
Маш олон хүмүүс хар батга, нүхжилт зэрэгтээ санаа зовдог ч энэ нь зөвхөн нүүрэн дээр байдаг асуудал биш бололтой. Хөл дээр үүссэн ийм нөхцөл байдлыг гүзээлзгэнэ хөл гэж нэрлэдэг байна. Энэ нь арьс улаан болж, дээгүүр нь гүзээлзгэний үр шиг хар цэгүүд гарч ирдэгтэй холбоотой нэрлэсэн нэршил юм. Харин тэдгээр цэгүүд бол тос, бактери, үхсэн арьсны холилдсон үсний уутанцар эсвэл томорсон нүх юм. Биднийг үсээ хусах үед энэ нүхнүүд нээгддэг бөгөөд дотор нь байдаг тос агаартай урвалд орсноор хар өнгөтэй болдог байна. Нэгэнт ийм болсон хөлийг хүмүүст ил харуулахаас бага зэрэг ичмээр байдаг нь нууц биш. Тиймээс энэ онцгүй нөхцөл байдлаас хэрхэн ангижрах тухай хамтдаа мэдэж авцгаая.
Хусах

“Гүзээлзгэнэ хөл” нь генетикийн нөхцөл байдалтай холбоотой хэмээн тооцогддог бөгөөд ихэвчлэн өтгөн үстэй хүмүүст түгээмэл тохиолддог. Мөн хөлийн үсийг хусах үед жинхэнэ утгаараа асуудал үүсэх шалтгаан нөхцөл бүрддэг. Хэрэв та хуучин татуурга ашигласан эсвэл сахлын хөөс ашиглалгүйгээр үсээ хуссан бол арьс маш хурдан цочирч, түлэгдэх болно. Харин тус цочролыг арилгахын тулд үсний фолликулын эргэн тойронд арьс харлаж, хөл дээр хар цэгүүд гарч ирдэг байна.
Үсний уутанцар

Фолликулит бол үсний уутанцрын үрэвсэл хэмээх арьсны нийтлэг өвчин юм. Энэ нь олон хэлбэрээр илрэх бөгөөд тэдгээрийн нэгд гүзээлзгэнэ арьс ч хамаарч байдаг. Зөөлөн хэлбэрийн фолликулит нь сахлын татуургаас хамааралтай үүсдэг гэж үздэг бөгөөд үс дотогшоо ургаж эхэлснээр хөл гүзээлзгэнэ шиг биржгэр болдог байна.
Хуурай арьс

Арьс хэт их хуурайших нь хар толботой болох шалтгаан биш ч ийнхүү хуурайшсан арьс нь маш эмзэг байдаг учраас хусах явцад цочирч, түлэгддэг байна. Дээрээс нь хуурайшсан арьсан дээрх толбо илүү тод харагддаг. Тиймээс арьсаа сайтар чийгшүүлж байх хэрэгтэй.
Эвэрших

Кератоз пиларис нь ихэвчлэн суга, гуя, хацар, эсвэл өгзөг хэсэгт арьс хатуурч эвэршилт үүсэхийг хэлнэ. Энэ нь кератины хуримтлалаас үүдэлтэй бөгөөд үсний фолликулын нүхийг бөглөж гүзээлзгэнэ арьс үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Эвэрших, холцруутах зэрэг нь арьс хуурайшсанаас болон элдэв химийн бодистой усан санд удаан хугацаагаар сэлэх гэм мэт шалтгаанаас үүдэлтэйгээр түгээмэл тохиолддог.
Гүзээлзгэнэ хөлөөсөө салах арга
Үсээ зөв хусах

Үсээ хусахаасаа өмнө арьсаа норгож зөөллөх, эсвэл зориулалтын сахлын хөөс түрхэх хэрэгтэй. Татуургын таталт бүрийн дараа татуургаа усаар зайлж үснүүдийг унагаана. Мөн арьсанд цочрол өгөхгүйн тулд татуургаа тогтмол шинэчилж байх хэрэгтэй. Мөн үсийг ургалтын чиг дагуу хуссанаар “гүзээлзгэнэ хөл” үүсэх эрсдэл багасах болно.
Тогтмол гуужуулах
Гуужуулалт нь үхсэн арьсыг арилгаж шинэ арьс үүсэх нөхцөл бүрдүүлж өгдөг. Мөн үс дотогшоо ургах эрсдэлийг бууруулдаг байна. Мөн тогтмол гуужуулснаар гүзээлзгэнэ хөл дахин үүсэхээс сэргийлж болно.

Мэргэжлийн арчилгаа
Хэрэв гэрийн эмчилгээ үр дүнгүй байгаа бол электролиз, лазер эмчилгээг багтаасан эмчилгээний аргыг туршиж үзэх хэрэгтэй. Электролиз нь үсний уутанцрыг цахилгаанаар цохиулах аргаар үсний ургалтыг зогсоодог эмчилгээ юм. Харин лазер эмчилгээ бол илүүдэл үснээсээ салах хамгийн аюулгүй арга юм.








