Миллениалуудад тохиолдох бэрхшээлүүд ба тэдгээрийг шийдвэрлэх аргууд

1

Орчин цагийн залуучуудад бусад хүнтэй харьцах, орчин тойрондоо өөрийнхөө байр суурийг эзлэх тал дээр янз бүрийн бэрхшээл тулгардаг билээ. Бараг 30 давж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн ийм бэрхшээл мөн байдаг бөгөөд тооны хувьд багагүй, магадгүй бүр ч их байж болох  юм. 1981-2000 оны хооронд төрсөн миллениалын үеийнхнээс энэ дэлхийн ирээдүйн хэдэн арван жил шалтгаалах болно. Гэхдээ эдгээр хүмүүс өнөөдөр ямар асуудал, бэрхшээлтэй тулгарч байгаа билээ?

Миллениалуудад тохиолдох бэрхшээлийн тухай, түүнийг хэрхэн шийдэх талаар энэ удаа ярилцъя.

1. Перфекционизмд зүтгэх

Америкийн сэтгэл судлаачдын ассоциацын судалгаагаар меллениалууд өмнөх үеийн бусад хүмүүсийг бодвол амжилт болон өрсөлдөөнд хэт зүтгэх шинжтэй гэнэ.

Залуучууд өөртөө болон эргэн тойрондоо хэт шүүмжлэлтэй ханддаг болсон байна. Нийгэм ч гэсэн тэдэнд илүү том шаардлага тавьдаг билээ. Энэ бүхэн сэтгэл санааны хувьд ихээхэн хүндхэн тусаж байгаа юм. Хэт перфекционизм (төгс төгөлдөр байх гэсэн зүтгэл) нь  хувийн амьдрал, ажил төрөлд нь муугаар нөлөөлж болзошгүй.

Яах хэрэгтэй вэ:

  • Амьдралд хандах хандлагаа үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Перфекционизм гэдэг бол эхний ээлжинд бодож тунгаах арга хэлбэр юм. Ийм бэрхшээл үгүй хүмүүс амьдрал гэдэг бол амжилт, бүтэлгүйтлийн ээлжлэлт гэж үздэг. Энэ бодлыг хүлээн зөвшөөрч амьдрах нь бүх л зүйлийг төгс байлгах гэж, тэр нь бүтэхгүй нөхцөлд сүйрэл болж байгаа мэтээр хандахаас хамаагүй хөнгөн байх билээ.

 

2. Тогтмол бус ажлын цагаас болж түгшүүртэй байх

Энэ үеийнхэн өмнөх үеийнхнээсээ их ажиллах шаардлагатай цаг үед амьдарч байна. Тэдний дунд олон фрилансерууд байх ба тэд яг ямар мэргэжил сонгож авах тал дээр шийдэж чадахгүй яваа хүмүүс юм.  Тиймээс хэт их ажиллах, тогтмол бус ажлын цагтай байх нь миллениалуудад ховор бус үзэгдэл. Мэдээж энэ бүхэн эрүүл мэндэд нөлөөлж таарна.

Яах хэрэгтэй вэ:

  • Аль болохоор цагаа зөв хуваарилахыг хичээх. Тайм-менежмент системийг ашиглаж болох юм. Бүхнийг зэрэг амжуулах гэж бүү зүтгэ.
  • Хүн болгоны бүтээмж өөр. Хэн нэг нь өглөө үр бүтээлтэй бол зарим нь орой тийм байна. Хамгийн чухал зүйлээ хамгийн үр дүнтэй байдаг үедээ хий.

 

3. Шийдвэр гаргахаас айх

Эцэг эхийн хэт их анхаарал эсвэл амьдралын маш олон янзын сонголт зэргээс болж миллениалууд шийдвэр гаргахад хэцүү байдаг байж болох юм. Ажлаа солих, хайр дурлалын шинэ шатанд гарах гэх мэт. Шийдвэр гаргах шаардлагатай аливаа буурьтай зүйлд тэд эргэлзэж тээнэгэлзэх нь их тохиолдоно. Судлаач Барри Шварц үүнийг ”сонголтын парадокс” гэж нэрлэжээ. Маш олон янзын боломж нь биднийг аз жаргалгүй болгож, бидний хүсэл мөрөөдлийг дарж байна гэдэгт тэр итгэдэг нэгэн.

Яах хэрэгтэй вэ:

  • Янз бүрийн сонголт, хариуцлагаас болж сандрал-паник бий болно. Энэ бол байдаг л зүйл. Энэ нь хамгаалалтын систем юм. Алдаа хийхээс айх айдсаа давах гэж үз. Хэнд ч ийм зүйл тохиолдож болно. Зоригтой бай. Өөрийн дотоод дуу хоолойг сонсож танд хэлж байгаа тэр сонголтыг хийхээс бүү ай.

 

4. Бага унтаж тогтмол бус хооллох

Орчин цагийн 30 настны амьдралын хэв маяг тэдний өвөө, эмээ нарын хэв маягаас ихээхэн өөр болжээ. Тэд бага унтаж, бага идэж байхаас өөр аргагүй байдалд байна. Ажиллаж байх үедээ хам хум идэж, шаардлагатай үед шөнө дунд босон даргынхаа чухал мэдээлэлд хариулах гэх мэт. Энэ бүгд эрүүл мэндэд нь нөлөөлөхгүй байна гэж үгүй. Эрдэмтэд дутуу нойртой байх нь таргалуулах нэг нөхцөл гэдгийг тогтоосон байна. Харин дутуу идэх нь дархлааны системийн үйл ажиллагааг муутгана.

Яах хэрэгтэй вэ:

  • Ажил, амралт, унтах цагаа зөв зохицуул. Үүнд янз бүрийн гажет, апп хэзээ юу идэж, хэрхэн босох, хичнээн ус, хэзээ уух талаар сануулах байдлаар тус болно.
  • Өөрийгөө хайрла. Эрүүл мэнд гэдэг бол бүх зүйлийн эх үндэс гэдгийг бүү март. Хэрвээ эрүүл бол юунд ч хүрч чадах билээ.

 

5. Гэр бүл болоход огт яарахгүй

Сүүлийн үеийн статистик судалгаагаар миллениалууд өмнөх үеийнхнээ бодвол хамаагүй хойно гэрлэж байгаа ба гэрлэхгүй өнгөрөх хүний тоо ч улам бүр их болж байгаа гэдгийг тогтоожээ. Энэ нь санхүүгийн найдваргүй байдал, гэр бүлд хандах өөр хандлага, эрхэмлэх зүйл өөр болсон зэргээс шалтгаалах ба тэд гэр бүл, үр хүүхдээс илүү ажлын өсөлт, дэвшилтэд санаа тавих болжээ.

Яах хэрэгтэй вэ:

  • Та сэтгэл санаа болон эд материалын хувьд боломжтой боллоо гэж үзсэн үедээ гэрлэх хэрэгтэй. Эцэг эхийн болон орчин тойрон, нийгмийн шаардлага таны шийдвэрт нөлөөлөх ёсгүй.
  • Хэрвээ та хүүхэдтэй болох гэж төлөвлөж байгаа бол удаан хойшлуулах хэрэггүй. 35 наснаас өмнө хүүхэдтэй болохыг хичээх хэрэгтэй ба энэ нь жирэмсэн үеийн аливаа эрсдэл бага байх үе юм.

 

6. Үе тэнгийнхэн, сошиал сүлжээнээс болж өөрийгөө бүтэлгүй амьтан гэж мэдэрдэг

Дэлхийн хамгийн баян хүмүүс дотор 30+ настай хүмүүс цөөнгүй бий. Жирийн нэг миллениалын амьдрал түүний хажууд ямар харагдах нь ойлгомжтой. Иймэрхүү түүх нь нэг талаас өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх бол нөгөө талаас чи амьдралдаа юу ч хийгээгүй гэдгийг тодорхойлж өгч байдаг.

Яах хэрэгтэй вэ:

  • Сошиал сүлжээгээр тэнэж цаг алдах хэрэггүй, бас үе тэнгийнхний амжилт ололтыг өөрийнхтэйгөө зүйрлэх хэрэггүй. Ингэснээр та илүү амжилттай болохгүй, харин цаг л алдах болно. Түүний оронд энэ цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зориул.
  • Таниас илүү болж болох цорын ганц хүн нь та байх ёстой. Зорилгоо тодорхойлж бичээд хүрэх цаг хугацааг тодорхойлж үүндээ зүтгэн ажилла.

 

7. Эргэн тойрон дутуу, хуурамч боломж

Миллениалуудад эргэн тойронд чинь асар их боломж байгаа тухай, янз бүрийн салбарт хүчээ үзэж болох тухай байнга анхааруулж байна. Хүмүүс интернет орж, сонин сэтгүүл нээн хэрхэн яаж амжилттай хүн болох тухай уншиж байна. Иймэрхүү зүйлд хэд хэдэн зарчим, дүрэм баримтлах тухай бичнэ. Дараа нь амжилт өөрөө ороод ирэх юм гэнэ. Гэтэл ямар ч өөрчлөлт гарахгүй үед энэ нь амьдрал утгагүй тухай бодол төрүүлдэг билээ.

Яах хэрэгтэй вэ:

  • Таны ямар авьяас, чадвар энэ ертөнцөд хэрэг болох тухайд бодож түүнийгээ дээд зэргээр хөгжүүл. Хий хоосон юманд хуурталгүй өөрийн боломжоо бодитоор хар.

 

8. Улс төрийн амьдрал сонирхохгүй

Судлаачид орчин үеийн 30-аад насныхан өмнөх үеийнхнээ бодвол улс төрөөс тун ангид байдаг болсон гэж баталж байна. Тэд болж байгаа үйл явдалд илүү хувиа бодсон байдлаар хандаж эрх баригчдийг дэмжихгүй боловч бас шүүмжлэхгүй. Тэд энэ асуудалд өөр хүний үзэл бодолд бүрэн найдна.

Яах хэрэгтэй вэ:

  • Таны орны ирээдүй танд хамаагүй биш бол улс төрийг тоохгүй байж болохгүй. Сонгуульд оролц, өөрийн гэсэн бодолтой бай. Өөрийнхөө дуу хоолойг дутуу үнэлж болохгүй.

 

9. Гажетаас хамааралтай

30-аад насныхан гажетаас маш их хамааралтай болжээ. Тэд хоол идэж байхдаа утаснаас салж чадахгүй ба зарим нь бие засах, усанд орохдоо хүртэл утсаа харсаар. Ийм хамаарлыг эрүүл гэж хэн ч хэлэхгүй байх. Эрдэмтэд гажетгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй хүмүүс илүү аз жаргалгүй амьдардаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг.

Яах хэрэгтэй вэ:

  • Утас ашиглах хугацаагаа хязгаарла. 1,5 цагт утсаа нэг шалгах болохоос, 5 минут тутамд биш
  • Хоол идэх болон унтахын өмнө гажет хэрэглэхээ боль
  • Зөвхөн хэрэгтэй апп-аа үлдээгээд бусдыг нь устга

 

10. Ямар нэг шинэ юм бүтээх чадваргүй

Тэднийг ямар нэг шинэ юм хийх чадваргүй хэмээн шүүмжлэх нь их. Тэд тансаг амьдралаар амьдарч, гажет, технологийн дунд өссөн мэт ярина. Тиймээс тэд залхуу, хөдлөх хэрэггүй болсон хүмүүс. Гэтэл энэ үеийнхэнд олон амжилттай хүмүүс бий бөгөөд тэд янз бүрийн алдартай старт-ап болон бусад зүйлсийг бүтээсэн байдаг. Ядаж л Марк Цукерберг, түүний Facebook-ийг сана.

Яах хэрэгтэй вэ:

  • Та нар бүгд залхуучууд гэсэн дэмий үзлийг бүү сонс. Танай үеийнхний тухай аливаа муу үнэлгээг бүү тоо, зөвхөн юу хийх дуртай, түүндээ анхаарч хий.

 

11. Тэдэнд үгүй гэж хэлэх хэцүү

Миллениалуудыг эцэг эх, дарга нь байнга шүүмжилдэг тэр насан дээрээ яваа хүмүүс. Тэдэнд сэтгэл хөдлөлөө барих их хэцүү байна. Тэд муу мэдээг маш эмзэг хүлээн авах ба хэрэгтэй үед үгүй гэж хэлэхэд тун хүнд.

Яах хэрэгтэй вэ:

  • Өөрийгөө, өөрийн цагаа үнэлж, хүндэлж сур. Танд хэрэггүй зүйлд үгүй гэж хэлж сур.
  • Хэрвээ шууд татгалзахад хэцүү бол тойруу замаар илэрхийл. “Амлаж чадахгүй нь, гэхдээ хичээнэ” гэдэг ч юм уу “сонин санаа байна, надад цаг зав олдох үед энэ тухай ярилцъя” гэх мэт.

 

12. Санхүүгийн тогтворгүй байдлаасаа болж байнга сэтгэл түгшинэ

Тэдний бас нэг гол бэрхшээл бол тогтворгүй санхүү, түүндээ сэтгэл зовох явдал. 2008 оны хямралаас энэ үеийнхэн их хохирсон билээ. Санхүүгийн тогтворгүй байдлаас болж олон залуучууд одоо ч эцэг эхтэйгээ амьдарч байна.

Яах хэрэгтэй вэ:

  • Санаа зовлоо гээд юм сайжрахгүй. Тиймээс тайвширч үүнийг хэрхэн сайжруулж болох тал дээр анхаарч ажилла.
  • Санхүүгийн талын мэдлэгтэй болохын тулд энэ чиглэлийн сайн ном унш. Урам зориг оруулах кино үз.

 

13. Сөрөг, муу мэдээллийн давалгаанд дарагдсан

Дэлхий дээр болж байгаа олон муу, мэдээнүүд миллениалуудад ихээхэн хүнд тусах ба тэд юу ч өөрчилж чадахгүйдээ сэтгэл зовно.

Ялангуяа эдийн засаг, экологи, тэгш бус байдал, цэрэг дайны хямрал зэрэгт.

Яах хэрэгтэй вэ:

  • Сөрөг, муу мэдээллийн хэмжээг тааруулж үзэх гэж хичээ. Өөрийн оюун ухааныг тийм зүйлээр бүү дүүргэ. Хэрвээ тэдгээрийн аль нэг нь танд хамаатай бол ойрын хүмүүстэйгээ ярилц.
  • Сөрөг мэдээг эерэг мэдээгээр соль
  • Хэрвээ ямар нэг зүйл өөрчлөх гэж хүсвэл үг болон санхүүгийн нөөцөө ашигла. Жишээ нь байгалийн гамшигт өртсөн хүмүүст хандив өг.

 

14. Өөрийгөө хэт өргөмжилдөг, үнэ цэнээ хэтрүүлэн үнэлдэг

Миллениалуудын хувьд өөрийгөө хэт үнэлэх нь хэвийн зүйл. Энэ үеийнхэн сошиал сүлжээнд өөрийн хувийн амьдралаа бичиж, инстаграм дээр селфи тавьж, лайкаас ихээхэн хамаардаг хүмүүс. Дэлхий тэднийг тойрон эргэж байгаа мэт бодно. Твенге болон Кэмбелл нарын “Нарциссизмийн тахал” хэмээх номонд нарциссистууд (өөрийгөө өндрөөр үнэлдэг хүн) өөрийнхөө тухай хэтрүүлсэн үнэлгээтэй төдийгүй бусад хүнийг золиослон өөрийгөө өргөмжилж байдаг аюултай гэж бичсэн байдаг.

Яах хэрэгтэй вэ:

  • Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ дээшлүүлэх талаар ажилла. Эрдэмтэд нарциссизм үзэлтэй хүн нь бодит байдал дээрээ өөртөө тун итгэлгүй хүмүүс байдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна.
  • Хүнд хүнлэг ханд. Та бусдаас илүү гэж бодохоо боль. Та гүнзгий төөрөлдөж түүнээсээ болон бусад хүнийг өөрөөсөө түлхэн холдуулж байна.

Та орчин үеийн миллениалуудад ямар бэрхшээл тулгарч байна гэж боддог талаараа сэтгэгдэл дээр бичээрэй.

2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *