Бидний хүүхдүүд ирээдүйд сурах бичгээсээ унших 2021 онд хийгдсэн шинжлэх ухааны гайхалтай 11 нээлт

1

2021 он шинжлэх ухааны нээлт болон техникийн шинэ санаачилгаар баялаг жил болж өнгөрчээ. Эдгээрийн зарим нэгийг аль хэдийн бидний амьдралд нэвтрүүлж эхлээд байгаа бол зарим нэгийг нь тун удахгүй ашиглаж эхлэх нь ээ.

Бид шинжлэх ухаан – техникийн нээлтүүдийг судалж төрөл бүрийн салбарт илүү түлхүү ашиглах болсныг тантай хуваалцахаар шийдлээ.

Рок хамтлагийн нэрээр нэрлэгдэх болсон шинэ төрлийн мэлхий

© РЕН ТВ. Новости / YouTube
© GAB Archive / Redferns

2021 оны зун эквадорын их сургуулийн амьтан судлаачид Андын нуруунд шинэ төрлийн мэлхий олж илрүүлжээ. Уг нээлт нь олон нийтийн анхаарлыг хэд хэдэн шалтгааны улмаас шууд татсан юм. Нэгдүгээрт, мэлхийг британийн рок хамтлаг Led Zeppelin-ийн нэрээр нэрлэх болсон нь тус хамтлагийн дуу хөгжимд оруулсан хувь нэмэр, мөн этгээд төрлийг өндрөөр үнэлсэнтэй холбоотой.

Хоёрдугаарт, шинэ төрөл нь цорын ганц буюу зөвхөн тухайн бүс нутагт л тархан суурьшсан мэлхий байв.

Гуравдугаарт, дөнгөж сая олж мэдсэн уг мэлхий нь устаж үгүй болох аюулд ороод байгаа ажээ. Учир нь газар тариаланд улам их талбай ашиглах болсон, тэр дундаа Pristimantis ledzeppelin мэлхийний тархан суурьшсан бүс нутаг үүнд багтаж байгаа нь ийм аюулд хүргэхэд нөлөөлж байна.

 

Хумхаа өвчний эсрэг вакцин

© Adam Jan Figel / Shutterstock

Хумхаа өвчин – хэдэн сая хүний амь насыг авч одсон хамгийн аймшигтай бөгөөд хүнд өвчин. 2019 онд гэхэд л ойролцоогоор 229 сая хүн халдвар авчээ, ихэнх тохиолдолд африкийн хүүхдүүд уг өвчинд нэрвэгддэг. Өвдөж эдгэсэн хүмүүсийн дунд тэр болгон найдвартай дархлаа ч тогтохгүй байгаа юм.

Хумхаа өвчний эсрэг вакцин зохион бүтээхэд амаргүй байсан гэдэг. Нэгдүгээрт, өвчин үүсгэгч паразит нь 5000 гаруй гентэй. Хоёрдугаарт, уг паразитын амьдралын хэв маяг маш нарийн тул түүнд хэрхэн, хэзээ нөлөөлж болохыг ойлгох зайлшгүй шаардлагатай байв.

Ингээд 30 гаруй жил үргэлжилсэн судалгаа, туршилтын эцэст 2021 онд ДЭМБ хумхаа өвчний эсрэг вакциныг бүртгэж хүлээн зөвшөөрчээ. Уг вакциныг гаргаж авахад 750 сая гаруй ам.доллар зарцуулсан гэдэг. Ийм их хөрөнгө зарцуулахаас өөр аргагүй байсан юм. ДЭМБ-ын Ерөнхий захирал уг вакциныг шинжлэх ухааны томоохон нээлт гэж онцлон хэлсэн бөгөөд жилд хэдэн мянган хүний амийг аврах болно гэдэгтээ итгэлтэй байгаа ажээ.

 

Хүнд хиймэл зүрх суулгах мэс ажилбар

© ProvidenceSpokane / YouTube, © FRANCE 24 English / YouTube

2021 онд анагаахын шинжлэх ухааныг доргиосон бас нэгэн шинэ нээлт юм. Америкийн мэс засалчид өвчтөнд цэвэр хиймэл зүрх шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж чаджээ. Хиймэл зүрх нь жинхэнэ зүрхтэй бараг адилхан, хүний биеийн хөдөлгөөнд дасан зохицох чадвартай тул эрүүл хүний жирийн амьдралаар амьдрах боломжийг нь хангаж өгнө.

Мэдээж тодорхой хэмжээний таагүй нөхцлүүд бий. Өвчтөн биедээ байнга 4 кг-ын жинтэй цүнх үүрч явах шаардлагатай. Тэр дотор зүрхний цохилтыг хэвийн явуулах гуурсан шингэн бий, мөн механизмыг ямар ч доголдоггүй ажиллуулах аккумулятор хийжээ.

Зүрхийг анх Францад зохион бүтээсэн юм. Энэ хиймэл зүрхний ачаар одоо олон хүн донорын зүрх шилжүүлэн суулгах ээлжээ хүлээх шаардлагагүй боллоо.

 

Маш өндөр нарийвчлалтай тархины зураг

© Соединяющий Миры / YouTube

Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн тархи болон нейрон шинжлэх ухааныг улам их сонирхох боллоо. Өнөөгийн технологийн өндөр хөгжсөн түвшинд ч уг эрxтнийг судлахад үнэндээ амаргүй л байна.

Энэ үйл явцыг хялбаршуулахын тулд Google болон Харвардын эрдэмтэд тархины нэгээхэн хэсгийн нарийн 3D-зургийг гаргажээ. Уг дүр зургийг гаргахын тулд 225 сая зураглал 1,4 петабайт мэдээлэл ашиглажээ.

 

Догфон

© Depositphotos.com, © Depositphotos.com

Тэр өдөр ирсэн шүү: одоо нохойнууд эзэнтэйгээ ямар нэгэн хүндрэлгүйгээр бас зуучлагчгүйгээр шууд зайнаас харилцаж чадна. Шотландын эрдэмтэд жинхэнэ нохойны утас зохион бүтээжээ. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар гэрийн тэжээвэр амьтад бие даан эзэн рүүгээ видео дуудлага хийж болох нь (бас эсрэгээрээ). Үүний тулд гэрийн тэжээвэр амьтан бөмбөгөөр тоглоход л хангалттай. Энэ үед нөүтбүүкт мэдээлэл ирдэг байна.

Уг харилцаа холбооны хэрэгсэл нь эзнээсээ хол байгаа амьтдын сэтгэл зүйд сайнаар нөлөөлнө гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Цаашлаад нохойнууд ч өөр хоорондоо холбогдож болохыг үгүйсгэхгүй байгаа ажээ.

 

Оюуны чадлаар видео тоглоом тоглох сармагчин

© Neuralink / YouTube

Илон Маскийн Neuralink стартапын мэргэжилтнүүд сармагчны тархинд нейрон чип суулгасны ачаар тэд оюуны чадлаа ашиглан видео тоглоом тоглож чаддаг болжээ. Уг туршилтыг хийсэн зохион бүтээгчдийн үндсэн зорилго – саа өвчнөөр шаналж байгаа хүмүүс компьютер, утас ашиглах боломжийг бүрдүүлэхэд оршино. Ийм өвчний оноштой хүмүүс гараа хөдөлгөж байна гэж төсөөлөхөд л хангалттай ажээ.

 

3D-принтерээр хэвлэсэн амьдрах зориулалттай байшин

© Depositphotos.com

2021 оны 5 дугаар сард Европт анх удаа 3D-принтерээр хэвлэсэн амьдрах зориулалттай байшинд нэгэн хос амьдрах болжээ. Уг технологийг барилга барих зориулалтаар ашиглаж байсан, гэхдээ хүн амьдран суух зориулалтгүй барилга байгууламжууд байсан юм.

Роботжуулсан гараар байшинг бүр тэгээс нь эхэлж босгох бөгөөд үүнд 5-7 хоног зарцуулдаг бөгөөд хэд хэдэн давуу талтай. Барилгын ажлыг богино хугацаанд (фирм ажлын гүйцэтгэлийг хугацааг улам багасгах зорилго тавьж байгаа юм) дуусгахаас гадна байгаль орчинд үзүүлэх хор xөнөөл ч бага, мөн дизайнерын ямар ч санааг бодит болгох боложтой. Гэхдээ хамгийн чухал нь барилга хямд үнээр босох тул маш олон хүний орон сууцны асуудлыг шийдэх боломжтой ажээ.

 

Мянган жилийн настай арктикийн амилсан өт

© Bernard Jenni / YouTube

Оросын эрдэмтэд ойролцоогоор 24,000 жил хөлдүү байсан арктикийн өтийг олж илрүүлээд амилуулж чаджээ. Энэ нь олон эст организм хэдэн мянган жилийн туршид криптобиоз байдалд байж чадахыг баталж байгаа хэрэг юм. Криптобиоз – бодисын солилцоо бараг бүрэн зогсож байгаа үйл явц гэж судлаач Стас Малявин тайлбарлажээ.

 

Арслан зааныг амилуулах төсөл

© Depositphotos.com

Орос болон Америкийн хэд хэдэн эрдэмтэд ойрын жилүүдэд арслан зааныг амилуулах төслийг хэрэгжүүлэх болсноо албан ёсоор зарласан. Төслийг хэд хэдэн аргаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ, тэр дундаа зааны тусламжтайгаар: судлаачид гибрид маягийн амьтан гаргахыг зорьж байгаа юм. Эрдэмтэд төслөө хэрэгжүүлэх явцад маш олон асуулт, асуудалтай тулгарахаа сайн ойлгож байгаа, гэхдээ тэд хэрэгжүүлж болохуйц гэж үзжээ.

 

Ухаантай нохой…

© Depositphotos.com

Мэдээж эрдэмтэд бидний хайртай гэрийн тэжээвэр амьтдыг ч гэсэн судалж байгаа. Жишээ нь, нохой хэдэн үг тогтоох чадвартайг судалж үзжээ. Уг асуудал дөрвөн хөлт амьтан тэжээж байгаа хүмүүсийн дунд багагүй маргаан үүсгэдэг. Нохой дунджаар 89 үг, хэлц үг ойлгож, тогтоох чадвартайг эрдэмтэд олж мэджээ. Илүү “боловсролтой” нохой 200 гаруй үг ялгаж ойлгож чаддаг гэнэ. Энэ нь 2 настай хүүхдийн үгийн сантай дүйхүйц ажээ.

 

… бас муурнууд – галзуу

© Depositphotos.com

Тэд бас муурыг ч мартаагүй. Муурыг судалж үзэхэд муур ямар нэгэн хэмжээгээр галзуугийн шинж тэмдэгтэй болох нь тодорхой болжээ. Илүү ойлгомжтойгоор тайлбарлавал, бидний хайртай муур – жинхэнэ “галзуучууд”. Мэдээж бидний харах өнцгөөс шүү дээ. Муурын хувьсан өөрчлөгдөх өнцгөөс авч үзвэл муур яг өөрийнхөө зан төрх, бие байдалдаа тохирох стратегийг сонгож байгаа юм.

Аймшиггүй, түрэмгий байдал, зог тусах байдал, өрөвдөх болон харамсах сэтгэлгүй, үгэнд орохгүй байх, хүмүүст болон бусад амьтдад нөхөрсөг бусаар хандах зэрэг зан төрхийг муурнаас илрүүлсэн. Энэ төрлийн гэрийн тэжээвэр амьтантай эзэд хэд хэдэн хувилбаруудаас сонголт хийх байдлаар судалгааг явуулжээ: тэд эзэндээ үнэнч үү, хулгана зэрэг олзоо бариад идэхээсээ өмнө зугаацаж зовоодог уу, ямар нэгэн шалтгаангүйгээр мяулж дуугардаг уу, бусдаас өндөрт суух дуртай юу зэрэг.

Уг судалгаа нь муурнаас илэрч болох таагүй зан төрхийг засаж залруулахад тустай гэж судлаачид үзэж байгаа юм. Муур, эздийн харилцааг тайван байлгах, цаашлаад муурыг гудамжинд гаргаж хаях болон асрамжийн газарт үлдээхээс хамгаална гэж үзжээ.

Эдгээр нээлт болон дэвшил хөгжлүүдээс аль нь таны бодлоор хүний амьдралд илүү чухал санагдаж байна вэ?

17
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *