Босс уу манлайлагч уу

0

Босс уу манлайлагч уу21 – р зуунд шинэ залуу шинийг санаачлагч манлайлагчид биднийг хөгжлийн шинэ үе шат руу хөтлөн явж шинэ шинэ ололт амжилт өөд тэмүүлэхэд зам заана гэж итгэдэг. Та бид бүгд хэн ч ялгаагүй ямар нэгэн талаар бусдаас онцгой чадвар авъяастай, бусдыгаа манлайлан, тэднийг хөгжил дэвшилд хөтлөх тэргүүлэгчид. Магадгүй өнөөдөр та энгийн нэгэн албан хаагч, тушаал биелүүлэгч байж болох ч 3 юм уу 5 жилийн дараа гэхэд амьдрал дээр хөлөө олсон, өөрийн хувийн бизнестэй аль эсвэл салбартаа өрсөлдөхүйц томоохон хүн болохыг үгүйсгэхгүй.

Ингэхээр бусдыг манлайлан, юмны түрүүнд ямагт байж, шинэ санаа, шинэ ололтоор дүүрэн гал цогтой залуу хүн бүрт зориулан ирээдүйн компанийн захирал, улс орноо удирдан чиглүүлдэг сайн удирдагч, менежер болоход хэрэгтэй байх зөвөлгөө болон ирээдүйд юуг гол чиг баримтлалаа болгон явах хэрэгтэй талаар хэдэн санаа өгөх гэсэн юм.
Нийгэм маань даяарчлагдаж, орчин нөхцөл өөрчлөгдөхийн хирээр ажилчид доод хүмүүсээ удирдан залж явах манлайлагчдын арга барил ч бас өөрчлөгдөх шаардлагатай тулгарч байна. Нийгэм болон бидний амьдралд гарч байгаа өөрчлөлтүүд одоогийн манлайлагчдыг бэлтгэх просессэд төдийлөн сайн тусгагдаж чадахгүй байгаа нь одоо тулгарч байгаа томоохон хүндрэлүүдийн нэг болж байна. Ингээд эхлээд одоо тулгарч байгаа гол асуудлуудыг хөндөн тавьж дараа нь эдгээр хүндрэлийг давах гарах чадварууд болон ирээдүйд танд хэрэг болох, өөрийгөө аль чиглэлд илүү хөгжүүлэх шаардлагатай талаар зөвлөх болно.

 

Одоо тулгарч буй асуудлууд
1. Хүрээлэн буй орчин хурдацтайгаар илүү нарийн төвөгтэй, хувирамтгай, тааварлашгүй болон өөрчлөгдөж байна.
2. Удирдагч, манлайлагчдад байх ёстой чадварууд ч хувьсан өөрчлөгдөж илүү нарийн төвөгтэй, сэтгэн бодох бүтээлч сэтгэлгээ шаардагдаж байна.
3. Харин манлайлагчдыг бэлтгэх арга техник төдийлөн өөрчлөгдөөгүй л байна.
4. Манлайлагчдын ихэнх нь ажил дээр гарч туршлага хуримтлуулдаг. Энэ нь урт хугацааны хөдөлмөр шаарддаг учраас шинэ нийгэмд тохирох манлайлагчид хараахан хурдан хугацаанд бэлтгэгдэж чадахгүй байна.
Тавигдаж буй шаардлагууд
Одоо зөвхөн удирдах чадамжийн талаар яригдахаа больж хэрхэн бий болгох, хэрхэн ухаалаг шийдлийг гаргах тал руу чиглэж зөвхөн манлайлгагч гэж юу байхыг хэлэх вэ? гэж биш харин яаж манлайлагч байх вэ? яаж манлайлагчдыг бэлтгэх вэ? гэдэгт анхаарах болсон.
Ирээдүйн манлайлагчдад тавигдах голлох 4 үндсэн шаардлага.
1 : Хөгжлийн үйл явцын босоо чиглэлтэнд анхаарах хэрэгтэй.
Урт хугацааны туршид бид манлайлагчийг хэрхэн бэлтгэх хөгжүүлэх талаар дутмаг ойлголттой явж ирсэн. Мэргэжлийн ур чадваруудыг хөгжүүлэхдээ нэг нэгнээс нь салган авч үздэг байсан. Мөн манлайлагч болоход шаардагдах 2 үндсэн бэлтгэлийн үе шат байдгийг төдийлөн ялган салгаж хөгжүүлж чаддаггүй байсан. Тиймээс энэ 2 үе шатыг сайтар ойлгох нь чухал юм.
Хэвтээ чиглэл дэх хөгжүүлэлт буюу horizontal. Энэ нь шинэ чадвар, мэргэжлийн ур чадвар хөгжүүлэхийг хэлдэг. Яг юуг, яаж хэрхэн гэдэг нь тодорхой байх үед энэ арга үр дүнгээ өгдөг. Ийм аргыг анагаахын оюутнууд өргөн хэрэглэдэг ба суралцах гол арга нь сурагчдыг мэдэхгүй асуулт гарах хүртэл нь асуултаар булдаг. Мэдэхгүй асуулт гарч ирэх үед номноос унших судлах замаар суралцаж мэс заслын болон бусад чадвараа дээшлүүлдэг.
Босоо чиглэл дэх хөгжүүлэлт буюу vertical. Энэ нь хүний сэтгэн бодох чадвартай нягт холбоотой байдаг ба яагаад, ямар учраас ийм болов гэдгийг чухалчлан авч үздэг. Энэ нь жоохон хүүхдүүд хорвоог таниж мэдэхтэй адил байдаг. Энэ шатлалын тусламжтай бидний оюуны цар хүрээ өргөжиж илүү ухаалгаар шийд гаргадаг болдог. Зүйрлэвэл хэвтээ чиглэл дэх хөгжүүлэлт нь хоосон аягыг усаар дүүргэхтэй адил ба босоо чиглэл дэх хөгжүүлэлт нь хоосон аяга юм. Тэгэхээр шинэ ур чадварууд эзэмших нь аяганд ус хийхтэй адил, харин аяга өөрөө таны оюуны багтаамжийг илэрхийлж байгаа. Тэгэхээр босоо чиглэл дэх хөгжүүлэлтийг хийснээр оюуны цар хүрээ нэмэгдэж үүний хирээр өөр өөр олон шинэ ур чадваруудыг эзэмших боломжтой болно гэсэн үг юм. Хэрэв техникийн хэлээр хэлбэл энэ хоёр хөгжүүлэлтийн ялгаа нь шинээр програм суулгах (horizontal), компьютерээ шинээр солихтой (vertical) адил юм. Бид бүгд л цагаа өнгөрөөсөн үйлдлийн системтэй компьютерт шинэ програм нэмээд байвал ямар үр дүнтэй байдгийг сайн мэднэ. Ингэхээр дан ганц ур чадвараа л хөгжүүлэх бус аль аль чиглэлт хөгжүүлэлт хийж байж төгс үр дүнд хүрэх болох нь.
2 : Манлайлагч болох хөгжүүлэлтийг хувь хүний хөгжүүлэлт болгох
Нийгэм судлаачдын судалснаар хүмүүс өөрийн тулд, бусдаас хараат бус өөрийгөө хөгжүүлэх үедээ тэдний идэвх чармайлт нь хамаагүй илүү байдаг нь тогтоогджээ. Мэдээж хэрэг хүн өөрийн хүчин чармайлтаа гаргаж хийсэн зүйлд илүү сэтгэлээсээ хандаж, сайн хийдэг. Гэхдээ одоо хир нь хувь хүний бүтээсэн проект, зарим нэг ур чадвар хөгжүүлэх процессийг компани болон менежерүүд өмчилдөг. Манлайлагчид менежерүүд ажилчдаа бэлтгэхдээ юуг яаж хийхийг нь нэг бүрчлэн зааж өгдөг биш харин ч эсрэгээр яагаад энэ нь тэдэнд хэрэгтэй болох, яавал илүү сайн үр дүнг гаргаж чадах, өөр ямар хүмүүс энэ чиглэлд үүрэг оролцоо оруулж болох, юун дээр ажиллаж байгаагаас хамаарч аль чадвараа илүү хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг ажилчдадаа сайн ойлгуулж, тэдэнд өөрсдийн бодол санааг нэмэх боломж олгодог байх хэрэгтэй. Энэ нь сурах болон дадлагажих үйл явцыг түргэсгэж, илүү сайн ур чадвартай нэг зүйлд баригдаагүй чөлөөтэй сэтгэлгээтэй сайн мэргэжилтнүүдтэй болоход том тустай юм.
3 : Баатарлаг удирдагчдыг халж хамтын хүчээр ажилладаг удирдагчыг төрүүлэх
Сүүлийн 50 жилийн хугацаанд манлайлагч гэдэг бол дан ганцаар өөрийн хүчээр л бий болдог гэсэн ойлголттой байсаар ирсэн билээ. Гэхдээ хүмүүсийн бодол сүүлийн 15 жилийн хугацаанд харьцангуй өөрчлөгдөж яав ч дан ганцаар дайнд орж галын шугам дах баатар байж болохгүй, үүнд яахын аргагүй хамтын хүч байх хэрэгтэй гэж итгэдэг болсон. Үнэхээр ч ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй, олны хүч оломгүй далай гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр шинэ үеийн манлайлагчид бол өөрөө бүх гол зүйлийг өөртөө үүрч бүх гай болон гавьяаг дангаар хүртдэг байх биш доод хүмүүсээ татан оролцуулж эргээд тэднийгээ урамшуулан гавьяагаа ч цуг хуваалцдаг байх хэрэгтэй байх нь. Дан ганц ажил гүйцэтгэх процессдоо ч биш бас шийдвэр гаргах, шинэ санал санаачлага гаргах үйл явцдаа ч хамтран ажиллагчдаа оролцуулж илүү чөлөөтэй, санал бодлоо нээлттэй илэрхийлэх боломжтой бодлого явуулснаар таны үүрэх үүрэг хариуцлага ч багасаж, ажлын бүтээмж ч нэмэгдэх болно.
4 : Шинэ санаа санаачлагч манлайлагчийн эрин үе
Бид бодохдоо шинэ санаа, нээлт хийнэ гэдгийг ямар нэг гоц ухаантаны “Эврика” гэж хэлэх хоромоор төсөөлдөг. Гэвч сүүлийн 10 жилийн хувьд хийсэн судалгаанаас үзэхэд үнэн хэрэг дээрээ шинэ нээлт нь нэгэнт гарсан санаа нээлтэнд холбогдсон маш олон  төрлийн өөр өөр шинэ арга замуудаас урган гардаг байна. Иймээс шинэ нээлт, шинэ санаа дан ганц хүний санаа, бүтээл байхаа нэгэнт больж нийтийн хамтын хөдөлмөрийн үр дүнд л бий болдог болжээ. Одоо манлайлагч болохын тулд өнгөрсөн үед хэрэглэгдэж байсан ном сурах бичиг, дүрэм журмыг баримтлаж болох ч шинэ арга, шинэ санаачлагаар өөрийгөө хөгжүүлснээр та ямагт бусдаас нэг алхмын өмнө явах болно. Мөн та хэзээ ч дан ганцаар манлайлагч байна гэж байхгүй тул шинэ санаа олох, шийдвэр гаргах, бусдыг дагуулан удирдахдаа ч ямагт хамт олонтойгоо нэгэн бүхэл байж дээрээс тушаал өгдөг дарга биш харин хажуунаас нь хамжаад явдаг найз нөхөр нь байгаарай.

http://www.ccl.org/leadership/pdf/research/futureTrends.pdf

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *