
Өмнөд Америкийн гурван улсын нутгийг дамнасан Дакар Ралли 2014 авто уралдаан олон хоног үргэлжилсний эцэст 1-р сарын 18-ны өдөр Чилийн Валпарайсо хотод өндөрлөсөн бөгөөд тэмцээнээс хойш цөөнгүй хоног өнгөрсөн ч дэлхийн хамгийн нэр хүндтэй, хамгийн аюултай энэхүү тэмцээний тухай фото мэдээллийг сайтынхаа Спортын булангаар дамжуулан үзэгч та бүхэнд хүргэхийг хүсэж байна. 35 дахь удаагийн энэ удаагийн тэмцээний сүүлийн өдрүүд Аргентин, Болив, Чили улсуудын хамгийн алсын хүн оршин суудаггүй газруудад болсон билээ. Өмнөд Америкт 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгаа Дакар Ралли 2014 тэмцээнд манай улсаас гурван тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос Н.Лхамаа, Х.Батболд нар техникийн шалтгаанаар III тойргоос гарцгаасан бол олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар бүх гараагаа амжилттай дуусган 60-р байр эзэлсэн. Дакар Раллигийн бүх замыг туулсан анхны Монгол тамирчин болсон Д.Болдбаатар маань анх 173 тамирчин өрсөлдөж эхэлснээс 13 дахь гараа болоход үлдэж хоцорсон 75 тамирчны нэг нь болсон юм.













































