Хувь хүнээс хуучин гар утас худалдан авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

3

Хувь хүнээс гар утас худалдаж авна гэдэг өөрөө эрсдэлтэй хэрэг. Гэхдээ доорх зөвлөмжийг дагаж чадвал танд учирч болох эрсдэлийг хамгийн бага болгох билээ.

Хуучин утас худалдаж авахын ач тус болон хор хохирол

Шинэ утас гэдэг маань маш үнэтэй зүйл бөгөөд харин хувь хүнээс хэрэглэж байсан утсыг хямдхан үнээр авч болно. Бага зэргийн, чухал бус гэмтэлтэй бол бүр ч хямдхан авах боломжтой. Хуучин утас худалдаж авах нь танд санхүүгийн бэрхшээл бий болсон үед боломжийн арга бөгөөд жирийн нэг дундаж утасны оронд тэр үнээрээ топ утастай болдог билээ.

Муу зүйл нь – тэрхүү утсыг яаж хэрэглэж байсан, ямар нэг гэмтэлтэй эсэх талаар та тодорхой мэдэхгүй байх явдал юм. Мөн худалдаж буй хүн тань үнэн ярьж байгаа эсэхэд итгэх аргагүй явдал билээ.

Яагаад хүмүүс хэрэглэж байсан утсаа зардаг вэ?

Олон янзын шалтгаан бий:

  • Шинэ утас авах гэж
  • Мөнгө яаралтай хэрэгтэй болсон
  • Хэрэггүй зүйл хэн нэг нь бэлэглэсэн
  • Худалдаж авсан боловч таалагдаагүй (хэрэглэж байсан утсыг дэлгүүр эргүүлэн авахгүй)

Мөн утас ихээхэн том гэмтэлтэй болсон үед ахиухан мөнгөөр өгч салахын тулд зардаг байна.

Яаж найдвартай зар олж авах вэ?

Эрж хайх явцдаа боломжит луйварчдыг шууд хасах хэрэгтэй.

Зураг болон гадаад, дотоод байдлыг тодорхойлсон юмгүй зарыг үзэх хэрэггүй

Хэрвээ гүүглийн стандарт болсон ганц нэг зурагтай, утасны тухай бүх л мэдээллийг утсаар ярьж авч болно гэх маягийн зарлал байвал түүнд цаг зарах хэрэг үгүй. Өөрийгөө хүндлэх худалдагч нь 5 минут зарж, утасныхаа тал бүрээс зураг авч, хаанаас авсан, хэзээ авсан, баталгаат хугацаа нь хүчинтэй эсэх, ямар гэмтэлтэй болон бусад анхаарах зүйл бий эсэх, яагаад зарах болсон шалтгаан зэргээ бичиж таарна. Нэмэлт асуух зүйл байвал худалдаж буй хүнээс утсаар асууж болно.

Хэт хямд үнэтэйд нь бүү хуурагд

Хэрвээ утас маань ямар ч асуудалгүй бол анхны үнээс буюу дэлгүүрийн үнээс гуравны нэгээр хямд байх нь хэвийн үзэгдэл юм. Хэрвээ бага зэргийн “асуудал байгаа” бол хоёр дахин хямд байж болно. Харин хэд дахин хямд бол болгоомжлох хэрэгтэй: нэг бол танд хуурамч бараа зарах гэж байна эсвэл танд ихээхэн хүнд гэмтэлтэй зүйл зарах гэж байж болох юм.

Эвдэрсэн эд зүйл худалдаж авч болохгүй

Мөн маш бага үнээр жижигхэн эвдрэлтэй зүйл зарах гэж байж болох юм. Камер нь ажиллахгүй, дэлгэц нь цуурсан гэх мэт. Эсвэл ердөө л асахгүй байгаа… Зар түгээгч нь иймэрхүү ялихгүй зүйлээр хөөцөлдөж явах цаг зав байхгүй, шинээр утас авчихсан, та захын засварын газар хямдхан янзлуулчихна гэх мэтээр бичдэг. Гэтэл үнэндээ түүнээс эсрэг байж болох юм. Утас маань засагдах аргагүй болж гэмтсэн эсвэл маш үнэтэй засвар шаардлагатай гэх мэт. Хэрвээ та утасны мэргэжилтэн л биш бол ийм юмнаас хол явсан нь дээр. Ер нь ч тэгээд орчин үеийн ухаалаг утсыг засахад төвөгтэй ба нэг юмыг нь засахад нөгөөх нь эвдэрдэг билээ.

Урьдчилан төлбөр хийж болохгүй, өөр хотоос худалдаж авч бас болохгүй

Утас хэрэгслээ өөрийн биеэр үзэж шалгах хэрэгтэй.

Зар бичигчийг “шалгах”

Олон сайтууд тухайн зар нийтлэгчийн бусад зарыг харах боломжтой байдаг.Үүнийг анхаарах хэрэгтэй ба хэрвээ тэр хүн олон арван утасны зар тавьсан бол тэр бол ердөө л “ченж”. Тэр өөрийнхөө зарж байгаа зүйлийн төлөө хариуцлага хүлээхгүй ба түүний зорилго нь зөвхөн ашиг. Ийм зараас хол байгаарай.

Мөн хайлтын системээр зарын эзний тухай мэдээлэл хайж болох юм. Хэрвээ тэр луйварчин бол цаг үргэлж өөр нэр, сим ашиглах нь тодорхой. Харин “жинхэнэ” бол тэр хүний тухай бага ч гэсэн мэдээлэл олж болох бөгөөд ийм хүнд итгэх нь арай илүү дээр биз ээ. Бас юу ч олохгүй байж болох бөгөөд олон хүмүүс спамаас айж өөрийнхөө дугаар зэргийг сүлжээнд оруулахыг хүсдэггүй билээ.

Худалдаж буй хүнтэй хэрхэн харьцах вэ?

Та санаанд таарсан зар олж аваад уулзах хэрэгтэй болжээ. Утсаар юу асуух вэ? Хаана, хэзээ уулзах, баталгаа бий эсэх, утастай холбоотой ямар нэг асуудал бий эсэхийг л асууна. Та дуу хоолойгоор худал үнэн ярьж байгааг тодорхойлох мэргэжилтэн биш байх нь бараг тодорхой боловч юу гэж хэлэхийг нь анхааралтай сонсоод үзээрэй – магадгүй ямар нэг зүйл хачин байж болох юм.

Утасны тусгай, дахин давтагдахгүй дугаарыг (IMEI ) явуулахыг заавал шаардах хэрэгтэй. Мөн баталгаат хугацаа, хулгайн утас биш, хуурамч биш гэдгийг мэдэх боломжтой утасны тухай мэдээллүүдийг шалгана. Гэхдээ хулгайлагдсан утасны жагсаалт дотор энэхүү утас байхгүй байх нь тухай утас хулгайн утас биш гэсэн баталгаа бас биш шүү гэдгийг санах хэрэгтэй.

Хаана уулзах вэ?

Хамгийн сайн арга нь зарж байгаа хүний гэрт очиж авах юм. Хэрвээ тэр хүн таныг гэртээ авчрахад бэлэн байгаа бол түүнд нуух хаах зүйл үгүй, та гомдол гаргаж эргэн ирнэ гэсэн айдас үгүй байгааг харуулж байгаа хэрэг. Магадгүй луйварчин өдрөөр айл түрээслэн итгэмтгий хүнийг хуурч байж болох ч энэ нь тун цөөхөн байх биз ээ.

Гэхдээ ингэж очихыг шаардаад байх нь заримдаа эелдэг бус зан гарган эвгүй аашилж байгаа мэт байж болох юм. Эсвэл та хотын нөгөө зах руу явах сонирхолгүй байж болно. Оффис, худалдааны төв, кафе бас боломжийн хувилбарууд. Харин гудамжинд уулзах нь дэмий бөгөөд танихгүй хүний машинд суухаас зайлсхийгээрэй.

Өөртөө авч явах зүйл

Утас худалдаж авахын тулд танд кабел, зөөврийн цэнэглэгч, таарах сим-карт, чихэвч, таарах санах ой бүхий хэрэгсэл байх хэрэгтэй.

Юу юуг шалгах вэ?

IMEI

Ямар ч утсан дээр *#06# хийгээд түүний дахин давтагдахгүй дугаарыг харж болно. Хэрвээ утасны хайрцаг нь байвал түүн дээрх дугаарыг утасны IMEI-тэй харьцуулж харах ба яг адилхан байх ёстой. Ингэж та утас болон хайрцаг нь нэг гаралтай зүйл гэдгийг мэдэж авна. Гэхдээ луйварчид принтерлэсэн дугаарыг хайрцаг дээр нааж, хулгайн утсаа борлуулдаг арга бас бий.

Баталгаа

Хувь хүнээс зөвхөн албан ёсны баталгаатай гар утас л худалдаж авах хэрэгтэй. Баталгааны хугацаа нь дуусахад хэдхэн сар үлдсэн байсан ч хамаагүй, энэ нь ямарваа нэг бэрхшээл үүсэхэд танд туслах жижиг боловч боломж юм. Мөн зарж буй хүнд утас худалдан авсан бичиг баримт байх хэрэгтэй. iPhone-ыг ямар нэг бичиг баримтгүй засварт өгч болдог бөгөөд учир нь тэдгээрийн тухай мэдээлэл нэгдсэн сүлжээнд хадгалагдаж байдаг байна.

Гадаад байдал

Таны зорилго бол утас маань ямар нэг гэмтэлгүй байх хэрэг. Бүх л талаас нь сайн харж, ямар нэг сэв зураас байгаа эсэхийг хянаж, хэрэв бий бол ямар нөхцөлд, хэзээ ийм болсныг нь асууна. Ихэнхдээ гар утасны дэлгэцийг хагалж оронд Хятадын чанар муутай дэлгэцээр сольсон байдаг. Хүн болгон үүнийг хараад ялгаж чадахгүй, боломжгүй юм. Тиймээс адил, оригинал утсыг өмнө нь сайн харж тогтоож авч харьцуулах нь зөв юм шүү.

Утсаа гартаа эргүүлж, их биеийг нь дарж үз. Ямар нэг холхих хөдөлгөөн, сул юм байгаа эсэхэд анхаараарай. Бүх л товчлуурыг дарж үзэж, боолт нь шинээрээ байна уу, халиваар хүрсэн шинж байгаа эсэхийг харах хэрэгтэй.

Чийг орсон эсэхийг мэдэх хэцүү боловч зарим iPhone-д тусгай мэдрэгч байдаг. Сүүлийн үеийн утаснууд ус чийгний хамгаалалттай болсон гэдгийг бас санах хэрэгтэй.

Дэлгэц

Хэрвээ дэлгэц дээр хамгаалалтын хальс, шилэн наалт байвал салгаж үзэх хэрэгтэй ба зарим гэмтэл эдгээрийн цаанаас харагддаггүй. Дэлгэцийн бүх л хэсэгт мэдрэгч зөв ажиллаж байгаа эсэхийг шалга. Үүний тулд янз бүрийн текст бичиж, дэлгэц шилжүүлэх үйлдлийг янз бүрийн хэсэгт хийж үз.

Мөн матрицийн ажиллагааг шалгах ба 5 матриц гэмтсэн байх нь хэвийн бөгөөд илүү бол үүнийг гэмтэл гэж үзнэ. Android утсан дээр шатсан хэсгийг тодорхойлох программ байдаг бол iPhone дээр харанхуй дэлгэц хийж шатсан хэсэг байгаа эсэхийг доорх апп-аар шалгаж болдог байна.

Оролтууд

Цэнэглэгч, чихэвч зэргийг залган бүх л оролтууд хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана. Хэрвээ ойрхон залгуур үгүй бол зөөврийн батарей хэрэглэж болно. Сим карт болон санах ой хийж үз. Тэдгээрийг таниж байгаа эсэхийг заавал шалгаарай.

Камер

Үндсэн болон туслах камерыг заавал шалгах хэрэгтэй. Цагаан хана, цаасны зураг авч шалгах ба дэлгэц дээр ямар нэг толбо байх ёсгүй (толбо байвал камерт гэмтэл байгаа гэсэн үг).

Батарей

Богино хугацааны уулзалтын үеэр батарей хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгах боломжгүй байдаг. Ер нь түүний цэнэг барих чадвар нэг жил хэрэглэсний дараа нилээд буурдаг байна. Эхлээд утасны цэнэг хэдэн хувьтай байгааг ил гаргаж ирэх ба хэдэн минутын дараа цэнэг 5%-иас илүү буурч байвал батарей муудсаны шинж.

Орчин үеийн утсанд салгадаг батарей байх нь бараг үгүй болсон бөгөөд хэрвээ та ингэж салдаг батарейтай утас авч байгаа бол салгаад сайн хараарай. Тэв тэгшхэн байх ба цүдийж, хөөсөн байвал осолтой шүү. Мөн утасны арын хэсэг цүдийсэн, дэлгэц дээр нарийн цагаан зураас гарсан байвал батарей гэмтсэний дохио.

Дуу

Дуудлагын дуу тохируулах хэсэгт орж дуу чимээг нь хамгийн чангаар ердийн байдлаар болон чихэвчээр шалгана. Хэн нэгэн рүү залгаж дамжуулах чанар ямар байгааг мэдэх хэрэгтэй. Хэрвээ залгах хүн үгүй бол янз бүрийн автомат хариулагч бүхий утсанд залгаж болно. Харин микрофоны чанарыг диктофон байдлаар шалгадаг байна.

GPS, утасгүй сүлжээ

Bluetooth, Wi-Fi сүлжээг ажиллуулан тухайн сүлжээ гарч ирж байгаа байдлыг харна. Газрын зураг дээр өөрийнхөө байгаа газрыг тодорхойлж үз. Тасалгаанд байгаа бол цонхонд ойрхон очиж шалгана.

Мэдрэгчүүд

Ихэнх утаснууд ойр холын болон гэрлийн мэдрэгчтэй байдаг. Эхнийх нь утсаа чихэнд ойртуулах үед дэлгэц унтраах бол хоёр дахь нь дэлгэцийн гэрэлтүүлгийг өөрчилдөг билээ: үүнийг шалгахын тулд мэдрэгчээ хуруугаараа хаах замаар шалгаж (автомат гэрэл тохируулагч энэ үед идэвхтэй байхаар тохируулсан байх) болдог.

Мөн дэлгэцийн байрлал утасны байрлал даган өөрчлөгдөж байгаа эсэхийг шалгаарай. Мөн л утасны энэ функц идэвхтэй байх үед нь ингэж шалгадаг.

Хэрвээ утас хурууны хээгээр таньдаг бол өөрийн хурууны хээгээр шалгаж, хэрхэн таньж байгааг нь мэдэж болно.

Софт

Иймэрхүү шалгалтын үед хэвийн ажиллагаатай утас халах, удах, гацах ёсгүй. Үндсэн программууд шууд л ажиллана.

Бүх л зүйл ок, худалдаж авахад бэлэн үү? Эхлээд бүх л тохиргоонуудыг устга. Худалдаж байгаа хүн маань ингэсэн гэж хэлсэн ч ялгаагүй. Систем нууц үг шаардаж болох юм. Хэрвээ худалдаж байгаа хүн маань үүнийг “мартсан” бол энэ нь хулгайн утас байж болох учир худалдаж авахаас татгалзах хэрэгтэй. Харин бүх зүйл хэвийн бол өөрийнхөө аккаунтыг хийж нээгээрэй.

iPhone худалдан авч байгаа хүмүүсийн анхааралд: Apple-д хамгаалалтын хүчирхэг систем байдаг. Хэрвээ утас тэр системд хулгайлагдсан гэж бүртгэгдсэн бол хэн ч түүнийг ажиллуулж чадахгүй. Тиймээс утас худалдан авахдаа зөвхөн өөрийнхөө аккаунтаар ороод iCloud-оо идэвхжүүлэн, Find iPhone программыг идэвхжүүлсний дараа л худалдаж авах хэрэгтэй.

Төгсгөл

Ядаргаатай хүн шиг харагдахаас бүү зов. Утас зарж байгаа хүн тань иймэрхүү бодолтой болж байгаагаа хэлж, ойлгуулж л байг. Танд утас хэвийн эсэхийг шалгах, шийдвэр гаргах хоёр дахь боломж гарахгүй билээ.

20
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. bishrel

    2020/05/14 at 15:44

    хэрвээ apple ID-гүй бол ,яаж нээх вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *