Хүүхдүүд яагаад буруу хэрэг хийдэг вэ? Эцэг эхчүүд эдгээр шалтгаануудыг заавал мэдэж аваарай!

2

Хүүхдийнхээ хийсэн буруу хэргийн төлөө санаа зовж, ичиж байгаагүй эцэг эх гэж үгүй байх. Эдгээр алдаа нь хүмүүжилтэй холбоотой юм. Гэхдээ эцэг эх, эмээ өвөө нараас нь хамаагүйгээр хүүхэд хачин ааш зан гаргах шалтгаанууд байдаг билээ. Заримдаа хүүхдүүд маань тэсэхийн аргагүй байх бөгөөд үүнд эцэг эх буруугүй байх үе бий.

Хүүхэд маань хачин ааш зан гаргах хэд хэдэн шалтгааныг танилцуулж эцэг эхчүүдэд бяцхан тусламж хүргэе.

1. Сониуч зан

Орчин тойрныг таних гэсэн хүүхдийн хүсэл нь олон хачин үйлдэл (эцэг эхийн бодлоор) хийх нөхцөл болно. “Бүх номыг тавиур дээрээс нь унагавал яах бол?” аавын сахлын хөөс ээжийн нүдний будгийг холивол ямар байх бол?” гэх зэрэг нь хүүхдийн маш их сонирхдог зүйлс юм.

Томчууд хүүхдийн ийм зан үйлдлийг дуулгаваргүй зан гэж үзэх боловч үнэндээ хүүхэд маш чухал туршилт хийж байгаа болохоос таныг уурлуулах гэсэн санаа огт үгүй юм шүү.

Юу хийх вэ?

Ил тод туршилтаа хийг. Эцэг эхийн хяналт дор хольж хутгах нь илүү дээр ба ингэж тэрээр орчлон ертөнцийн олон янзын зүйлстэй танилцах билээ.

 

2. Харилцааны бэрхшээл

1,5-2 настай хүүхдүүд муухан ярьдаг. Тиймээс тэд гадаад орчинтой харилцахдаа хэцүүхэн нөхдүүд. Таны хоёр настай хүүхэд барьж байгаа тоглоомон хүрзээрээ хажуу дахь хүүхдийн толгой дундуур буулгаад авбал энэ нь догшин түрэмгий зан биш харин “энэ миний тоглоом битгий ав” гэж хэлж байгаа хэрэг юм. Мөн хатгадаг цамц, хэт чанга дуу зэрэг хүүхэд зовоох, хямраах олон янзын зүйл байж болно.

Юу хийх вэ?

Тайван ярилцаж, тайлбарлан дараа нь дахин тайлбарлана. Хүүхэд тантай болон орчинтой харьцаж сурах, илүү тэвчээртэй болж удахгүй хэрэгтэй зүйлүүдийг мэддэг болно.

 

3. Мэдрэлийн систем гүйцэд хөгжөөгүй

3-4 насны хүүхэд өөрийнхөө уур уцаарыг барьж чадахгүй, үйл хөдлөлийнхөө хязгаарыг таньж мэдээгүй үе. Тийм учраас тэд гэр бүлийн элдэв дүрэм журмыг зөрчих болно. Хүүхэд зун цагт зугаалгаар явахдаа эсгий гутал өмсөх гэх эсвэл бүр огт гуталгүй гарах гэж зүтгэх зэрэг нь энэ явдлын нэг илрэл юм.

Түүнээс гадна хүүхэд маань сэтгэл зүйн туршлага байхгүй учир тоглоом эвдрэх нь уйлах, бүр хамаг юм сүйрч байгаа мэт аяглах нөхцөл болдог байна.

Юу хийх вэ?

Байх ёстой хэмжээнд нь яг байлгах. Зөрчиж болдоггүй дүрэм, хязгаар гэж байдаг гэдгийг хүүхдэд ойлгуулах хэрэгтэй.

 

4. Эрх чөлөөтэй байх хүсэл

Хүүхэд дөнгөж төрөөд удаагүй ч тэр аль хэзээний хувь хүн билээ. Эцэг эхчүүдэд үүнийг хүлээн зөвшөөрөх нь хэцүү байдаг ч энэ нь үнэн зүйл юм. Хувь хүн болгонд өөрийн гэсэн хэрэгцээ байх ба жижиг хүүхдэд өөрийн гэсэн хэрэгцээ, амьдралын орчин хэрэгтэй.

Хүүхдийн хүсэл зоригийг үл тоох нь хариу догшин зан байдал бий болгох ба чухам энэ хамгийн амархан аргаараа хүүхдүүд маань байр сууриа олох гэдэг байна. Хэрвээ эцэг эх нь хүүхдэд өөрийн гэсэн нууцтай байх боломж орчин олгохгүй бол хүүхэд зүгээр л худлаа ярьж эхэлнэ.

Юу хийх вэ?

Сонсох бас дахин сонсох, хүүхдээ том, бие даасан байлгах. Өөрөө хувцсаа өмсөх мэтийн хамгийн энгийн зүйл нь ч хүүхдийн өөрийн тухай бодлыг дээшлүүлэх билээ.

 

5. Амьдралын өөрчлөлт

Хүүхдийн хувьд тогтмол ойлгомжтой байдал бол эрүүл өсөж торнихын нэг чухал нөхцөл байдаг. Сайн муу хамаагүй өөрчлөлт нь (эцэг эх салах, цэцэрлэг, сургуульд орох, дүүтэй болох г.м.) хүүхдийн үйл хөдлөлд өөрчлөлт оруулна. Хүүхэд  шинэ орчиндоо дургүйцэн ууртай, дуутай шуугиантай болж болох юм.

Юу хийх вэ?

Хүүхдэдээ өөрийн гэсэн тохирох, аюулгүй, тогтвортой орон зай бий болго. Хайртай тоглоом юм уу сайн найзтайгаа харьцах гэх мэт нь эдгээр орон зай болох бөгөөд хүүхэд стрессийг даван туулахад нь их тус болох билээ.

 

6. Их хэмжээний сахар агуулсан хүнс

Хүүхдийн үйл хөдлөлд нөлөөлөх сахарын тухай эрүүл мэндийн салбар маш их ярьдаг. Олон эцэг эхчүүд  хүүхэд нь амттай зүйл идсэний дараа зан ааш, үйл хөдлөл нь өөрчлөгддөг (ихэнхдээ буруу тийш) гэж ярьдаг.

Зарим судалгаагаар нүүрс-усны хэт их хэрэглээ нь хүүхдийн хэт идэвхтэй байдалтай холбоотой байна.

Юу хийх вэ?

Сахар ихээр агуулдаг хүнс гэдэг бол зөвхөн чихэр, шоколад, хийжүүлсэн ус биш юм. Зарим иогурт зэрэг өндөр гликемик индекс бүхий хүнс нь цусан дахь глюкозын хэмжээг ихэсгэдэг байна.

 

7. Удамшил

Анхаарал төвлөрүүлж чадахгүй, уур уцаар ихтэй, огцом үйл хөдлөл хийдэг зарим хүхдийн эцэг эх санаа амарч болно. Хүүхдийн үйл хөдлөлд “хүүхдийн хэт идэвх, анхаарал дутагдах синдром“ гэгчид муу хүмүүжил биш харин ген нөлөөлдөг байна.

Маш их үймүүлдэг хүүхдийн эцэг эх хүүхдээ хүмүүжүүлж чадсангүй гэдэг үгийг сонсдог. Кардиффын эрдэмтэд хүүхдийн муу зан үйл нь удамшин дамждаг гэж мэдэгдэж байна.

Юу хийх вэ?

Дээрх синдром илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Сэтгэл зүйн-үйл хөдлөлийн хямрал учир зөвхөн мэргэжилтэн л эмчилгээ хийх нь зөв юм.

 

8. Чөлөөт цаг дутагдах

Орчин цагт хүүхдүүд маш их завгүй болсон ба янз бүрийн дугуйлан, хөгжүүлэх сургалт гэсээр бараг чөлөөт цаггүй байна. Хэзээ тоглох хэрэг вэ? Тоглох нь хүүхдийн сэтгэл зүйн болон нийгмийн хөгжлийн нэг чухал хэсэг юм. Тоглох үедээ хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ харилцаж сурна. Харин ийм харилцааны дутагдал нь зөрчил, харилцан үл ойлголцох байдал, зодоонд хүргэдэг байна.

Юу ч хийхгүй байх нь хүртэл тодорхой хэмжээнд хүүхдэд хэрэгтэй байдаг байх нь. Буйдан дээр юу ч хийлгүй хэвтэж байх нь тэрхүү хүн маань агуу их сэтгэн бодох үйл ажиллагаа явуулж аливаа нэг санаа бий болж байгаа хэрэг юм.

Юу хийх вэ?

  • Хүүхдийнхээ бүх л цагийг ямар нэг сургалт зэрэг зүйлд бүү зарцуул. Эхэлсэн тоглоомд нь оролцох гэж битгий яар. Тоглох үйл нь сурахаас дутуугүй ач холбогдолтой гэдгийг сайн санаж бай. Тоглож байх явцдаа шийдвэр гаргаж, хариуцлага хүлээх чанар сууж эхэлдэг билээ.
  • Илүү их унтах, юу ч хийхгүй хэсэг суух дуртай хүүхдийг бүү зэмлэ. Энэ нь өсөж торних нэгэн процесс юм. Магадгүй танайд суут ухаантан бий болж байгаа ч юм билүү.

 

9. Хүүхдийн хувиа хичээх байдал

Хүүхэд тодорхой нас хүртлээ сэтгэл зүйн хувьд ямар нэг өрөвдөх, хайрлах болон бусад хөдлөл гэдгийг мэддэггүй байна. Хүүхдүүд өөртөө хэрэгтэй зүйлд л анхаарах ба бусдын бодол санааг үл мэдэрнэ. Зэрэгцэн тоглож байгаа хоёр хүүхэд ч гэсэн үнэндээ ганцаараа тоглож байдаг бөгөөд тэднийг анхааралтай сонсвол хоорондоо ярьж байгаа мэт боловч нөгөөгийнхөө үгийг сонсохгүй ганцаараа л ярьж байдаг. Тиймээс олуулаа тоглодог нуугдах мэтийн тоглоом ч тодорхой нас хүрсэн хүүхэд тоглох ба түүнээс бага хүүхдүүд энэ тоглоомыг тоглох чадваргүй, боломжгүй байдаг.

Юу хийх вэ?

Хүлээх. Хүүхэд 3-4 нас хүрэх үедээ орчлон дэлхий зөвхөн өөрийг нь тойрон байдаггүй юм байна гэдгийг ойлгож эхлэх ба удалгүй хоорондоо тоглож, тоглоомоо хуваалцаж, хөлөө өвтгөсөн нэгнийгээ өрөвдөх болохоос дооглож инээхээ болино.

 

10. Фрустрац буюу хүсэл мөрөөдөл нь үл биелэх нөхцөл

Фрустрац гэдэг нь хүсэл мөрөөдлийг нь байгаа боломж нь хангаж чадахгүй байх сэтгэл зүйн нөхцөл байдлыг хэлнэ. Ийм нөхцөлд орсон насанд хүрэгчид невроз, депресс, түгшүүрт автах, зарим нэг нь бүр амьдралаас уйдах хэмжээнд хүрдэг байна. Хүүхдийн сэтгэл зүй өөр байдалтай байх учир тэр тулгарсан бэрхшээлийг (ээж нь шавар туулуулахгүй байх) уйлж, чарлаж дотроо онгойлгодог байна.

Юу хийх вэ?

Хүүхэд уйлж, чарлах нөхцөлд орохоос аль болох зайлсхийх хэрэгтэй. Дэлгүүрээс байнга уйлаан чарлаан болж гардаг уу? Тэгвэл хэсэг хугацаагаар дэлгүүр явах хэрэггүй. Ойлгомжтой, яг таг дүрэм тогтоон түүнийгээ яв цав баримтлах нь чухал.

16
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *