Британий машин үйлдвэрлэгч Jaguar Land Rover-ын брэнд бүтээгдэхүүн Land Rover-ын бүрэн шинэчлэгдсэн Discovery Sport загварын хамгийн сүүлийн үеийн алдагдсан зургуудыг автомашины хорхойтон үзэгчиддээ толилуулж байна. Энэ оны сүүлээр буюу 10-р сард болох 2014 оны Парисын авто шоуны үеэр танилцуулагдахын өмнө эрчимтэй шалгагдаж буй энэ машины дараах зургуудыг Германы Nürburgring мотоспортын цогцолборт байхад нь авчээ.
Тансаг зэрэглэлийн компакт спорт машин LR2-ын халаа болон гарч ирж буй энэ машин Range Rover Evoque-гийн тавцанг зээлдсэн байна. Ford-ын хуучин EUCD загварыг бага зэрэг дуурайсан бөгөөд иж бүрдлүүдийн хувьд 90 хувь шинэчлэгджээ. Төмөр хэсгүүдийн заримыг хөнгөнцагаанаар шийдсэн нь хөнгөн жинтэй байхад тусалсан байна. Discovery Sport нь Evoque-тэй пропорц болон стилийн хувьд бараг адил боловч арай том байх болов уу хэмээн хүлээгдэж буй юм.
Үндсэн загвар дахь хөдөлгүүр нь Jaguar Land Rover-ын Ingenium-ын хөдөлгүүрийн нэгдэл дэх 2,0 литрийн 4 цилиндр бүхий турбо хөдөлгүүр аж. Range Rover болон Range Rover Sport-д нэмэгдэж ирсэн 3,0 литрийн V6 хөдөлгүүр ч байж болох юм гэж үзэж байна.
Энэ оны сүүлээр анхлан танилцуулагдах Land Rover Discovery Sport машины худалдаа 2015 онд эхэлнэ гэнэ.