
Та мах л бол мах, хаана ч очсон адилхан гэж бодож байна уу? Махтай хоолыг улс орон болгонд өөр өөрөөр нэрлэж, өөрийн гэсэн үндэсний хэв маягт тохируулан бэлдэнэ. Хэрвээ та агаар салхинд гарч шорлог хийж идэхээр төлөвлөж байгаа бол энэхүү мэдээлэлтэй танилцана уу. Нүүрсэн дээр мах шарж идэх улс орнуудын аргуудыг туршиж үзэхэд хэнд ч сонирхолтой байх болно.
Карн асада – Мексик
Нарийн хэрчиж шарж болгосон үхрийн махыг тако эсвэл буритод хуйлж иднэ. Хачирт нь гуакамол, сальса, шарсан сонгино байж болно. Сүмс нь энгийн нимбэгийн шүүс, сармис, перец.
Чуан – Хятад
Махыг жижиглэн хэрчиж шорлож шарсан байна. Үүсэл гарал нь Шинжанаас гаралтай, сүүлийн үед Бээжинд их дэлгэрээд байгаа. Өөрийн хүссэн амтлагчаар амтална, гэхдээ уламжлалт амтлагч нь гоньд, перец, давс болон гүнждийн тос. Махны төрлийн хувьд ямар ч мах байж болно: загас, шувуу, гахай …
Булгоги – Өмнөд Солонгос
Цуу, сармис, перец, ногоон сонгино, цагаан гаа, мөөг зэргээр амталж шарсан мах. Махыг идэхдээ салатны навчинд ороож сармистай иднэ. Мөн өөр тусгай соус ч бэлэн байгаа ажээ.
Якинику – Япон
Махыг урьдчилан амтлахгүйгээр нүүрс дээр шарна, махаа болгоод бэлдсэн соусаараа амталж иддэг. Өмнөдийн уламжлалт амтлагчуудын адил чихэрлэг-халуун ногоотой соус байх ажээ.
Сатаи – Тайланд, Малайз, Сингапур, Индонез
Махны төрлийн хувьд бүс нутгаас хамаарч адилгүй, гэхдээ амтлагч нь нэг байна. Амтлагчинд кокосын сүү түлхүү орсон байх бөгөөд цагаан гаа, сармис, перец, давс, арахис самрын тосны орцтой. Их өег хоол тул их хэмжээгээр идэж чаддаггүй.
Лечон – Испани, Филлипин, Куб, Пуэрто-Рико
Ил гал дээр бүхэл гахайн махыг шарна. Энэ нь Филлипиний үндэсний хоолонд тооцогдох бөгөөд 16 дугаар зуунд морьтон түрэмгийлэгч нар бусад улс орнуудад буюу испани хэлтэй орнуудад уг хоолны соёлыг тараажээ.
Тандури – Энэтхэг, Пакистан, Бангладеш
Тандыр хэмээгдэх шавар зууханд шарж болгох тахианы мах. Махаа юуны түрүүнд йогурт, дараа нь тандури масала, тада гэх соусаар амтлана. Уг соусыг сармис, цагаан гаа, сонгино болон перецээр бэлдэнэ.
Сувлаки – Газар Дундад Тэнгис
Ихэвчлэн гахайн махаар уг шорлогийг хийнэ, хааяахан хонь эсвэл тахианы махаар хийнэ. Махаа жижиглэн хэрчээд оливийн тос, орегано, нимбэгийн шүүс, давс, перецээр амтлаад жижиг хэмжээтэй шорд шорлон ил гал дээр шарна. Мах нь аргуун талдаа болно.
Сувлакийг Грекийн түргэн хоол гэж хэлж болох бөгөөд тус улсын өнцөг булан бүрт хийж зардаг.
Брааи – Өмнөд Африк
Төмөр торхыг дундуур нь тайраад дээр нь төмөр сараалж тавиад л дээр нь махаа шарна. Тухайн бүс нутгаас хамаарч ямар махыг ямар амттайгаар шарах нь тодорхойлогдоно.
Йерк – Ямайка
Амталсан эсвэл утсан махыг хурц амтлагчаар амталж ил гал дээр шарах ямайк арга. Тахиа эсвэл гахайн махаар хийнэ. Амтлагч нь ус, нимбэг эсвэл жүржийн шүүс, уксус … Сүүлийн үед тогооч нар уг ямайк амтлагчаар загас, далайн гаралтай хүнс, үхэр, хонь, дофу зэргийг амталж шардаг болоод байгаа.
Йерк амтлагчийн хоёр гол орц – ямайкийн анхилуун перец болон халуун улаан перец, мөн хадаасан цэцэг, ногоон сонгино, задь, гоньд, сармис, цагаан гаа, давс зэрэг болно.







