Ажил хэргээ хурдан бөгөөд амархан гүйцэтгэхийн тулд өөрийн бүтээмжийн төрлөө тодорхойлоорой

2

Цагийн менежментийн тухай ном, зөвлөгөө уншаад сэтгэл дундуур хоцорч байв уу? Арга барил үр дүнгээ өгөхгүй учраас бид ажлаа богино хугацаанд гүйцэтгэж чадахгүй хэвээр үлдэнэ. “Амархан ажилла” номын зохиогч, бизнес-тренер Карсон Тейт-ийн үзэж байгаагаар бид бүгд нэг адилхан алдаа гаргадаг байна. Ажил хэрэг, цаг хугацааг зөв зохицуулахын тулд юуны түрүүнд бид өөрийн бүтээмжийн төрлийг тодорхойлох хэрэгтэй ажээ.

Та ямар төрөлд хамаарч байгааг шалгацгаая. Аль төрөлд нь та өөрийнхөө зан төрхийг олж харсан бэ? Ямар арга барилыг та урьд өмнө нь үл тоож байв? Бусдад нь үр дүнтэй байхад чухам ямар нь танд тус болоогүй вэ? Эдгээр асуултанд хариулаад та өөрийнхөө бүтээмжийн төрлийг олж мэднэ, ингээд цагаа зөв ашиглаж сурцгаая.

1. Эрэмбэлэгч

Эрэмбэлэгчид логик, бодит бас шүүмжлэх сэтгэхүйтэй байдаг. Тэд анхаарлаа амархан төвлөрүүлнэ, өөрийнхөө цагийг үнэлдэг. Нэрнээс харахад бүх ажлаа эрэмбэлж авч үзнэ. Ажлын байр нь цомхон, хэл яриа нь шулуун шударга “хуурай” гэж хэлэхээр, ажил хэргийн захидалд бараг мэндийн үг байхгүй, яагаад гэвэл тэдэнд тодорхой мэдээлэл л хэрэгтэй байдаг.

Тэд богино хугацаанд хүнд хэцүү даалгаврыг гүйцэтгэж чадна.

Эрэмбэлэгчдэд саад болох зүйлс:

  • Мэдээллийн дутагдал болон тодорхой бус мэдээлэл
  • Урт хий хоосон мэдэгдэл
  • Даалгавар гүйцэтгэж дуусах тодорхой бус хугацаа
  • Хий хоосон яриа

Илүү үр дүнтэй болоход туслах зүйлс:

  • Энгийн гэхдээ хэрэглээ сайтай бичгийн хэрэгсэл, жишээ нь урж болдог тэмдэглэлийн дэвтэр – тэмдэглэлээ бичих зориулттай эсвэл цавуутай цаас – гэнэт гарч ирсэн санаагаа бичээд нүдэнд ил наачих.
  • Өдөр тутмын ажил төрөл эсвэл урт хугацааны төлөвлөгөөг хянахад туслах аппликейшн (42Goals, Wunderlist, сэрүүлэг, төлөвлөгөө гаргах техник (Moosti).
  • Тодорхой хугацаанд дуусгах ажлын жагсаалт

 

2. Төлөвлөгч

Зохион байгуулалт сайтай, өчүүхэн ч гэсэн зүйлд анхаарал хандуулдаг – төлөвлөгчийн үндсэн шинж тэмдэг. Энэ төрхөөрөө тэд эрэмбэлэгч нартай илүү төстэй. Тэд нарийвчилсан төлөвлөгөө гаргана, хийсэн ажил болгоноо бичиж тэмдэглэнэ – хийж дуусгаад жагсаалтаас дарж хасна. Тэд гаргасан алдаагаа ч тэмдэглэн авч үлддэг хүмүүс.

Тэдний ажлын ширээн дээр илүүц юу ч байхгүй, хэрэгсэл болгон өөрийн гэсэн үүрэгтэй. Тэд мэдээллийг бүрэн өгөхийг зорьдог учраас хэлж байгаа өгүүлбэр нь урт бөгөөд ойлгоход бэрх байдаг.

Тэдэнд саад болдог зүйл:

  • Хугацааг хоцроох, саад болох
  • Үйл ажиллагааны нарийвчилсан шат дараалал байхгүй байх
  • Нийтлэлийн “усан байдал”, ямар нэгэн алдаа мадаг
  • Дутуу хийсэн ажил, тасалсан төлөвлөгөө, даалгаврыг өөрчлөх

Тэднийг илүү бүтээмжтэй ажиллахад туслах зүйл:

  • Хавтас, тусгаарлагч, стикер, хавчуурга, каталогууд
  • Мэдээлэл цэгцлэх тусгай программ, аппликейшн, ажлын өөрчлөлт, хугацааг хянах боломжтой аппликейшн (Toodledo, HabitForge, Objectiveli).
  • Урьдчилан боловсруулсан маршрут, гүйцэтгэх ажлын жагсаалт, анхаарал хандуулах шаардлагагүй жижиг зүйлсийг мөн тэмдэглэнэ.

 

3. Зохион байгуулагч

Зохион байгуулагчид – идэвхтэй, сэтгэл хөдлөлтэй хүмүүс. Нийтэч, хүмүүст элдэв янзын түүх ярих сонирхолтой, тэдний хэл яриа тод томруун бөгөөд баялаг. Мэдрэмж нь сайн хөгжсөн, бусдыг ямар нэгэн зүйлд итгүүлэх авьяастай, түншийн хэрэгцээг мэдэрдэг хүмүүс байна.

Тэд аливаа асуудлыг шийдэх, ажил гүйцэтгэхдээ тодорхой баримтыг үндэслэлгүйгээр мэдрэмжиндээ илүү найддаг. Багаар болон ганцаар ажиллах чадвартай, гэхдээ бусадтай ярилцаж ажлаа гүйцэтгэх нь илүү давамгайлна. Ажлын байранд гэрэл зураг, бэлэг дурсгалын зүйлс, гоёл чимэглэлээр ихээр харагдана.

Тэдэнд саад болдог зүйл:

  • Хуурай мэдээлэл, илүү нуршсан тоон мэдээлэл
  • Ахицгүй ажил
  • Эргэх харилцаа эсвэл огт харилцаа байхгүй байх
  • Бусдыг эрс шүүмжилсэн шүүмж
  • Хүлээн зөвшөөрөх эсвэл сайшаалын үг дутагдах

Тэдэнд илүү үр бүтээлтэй ажиллахад туслах зүйл:

  • Нүд болон гарт таатай санагдах зүйл, жишээ нь сайн чанарын цаастай чамин өдрийн тэмдэглэлийн дэвтэр, өнгийн үзэг, тодруулагч, загвар сайтай хулгана.
  • Видео дуудлага дэмжих мессенжерүүд (Skype, WhatsApp)
  • Анхаарал хандуулахад туслах, мэдээлэл хадгалах, мэдээлэл бусадтайгаа хуваалцах аппликейшнууд (focus@will, stickK, Redbooth)

 

4. Харааныхан

Тэдний сэтгэлгээ стандарт бус. Хүнд хэцүү асуудлыг амархан шийднэ, нэгэн зэрэг хэд хэдэн ажил үүрэг гүйцэтгэж чаддаг. Ажлын байраа зөвхөн өөртөө тохируулж зохион байгуулсан байдаг. Бусдад эмх замбараагүй санагдах зүйлс тэдний хувьд хэвийн үзэгдэл. Тэд байнга шинэ зүйлд суралцах эрмэлзэлтэй байдаг ажээ.

Мэдрэмж болон дэвэргэн зан – энэ бол тэдний мөн чанар бөгөөд “шинийг нээгч” байхыг хүсдэг. Тэд бусдын хараагүйг олж харж чадна, үл нийцэхийг нийцүүлж чадна. Ажлын төлөвлөгөөнөөс гажиж замаасаа хазайх нь ч бий, гэхдээ энэ нь нэг ажлыг хийж дуусгахын тулд гэдгийг тэр болгон мэддэггүй.

Тэдэнд ажлаа хийхэд нь саад болох зүйлс:

  • Ахицгүй бас улиг болсон ажил
  • Тодорхой хүрээнд хавчигдах
  • Хуучинсаг үзэл бодол
  • Өөрсдийн бий болгосон замбараагүй байдалдаа өөрсдөө төөрөгдөх нь бий

Илүү үр бүтээмжтэй ажиллахад туслах зүйлс:

  • Зузаан цаастай том хэмжээний дэвтэр, өнгийн бал, маркер самбарын хамт – бүх зүйл нүдэн дээр байнга тусаж байх ёстой.
  • Олон санаа багтаах боломжтой программ, аппликейшн – мөн зураг, хүснэгт, газрын зураг хийж болдог байх ёстой, анхаарал сарниулахгүй энгийн аппликейшн байсан ч болно (Lifetick, ZenPen).
  • Ажлаа эрэмбэлэх, анхаарлаа хандуулах.

 

5. Цаашаа яах уу?

Чухам ажил хийхэд юу саад учруулж байна эсвэл эсрэгээрээ анхаарал хандуулахад юу тусалж байгааг ойлгохыг хичээ. Цагийн менежментийн техник л амжилт авчирна гэж хий хоосон найдаад хэрэггүй, хамгийн гол нь өөрийгөө олж мэдэхэд л гол учир оршиж байгаа юм.

Хэрвээ та хэд хэдэн төрлийн шинж агуулж байгаа бол хэвийн үзэгдэл шүү. Таны бүтээмжийн төрх холимог байж болно. Тиймээс төрөл бүрийн хэрэгсэл ашигла, тэдгээрийг хослуулж сур. Эцсийн үр дүнд та ажил, амралтаа чадварлаг зохицуулж сурна.

Гарсан үр дүн болон үзэл бодлоо сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Та чухам ямар төрөлд нь хамаарсан бэ?

5
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *