Ихэнх хүмүүс чихрийн шижинтэй хүмүүсийн л цусан дахь сахарын түвшин нь өссөн байдаг гэж боддог. Гэхдээ энэ нь тийм биш. Ямар ч хүнд энэ нь тохиолдож болох зүйл бөгөөд үүнээс болоод мэдрэл, цусны судас, эрхтнүүдэд ямар хор хөнөөл учирдгийг тухайн хүн өөрөө ч анзаардаггүй.
Хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хугацаа алдалгүй анхааруулах шинж тэмдгүүдийг таниж, тодорхой арга хэмжээ авч байх нь чухал.
Байнгын өлсөх мэдрэмж
Сахарын өндөр түвшин эсэд глюкоз ороход саад хийдэг ба үүний үр дүнд бие организм энерги авч чадахгүй байх ба дахин дахин хоол нэхэх болно. Улмаар үл зогсох хаалттай тойрог үүсэх болно.
Ядаргаа
Сахарын түвшин өндөр байх үед бие организм глюкозыг зөв хадгалж, шингээж чаддаггүй. Энерги үр ашиггүй зарцуулагдаж, бие дэх эсүүд шаардлагатай түлшээ авч чадахгүй. Энэ бүхэн нь хүнд ямар ч шалтгаангүйгээр байнга ядарсан мэдрэмж төрөхөд хүргэдэг.
Шээс олшрох
Хэрвээ сахарын түвшин хэт өндөр бол бөөр түүнийг нэвтрүүлж, дамжуулж чадахгүй. Тиймээс бие организм цус болон эс дэх глюкозын агууламжийг тэнцвэржүүлэхийг хичээн, цусыг эсийн шингэнээр шингэрүүлж цусан дахь глюкозын агууламжийг хэвийн хэмжээнд дөхүүлдэг. Улмаар шээс олшрох байдал ажиглагдана.
Ам хуурайших, ам их цангах
Ам хуурайших болон ам их цангах нь шингэн их алдаж байгаад үзүүлэх хариу урвал. Ийм сигналыг цусны усгүйжлийн түвшинг үнэлж, цангах мэдрэмж төрүүлэхэд хүргэдэг гипоталамус (завсрын тархины нэг хэсэг) тархинд илгээдэг. Мэдээж уух юмаа хорьж болохгүй. Ус болон чихэргүй цай уухыг илүүд үзээрэй.
Жин алдах
Глкозын түвшин өндөр байвал та өдөрт олон удаа, илчлэг ихтэй хоол идэж байхад л богино хугацаанд жингээ алдах болно. Үүнд хэд хэдэн шалтгаан бий.
- Шээс олширсны улмаас шингэн алдах нь бие организмийн шингэний түвшин буурахад хүргэнэ. Ингэснээр та жингээ алдах болно.
- Хэрвээ инсулиний түвшин глюкозын бодисын солилцоонд хангалттай биш байвал бие өөхөө шатаах горимд шилжинэ.
- Глюкозын түвшин өндөр байхад шээс их байх нь бие организмыг илчлэг ихээр зарцуулахад хүргэнэ. Иймэрхүү байдлаар бие илүүдэл глюкозоо «гадагшлуулах»-ыг хичээх болно.
Халдварт өвчин
Шээсний замын халдвар, мөөгөнцрийн халдвар бол эрчүүд болон эмэгтэйчүүдэд ч тохиолддог асуудал. Тэр дундаа сахарын түвшин өндөртэй, чихрийн шижинтэй эмэгтэйчүүдэд тохиолдох нь олонтаа. Их хэмжээний сахар бактери, мөөгөнцөр үржих таатай орчинг бүрдүүлдэг.
Арьс хуурайших
Арьс хуурайших нь цусан дахь сахарын түвшин өндөр байгаатай холбоотой байж болно.
- Шээс хэт олшрох нь арьсны эд хуурайших хүртэл хэмжээнд хүртэл бие организмийг усгүйжүүлдэг.
- Хөлийн арьсны асуудал нь атеросклерозын шинж тэмдэг ажээ. Атеросклероз бол чихрийн шижинтэй хүмүүс голдуу тусдаг өвчин юм. Энэ өвчний үед артерийн судас хатуурч, нарийсч, цусны эргэлт багасдаг.
- Мэдрэлийн гэмтэл хөлсний булчирхайн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Хөлсний булчирхай нь арьсны усны тэнцвэрт байдалд нөлөөлдөг гэнэ.
Анхаарал төвлөрөхгүй байх
Сахарын түвшин өндөр байх нь тархины эсэд глюкоз нэвтрэхэд саад учруулдаг учраас тархи энерги авахад хүндрэл учирдаг. Энэ нь сэтгэн бодох хурд, шийдвэр гаргах хурд зэрэгт сөргөөр нөлөөлдөг.
Нүд бүрэлзэх, тод бус харах
Нүд бүрэлзэх нь цусан дахь сахар өссөнөөс болж усгүйжил бий болсны үр дүн юм. Энэ нь нүдний эсүүдэд муу нөлөөтэй. Нүдний эсүүд хэлбэрээ алдаж, нүд зөв чиглүүлэх, төвлөрүүлэх чадвараа алддаг.
Шарх, зүсэлт удаан анидаг
Энэ нь цусан дахь сахарын түвшин өндөр байсны улмаас судас гэмтсэнээс болж үүсдэг. Дээрх асуудал нь цусны эргэлтийг, ялангуяа мөчдийн цусны эргэлтийг муутгаж, эдийг тэжээлээр муу хангахад хүргэдэг.
Бэлгийн сулрал
Эрхтэн хөвчрөлтэй холбоотой асуудал үүсэх нь цусан дахь сахарын түвшин өссөнтэй холбоотой. Хэвийн хөвчрөл мэдрэл эрүүл байх, цусны урсгал сайн байх, дааврын тэнцвэрт байдал хэвийн байх зэргээс хамаардаг. Гэвч цусанд сахар илүүдсэнээр дээрх системүүдэд сөргөөр нөлөөлдөг.
Бухимдангуй байх
Судалгаагаар сахарын түвшин өндөртэй хүмүүс илүү түгшүүртэй, бухимдангуй, гүн сэтгэл гутралд өртөх нь амархан байдаг.
Тархи глюкозоор жигд тэжээгдэхээс хамаардаг. Глюкозын түвшин огцом нэмэгдэх нь тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Улмаар бидний сэтгэл санааны байдал огцом мууддаг.
Түүнчлэн сахар сэтгэл санааны байдал хариуцдаг хром гэх шим тэжээлийн бодисын шингээлтэд нөлөөлдөг. Энэ эрдэс бодис нь цусан дахь сахарын тогтвортой түвшинг барихад зайлшгүй шаардлагатай. Учир нь цуснаас глюкозыг цэвэрлэдэг инсулин хромгүйгээр хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй.