
Автомат жолоодлогын систем бүхий автомашинууд дэлхийн зах зээлд хүч түрэн худалдаанд гарч олон хүмүүсийн харааг булаах болсон билээ. Тэгвэл энэ салбарт тэргүүлэгч Тесла компани жолоочийг унтаж байхад ч найдвартай жолоодох автомат жолоодлогын системийг бүтээсэн гэгдэж буй билээ. Гэсэн ч тус компанийн зүгээс автомат жолоодлогын систем ажиллаж байх үед ч жолооч сонор сэрэмжтэй байх нь зүйтэй гэж зөвлөөд байгаа юм.
Тесла загварын автомат жолоодлогын систем бүхий машинууд АНУ-ын замын хөдөлгөөнд ямар нэгэн асуудалгүй оролцож байгаа ч хөл хөдөлгөөн дэндүү ихтэй дэлхийн өөр бусад газарт ажиллах болов уу? Үүний хариултыг магадгүй та дараах бичлэгээс олж болох юм. Вьетнам улсын маш их ачаалалтай замын хөдөлгөөнд оролцож байх үедээ автомат жолоодлогын систем ачааллаа дийлэхгүй гацаж, жолоочийг өөрөө жолоогоо гартаа авахыг хүсч буй бичлэг цахим орчинд түгээд байна.
I found a video about Tesla's autopilot in Vietnam.
That poor system just gave up. pic.twitter.com/9J3FlL2tsw— Tu Minh (@TuhmSG) March 30, 2021
Тус бичлэгт, Тесла загварын машин замын түгжрэл дунд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл болон хүмүүсийг мэдэрч хөдөлгөөн хийх гэсэн боловч чадахгүй, жолоочид жолоогоо авахыг анхааруулсан дохио ирүүлж байгаа нь бичигдэж үлджээ.
Түүнчлэн “Яаралтай гар жолоодлогод шилжинэ үү, автомат удирдлага ажиллах боломжгүй байна” гэсэн анхааруулга хянах дэлгэц дээр гарах ажээ. Орчин үеийн техник технологи үсрэнгүй хөгжиж байгаа боловч хөл хөдөлгөөн ихтэй замуудад автомат жолоодлогын систем бүрэн ажилладаг болоход хол байгааг энэ үйл явдал баталсан байна.
Мөн энэхүү бичлэгийг үзвэл Тесла загварын машины автомат жолоодлогын систем нь машиныг бүрэн хяналтандаа авах бус, жолоочид туслах нэгэн хэрэглүүр төдий зүйл гэх дүгнэлтэд ч хүрч болох ажээ. Хиймэл оюун ухаан, компьютер тооцоолол өндөр хөгжсөн ч Зүүн өмнөд Азийн хөл хөдөлгөөн ихтэй замын хөдөлгөөнд оролцохын тулд автомат жолоодлогын систем бүхий Тесла автомашинд хүний оролцоо зайлшгүй шаардлагатай гэдэг нь ийнхүү нотлогдож байна.








Зочин
2021/04/12 at 20:18
like us in mongolia too