
Японы Токио хотод автомашин, мотоцикл, арилжааны тээврийн хэрэгслүүдэд зориулсан Токио Мотор Шоу нэртэй авто шоу хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг. Дэлхийн хэмжээний 5 том авто шоуны нэг энэхүү шоу энэ жил 43 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Үйлдвэрлэлийн шатанд явж байгаа бэлэн бүтээгдэхүүн болсон машинуудыг танилцуулахаасаа илүүтэй ойрын ирээдүйд авто зам дээр гарахыг зорьж байгаа концепци загваруудыг үзүүлдэг энэхүү шоу 2013 оны 11-р сарын 23-нд үүд хаалгаа нээсэн бөгөөд ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх аж. Энэ жилийн тэргүүлэгчдийн дунд Тоёота, Хонда, Ниссан авто брэндүүд багтаж байгаагийн дээр Япон болон гадаадын 32 компани оролцож байгаа юм. Энэ дашрамд өгүүлэхэд анхны Токиогийн мотор шоу 1954 онд Японы нийслэлд зохион байгуулагдаж байжээ.































