвэл энэ бол миний мэргэжил. Эмзэглээд, маяглаад байх зүйлгүй. Ерөнхийдөө хүнд сцендээ орно. Зодоон цохион, цус нөж болсон хэсгүүдээс ялгаагүй. Найруулагч Б.Үйзэнмаа, “Та нар зодоон цохион, алаан хядаан гаргахаасаа ичдэггүй байж. Өдөр бүр өөрсдөө хийдэг, нүцгэн шалдан зүйл харахаараа пүү паа болдог. Яагаад ингэдэг юм бэ. Энэ чинь гэсэн амьдрал шүү дээ” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр хүмүүс үүнийг үзээд зарим нь гоё мэдрэмж аваад л гарна. Хүн хүний л үзэл бодол өөр шүү дээ. Шүүмжлэх хүн ч байхыг үгүйсгэхгүй. Тэр сцений хувьд надад тийм хүнд, эмзэглэмээр санагдаагүй. Дээр нь би өөрөө ганц бие байгаа болохоор тэрэн дээр эмзэглэхгүй байгаа. Арай л эрт нүцгэллээ гэж зарим хүн хэлсэн л дээ. Гэхдээ энд би зүгээр ажлаа л хийсэн

Кино маргааш нээгдэнэ. Нээлтийн үеэр киногоо үзнэ гэдэг сайхан, гэхдээ бас өөр мэдрэмж. З.Батболд найруулагчийн хэлснээр нээлтийн үеэр үзэх, дараа нь билетээ аваад арын суудал дээр ч юм уу суугаад үзэх тэс ондоо гэж ярьж байсан. Нээлтийн дараа киногоо давтан үздэг үү?

Үздэг. Үзэгчдийг ажиглаж үзэх дуртай. Тэр бүрт өөрийнхөө алдааг ажигладаг. Найзуудтайгаа хамт ороод, инээлдээд үзэх үе байна. “Приусны босс”-ыг би бараг таван удаа үзсэн байх. “Шүүдэр дундуур”-ыг бас дөрвөн удаа үзсэн. Танхимын уур амьсгалыг харах сонирхолтой шүү дээ. Ийм үед ийм сэтгэлийн хөдөлгөөн, инээд гардаг. Ийм үед уйлдаг гэдгийг тэндээс л харна. Уран бүтээлчид бид бол зохиолоо олон удаа уншаад, өдөр болгон задлаад харсаар байгаад яг үзэгчид шиг үзэж чадахгүй. Танхимд суугаа үзэгчид уулга алдан, гайхах хэсгүүдийг ажиглана. Тэгээд тухай бүрт нь үзэгчдийн сэтгэлзүйг судлаад өөрийн алдаа оноог хараад явдаг.

Өөрийнхөө тоглосон киног үздэггүй жүжигчин Монголд байдаг болов уу?

Байдаг. Нэрийг нь хэлээд хэрэггүй байх. Ахмад жүжигчин хүн. “Өөрийнхөө киног үзээгүй ээ” гээд хэлдэг юм билээ. Магадгүй тийм хүмүүс киногоо үзэх шаардлагагүйгээр мэддэг болсон байдаг байх. Гэтэл би анхны киногоо үзчихээд, “Ямар тэнэг харагддаг юм бэ, ямар сонин хоолойтой юм бэ” гээд ичин байж үзэн, үзэн дассан байхгүй юу(инээв). Гэхдээ одоо үе бол арай өөр болсон байх аа. Харин ч киногоо үзээд, “Ийм байна, тийм байна. Сая би тэглээ тийм үү” гээд ярилцаад явах хэрэгтэй байх аа.

Найруулагчийн ангид сурч байгаад, жүжигчний ангид орсон юм билээ. Тийм шийдвэр гаргах болсон шалтгаан?

Найруулагч хүн гэдэг цаанаасаа төрсөн хүн байдаг гэж бодсон л доо. Миний хувьд яагаад ч юм жүжигчний мэргэжилтэй болмоор байна гэж үзээд ангиа сольсон. Гэхдээ найзууд маань намайг “Найруулагчийн мэдлэгтэй жүжигчин гэж боддог” гэж хэлж байсан юм шүү. (инээв) Найруулагчийн хувьд бага зэрэг номын дуу сонссон болохоор ч тэр үү, тэдний ажлыг харах дуртай. Жишээ нь, З.Батболд ахыг хараад “Аа ингэдэг юм байна” гээд л нэг юм хараад сурч байгаа юм. Магадгүй би ирээдүйд найруулагчаар ажиллах ч юм билүү гэж боддог шүү.

Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт ерөөе.

53
ХөөрхөнХөөрхөн
37
ТэнэглэлТэнэглэл
14
Ха ХаХа Ха
13
ГоёГоё
12
БахархмаарБахархмаар
11
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.