Бидний булчин шөрмөс ямар бүтэцтэй, хэрхэн ажилладаг вэ?

0

Юуны түрүүнд энэхүү мэдээллийг фитнесээр хичээллэдэг болон биеийн хүчний ажил хийдэг хүмүүс уншаасай гэж зөвлөмөөр байна. Эрүүл байхын үндэс бол – мэдлэг. Бидний булчин ямар бүтэцтэй, хэрхэн ажилладгийг нь мэдэхгүйгээр бид зөв ачааллыг өгч чадахгүй.

1. Хэдэн булчин байдаг вэ?

Хүнд ойролцоогоор 640-850 булчин байдаг гэсэн тооцоо бий. Явганаар явахад хүний 200 булчин ажилладаг. Булчингийн эс нь өөхний эсээс 15 хувиар нягт, хүнд тул булчинлаг хүн өндрийн хувьд өөртэй нь адил боловч өөхлөг, тарган хүнээс жингээр илүү байж болно. Хүний биеийн жингийн 40 хүртэлх хувийг булчин эзэлдэг.

2. Хамгийн хамгийн булчин

Хүний хамгийн тэсвэртэй булчин нь зүрх бөгөөд хамгийн богино бөгөөд нимгэн нь чихний хэнгэргийн булчин юм. Энэ булчингийн урт 1,27 мм.

Хамгийн урт булчин нь гуяны дээд хэсгийн булчин бол, хамгийн хурдан нь нүд анивчуулдаг булчин билээ.

Харин хамгийн хүчирхэг булчингийн тухай олон янзын ойлголт байдаг ба хүний хэл хамгийн хүчтэй нь гэсэн ойлголт их элбэг. Гэхдээ хэлэнд хэд хэдэн булчин байдаг учир үүнийг зөв гэхэд хэцүү юм. Зажлах булчин маш хүчтэй ба (100кг хүртэл даралт үзүүлнэ) шилбэний болон хонгоны булчингууд ч хамгийн хүчтэй булчингуудын тоонд багтана.

Бидний булчин шөрмөс ямар бүтэцтэй, хэрхэн ажилладаг вэ? 3

3. Булчингийн олон төрөл

Хүний булчин янз бүр учраас тодорхой булчин болгонд зориулсан дасгал бүр өөр, булчингийн сэргэх хугацаа ч өөр байдаг. Хамгийн хурдан сэргэдэг булчин нь мөрний 3 толгойт бол хамгийн удаан сэргэдэг нь нурууны булчин гэдэг. Тиймээс энэ бүхнийг дасгал сургууль хийхдээ анхаарах хэрэгтэй ба булчингийн өсөлт нь зөвхөн ачаалал төдийгүй амралт, сэргэлт зөв авсны (суперкомпенсаци) үр дүнд бий болно. Ер нь булчин хүнд ачааллаас хойш 48 цагийн дараа бүрэн сэргэдэг.

4. Булчингийн өлчир буюу тэвчээрт чанар

Булчингийн өлчир чанар гэдэг бол удаан хугацааны турш ачаалал даах чадварыг хэлдэг. Хүний хамгийн өлчир булчин нь зүрх гэж бид дээр хэлсэн ба эмч нарын тооцож байгаагаар зүрх дунджаар 100 жил ажиллах “нөөцтэй” юм байна.

Булчин дахь гликоген хэмээх бодис дуусах үед ядарч эхлэх ба булчинд их хэмжээний кальци бий болох нь ядралын бас нэг үндэс юм. Өмнө нь булчингийн ядрал үүсгэдэг гол хүчин зүйл нь сүүн хүчил гэж үздэг байлаа.

Колумбийн их сургуульд нэгэн туршилт явуулсан ба хулганыг 3 долоо хоногийн турш усанд сэлүүлж, дугуйчдыг мөн төдий хугацаагаар бэлтгэл хийлгэсэн ба үүний үр дүнд булчингийн агшилтад гол үүрэг гүйцэтгэх рианодиново рецептор хэмээх зүйлийн химийн бүтцэд өөрчлөлт орж, эсийн бүрхүүлд завсар бий болж түүгээр нь кальци булчингийн эсэд нэвчиж байдгийг тогтоожээ.

5. Булчин болон сэтгэл хөдлөл

Хүний нүүрний булчин тухайн хүний сэтгэл санааны байдалтай салшгүй уялдаатай байдгийг бүгд мэднэ. Өнгөрсөн зууны эхээр Оросын эрдэмтэн Иван Сикорский нүүрний булчингийн үүргийг тодорхойлсон ба нүдний эргэн тойрон байх булчингууд оюун ухаантай холбоотой үйлдлийг, амны орчмын булчин нүүрний хувирлыг илэрхийлэх бол сэтгэл санааны байдлыг нүүрний бүх булчингийн нийлбэр илэрхийлдэг байна.

2011 онд хүний нүүрний хувирал хүн төрөхөөс өмнө бий болдог гэдгийг олж мэдсэн ба хүүхэд эхийн хэвлийд байхдаа нүүрний булчингуудаа ажиллуулж, инээж, гайхах мэт хөмсгөө өргөж, уурлах мэт дүр гаргадаг гэнэ. Нүүрний булчин нийт булчингийн 25%-ийг эзлэх ба инээх үед 17 бүлэг булчин ажилладаг бол уйлах болон уурлах үед 43 бүлэг булчин ажиллана.

Бидний булчин шөрмөс ямар бүтэцтэй, хэрхэн ажилладаг вэ? 1

Нүүрний арьсыг толигор байлгах чухал арга бол үнсэлт бөгөөд үнсэлтийн үед 29-34 бүлэг булчин ажилладаг байна.

6. Булчин болон ген

Булчингийн дасгал нь зөвхөн тухайн хүнд төдийгүй түүний генд ч нөлөөлдөг. Цаашид илүү их ачаалал авах боломж бий болгох өөрчлөлт генд явагддаг бөгөөд үүний үнэн худлыг шалгахын тулд Орхусын Их Сургуулийн эрдэмтэд туршилт хийсэн байна.

Сайн дурын 20 хүн сонгон авч дугуйн дасгал хийх төхөөрөмж дээр 20 минутын бэлтгэл хийлгээд 4 толгойт булчингийн генийн эд эсэд өөрчлөлт орсон эсэхийг шалгажээ.

Туршилтын үр дүнд биеийн хүчний ачаалал нь булчинд хамаарах генүүдийг идэвхжүүлэх бөгөөд энэ нь эд эсүүд ДНК-гээ метилийн группын тусламжтайгаар хадгалдгаар тайлбарлагдана. Хэрвээ түүнийг тусгаарлавал генийн мэдээлэл нь хүчилтөрөгч хэрэглэх, калори шатаах, булчингийн масс нэмэгдүүлэх энзим болон протеин болж хувирдаг байна.

Туршилтын дараа бүх л оролцогч нарын метилийн группын хэмжээ нь багассан буюу булчин нь метаболизмын өсөлтөд (ачаалал авах, өөрийгөө хадгалах өөрчлөлт) дасаж эхэлсэн байжээ.

7. Булчин ба телепатия (алсаас мэдрэх чадвар)

Хүн өөрийнхөө бүх булчингийн ажиллагааг мэдрэхгүй бөгөөд хүн өөрөө анзаарахгүй булчингийн агшилт нь мэддэг хүндээ олон зүйл хэлж өгдөг байна. Эдгээр хүмүүс нь өндөр хэмжээний сэтгэл судлаач нар байх ба тэрхүү хүн анзаарахгүй булчингийн агшилтуудыг харж “алсаас харах” чадвараа үзүүлдэг.

Хамгийн алдартай ирээдүйг зөгнөгч нарын нэг болох Вольф Мессинг өөрийнхөө авьяас чадварыг ямар нэг ид шид биш харин хүний биеийн булчингийн ажиллагааг нэгд нэгэнгүй мэддэг мэдлэгтэйгээ холбон тайлбарласан байдаг.

Тэр хэлэхдээ “энэ бол хүний бодол санааг уншиж байгаа хэрэг биш юм. Энэ нь булчинг уншиж байгаа хэрэг… Хүн ямар нэг юмны тухай гүн бодолд ороход тархины эд эсүүд бүх л биеийн булчинд хүчтэй импульс дамжуулдаг юм” гэжээ.

8. Алганы урт булчин

Энэ дэлхий дээрх 6 хүн тутмын нэгэнд л хоёр алганд нь алганы урт булчин байх ба заримдаа зөвхөн нэг гарт нь байх нь ч бий. Энэхүү булчин нь зэрлэг амьтны хумс гаргахад гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүнд ийм боломж, шаардлага байхгүй нь ойлгомжтой. Тиймээс энэхүү “илүү, үлдэгдэл” булчинг эмч нар булчин нөхөх, шилжүүлэх зэрэгт хэрэглэдэг байна.

9. Булчин ба шоколад

Хүний зүрх болон булчинд хамгийн хэрэгтэй хүнс нь шоколад юм гэнэ. Детройтын Уэйны Их Сургуульд хийсэн судалгаагаар хар шоколаданд эпикатехин хэмээх бодис ихээр байх ба энэ нь булчингийн эс дэх митохолэндрий-гийн өсөлтөнд чухал хэрэгцээтэй зүйл юм байна.

Мөн Аквилийн Их Сургуулийнхан ч энэ талаар туршилт хийсэн ба туршилтанд оролцогч нарт 15 өдрийн турш шоколад өгч цусны даралтыг хэмжиж байжээ. Туршилтын явцад оролцогч нарын цусны эргэлт сайжирч, даралт хэвийн хэмжээнд тогтворжсон байна. Иймээс хар шоколадны зохистой хэрэглээ нь зүрхний өвчлөл, судасны нарийслаас хамгаалах үйлчилгээтэй ажээ.

10. Булчингийн сулрал

Булчин мөнхийн зүйл биш. 40 наснаас хойш булчин эрчтэй суларч эхлэх ба жилд булчингийн эсийн 2-3 хувийг “алдах” ба 60 наснаас хойш энэ тоо 5%-д хүрнэ. Тиймээс нас тогтсон ч гэсэн булчингийн дасгал хийх нь маш чухал.

Бидний булчин шөрмөс ямар бүтэцтэй, хэрхэн ажилладаг вэ? 2

11
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganbold Jamsran

    Ganbold Jamsran

    2016/02/13 at 09:58

    сайхан мэдээлэл байна аа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *