Жолооч та өвлийн хүйтэнд автомашинаа гадаа хонуулах шаардлагатай болсон бол дулаан хучлага, температур болон цаг тохируулж асаадаг автомат удирдлага хэрэглээрэй. Хэрэв танд дээрх хэрэгсэл байхгүй бол өглөө машинаа асаахдаа дараахь зүйлийг анхаараарай.
Хэрэв таны машин дизель хөдөлгүүртэй бол машинаа асаахаасаа өмнө халаагчийг нь 2-3 удаа ажиллуулна. Үүний дараа стартераа дарна. Хэрэв асахгүй бол 3-5 секундын зайтай 2-3 удаагийн давталттай түлхүүрээ эргүүлээрэй. Ингээд ч асахгүй байвал дахин оролдох хэрэггүй, засварын газар хандах нь зүйтэй юм байна. Жолооч нар аккумулятороо өөр машиныхтай холбож асаах тохиолдол их байдаг.
Харин ингэж асаах гэж оролдохдоо буруу холбож машиныхаа эд ангийг шатаах магадлал өндөртэй. Өглөө машин асахгүй байх үндсэн хоёр шалтгаан байдаг байна. Нэгдүгээрт, хэт хүйтэнд аккумуляторын ачаалах чадвар муудаж, хангалттай хэмжээнд ажиллахгүй байх. Хоёрдугаарт, свеча муудсан болон ашиглалтын хугацаа дууссан байх магадлалтай. Гэхдээ голдуу аккумулятор суусан байх магадлал хамгийн өндөр байдаг ажээ. Стартер эргэхгүй байх, эргэж байгаа ч эргэлт удаан юмуу бүр асахгүй байвал аккумулятор суусан гэсэн үг. Мөн их гэрэл хэвийн байдгаасаа бүдэг асах, дуут дохионы дуу сул эсвэл бүр дуугарахгүй байвал аккумулятор суусан гэж ойлгоорой. Их хүйтэнд аккумулятор бээрэхээс сэргийлж гадуур нь дулаалга хийх боломжтой. Хэдийгээр автомашины сэлбэг, хэрэгслийн дэлгүүрт зориулалтын дулаалга байдаггүй ч тохирсон эсгий дулаалга хийж болдог юм байна.
Харин таны машин бензин хөдөлгүүртэй бол халаагчгүй байдгийг анхаараарай. Бусдаар бол дизель хөдөлгүүрийн машинтай адилхан зарчмаар асаах хэрэгтэй юм байна. Гэхдээ гадаа хүйтэрч эхлэх үед өвлийн бэлтгэл болгож автомашиныхаа хөдөлгүүрийн тосоо зайлшгүй сольсон байх шаардлагатай.