Гэмт хэрэгтнийг шийтгэдэг байсан хуучны хэрцгий аргууд

0

Түүхийн аль ч үед, мөн ямар ч улс оронд гэмт хэрэг гарсаар ирсэн байж таарна. Хулгайч, залилагч, алуурчид нь нийгэмд хор хохирол учруулж, төр засгаас тэдэнтэй янз бүрээр тэмцэж байжээ. Эрт үед гэмт этгээдийг шийтгэх аргууд нь цочирдмоор, хүний санаанд оромгүй яргалал байсан талаар энд өгүүлнэ.

1. Грампуссинг

Аль ч улсын цэрэг армийнхан дунд үүрэг даалгавар биелүүлж чадаагүй нэгнээ хатуу цээрлүүлдэг уламжлал байжээ. Тухайлбал, VIII Генрих хааны үед манаанд унтсан усан цэргүүдийг саваагаар жанчдаг байв. Гурван удаа ингэж унтвал саваадах тоог нэмсээр, дөрөв дэх удаад нь хөлөг онгоцны хошуунд буруутныг хүлж, хутга өгнө. Өлсөж үхэх эсвэл амиа егүүтгэх хоёрхон сонголтой.
Мөн грампуссинг гэх шийтгэл бас байжээ. Энэ шийтгэлийн тухай түүхэн баримт ховор үлдсэн хэдий ч, нэг иймэрхүү зүйл болдог байв: хүний гарыг хүлж дээш нь өргүүлээд, ханцуйгаар нь 2 хувин ус хийнэ. Усанд хахаж цацан хоолой нь хоржигнож, далайн гахайны нэг төрөл болох грампустай адил дуугардаг гэнэ.

Гэмт хэрэгтнийг шийтгэдэг байсан хуучны хэрцгий аргууд 1

2. Архичны хувцас

Зарим төрлийн шийтгэлүүд гэм буруутныг ичээх зорилго агуулж байв. Жишээ нь, 16-17-р зуунд архичны хувцас хэмээх энэ шийтгэлийг олон нийтийн газар архидан согтуурсан хүнд ноогдуулдаг байжээ. Буруутанд гар хөл, толгойгоо гаргах нүхтэй торх углаад гудамжаар явуулна. Мөн согтуурагч этгээд 5 шиллинг ядууст өгөх ёстой.

Энэ аргыг нийтээрээ хүлээн зөвшөөрч, удалгүй Английн ердийн шийтгэл болсон агаад Европ даяар өргөн тархжээ. Германд schandmantel буюу гутамшгийн хүрэм гэж нэрлэв. Испанид торхтой хүнийг багананд хүлдэг хувилбар ч дэлгэрсэн гэнэ.

Гэмт хэрэгтнийг шийтгэдэг байсан хуучны хэрцгий аргууд 2

3. Хүзүүнд хавтгай мод углах

17-р зууны үед Хятадад энэ аргыг анх хэрэглэсэн тухай мэдээ байна. Мөглөн маягийн хэд хэдэн янзаар дэлгэрчээ. Хэрэгтний хүзүүнд ингэж хавтгай мод углахад гар нь амандаа хүрч чадахаа болино. Олны газар аваачиж гуйлга гуйлган суулгах бөгөөд хүний гараас л хоол идэх боломжтой. Зарим мод нь 90 кг хүртэл жинтэй тул яваандаа ялтны хүзүү хугарна. Олон нийтийн газар мөглөнд суулгах /толгойгоо гаргах нүхтэй авдар/ шийтгэл ч байв.

Гэмт хэрэгтнийг шийтгэдэг байсан хуучны хэрцгий аргууд 3

4. “Валлий хэлийг хориглоё”

1847 онд Британийн төрөөс валлийчуудын боловсролын тогтолцоог хүүхдэд муу нөлөөтэй гэж үзжээ. Валлий хүүхдүүд мэдлэг муутай, суралцах орчин тааруу байв. Иймд англи хэлийг үндсэн хэл болгох нь валлийчуудыг аврах цорын ганц арга гэж шийджээ.

Валлийчуудын сургуульд зөвхөн англиар ярихыг зөвшөөрөв. Хэрэв төрөлх хэлээрээ ярьж байгаад баригдвал энгэрт нь “Валлий хэлийг хориглоё” гэсэн бичигтэй модон самбар зүүж шийтгэдэг болжээ. Дахин нэг удаа валлий хэлээр яривал зодож жанчдаг байсан аж.

Гэмт хэрэгтнийг шийтгэдэг байсан хуучны хэрцгий аргууд 4

5. Шоронгийн гүйдэг зам

Британийн гяндангууд 19-р зууны үеэс эхлэн гүйдэг замыг шийтгэлд ашиглаж иржээ. Энэ нь бидний мэдэх фитнессийн гүйлтийн замтай ижил зүйл байв. Гэхдээ мэдээж, тухайн үед ялтнуудаа дасгалжуулах гэж бус, шийтгэж өдөрт 8 цагаар гүйлгэдэг байжээ.

Нэгэн хэвийн, хүнд бэрх ажил хийлгэх нь хоригдлуудыг гэмт үйлдэл хийхээс сэргийлэх бодлого юм. Зарим үед гүйдэг замыг тээрэмтэй холбож, гурил тээрэмдүүлдэг байжээ.

Гэмт хэрэгтнийг шийтгэдэг байсан хуучны хэрцгий аргууд 5

6. Бурханы шүүлтээр шалгах

Энэ арга нь – сэжигтний гэм буруутай эсэхийг нотлохдоо бурханы шударга шүүлтэд найдаж байгаа хэрэг юм. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүнд гүйцэтгэхэд бэрх даалгавар өгч, хэрэв тэр хүн эсэн мэнд гарвал түүнийг буруугүй хэмээн итгэдэг байжээ.

Тухайлбал, буцалж байгаа устай саван дотроос улаан гараар нь чулуу гаргуулах бөгөөд хэрэв гурав хоногийн дараа түлэгдсэн шарх нь эдгэхгүй бол түүнийг гэм буруутай гэж тооцно. Жирийн аргуудаас дурдвал, сэжигтэн шүүгч хоёр хоёул загалмайн өмнө гараа өргөж зогсоно. Хэрэв сэжигтэн этгээд түрүүлж гараа буулгавал буруутай нь нотлогдсон гэсэн үг ажээ.

Гэмт хэрэгтнийг шийтгэдэг байсан хуучны хэрцгий аргууд 6

7. Давирхайтай малгай

1798 оны Ирландын бослогод оролцсон хэмээн сэжиглэгдсэн хүмүүст давирхайтай малгай өмсүүлж байв. Конус хэлбэртэй малгайд /дурын материалаар хийсэн/ буцалсан давирхай хийж сэжигтэнд өмсгөөд буцааж тайлахад үс, хуйх нь хуулардаг байжээ.

Гэмт хэрэгтнийг шийтгэдэг байсан хуучны хэрцгий аргууд 7

8. Олсны хивэг хийлгэх

18-19-р зууны үеийн шоронгуудад энэ шийтгэл түгээмэл хэрэглэгдэж байлаа. Тэр үед усан онгоцны хуучин татлага олсыг хаядаггүй байсан бөгөөд олсны хивэг хийхэд ашиглаж байв. Олсыг жижиглэн хэрчиж давирхайтай холино. Модон онгоцнуудын ан цавыг энэ хольцоор шавбал ус нэвтрүүлдэггүй тул энэхүү хүнд хүчир, уйтгартай ажлыг хоригдлуудаар хийлгэдэг байжээ.

Гэмт хэрэгтнийг шийтгэдэг байсан хуучны хэрцгий аргууд 8

9. Дүүжилж өлгөх

Дундад зууны Европт энэ шийтгэлийг тогтмол хэрэглэж, ялангуяа цэргүүдийг тамладаг байв. Газарт гадасны хурц үзүүрийг дээш харуулж зоогоод, хэрэгтнийг өрөөсөн хөлөөр нь энэ гадсан дээр зогсоож, бугуй юм уу, хуруунаас нь олсоор дээш өлгөж татна. Дээш өрөөсөн гар нь татагдаж өвдөнө, шовх гадсан дээр хөл нь бас өвдөнө. Энэ шийтгэлийг амссан хүний бүх бие тэсэхэд бэрх өвдөж тарчилдаг ажээ.

Гэмт хэрэгтнийг шийтгэдэг байсан хуучны хэрцгий аргууд 9

10. Хээрийн шийтгэл №1

Британийн армид зодож жанчихыг 1881 онд хориглосноос хойш архи уух зэргээр дүрэм журам зөрчсөн цэргүүдийг цээрлүүлэх шинэ арга бодож олохоор цэргийн дарга нар ухаанаа уралдуулжээ. Олон ч арга олсон ба тэдгээрээс 1920 он хүртэл түгээмэл хэрэглэсэн “хээрийн шийтгэл №1” нэртэй нэг шийтгэл байв.

Буруутай цэргийг их буу эсвэл тэрэгний дугуйнд гавлаж өдөр бүр 2 цаг зогсооно. Заримдаа газарт зоосон шон, модон загалмайд хүлнэ. Тэсгим хүйтэн, усан борооноор ч энэ шийтгэлийг гүйцэтгэдэг байсан гэнэ.

Гэмт хэрэгтнийг шийтгэдэг байсан хуучны хэрцгий аргууд 10

10
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. ИРГЭН

    2016/04/11 at 07:37

    МАНАЙ НЯМДОРЖ ГИШҮҮНИЙ ОРУУЛЖ ИРСЭН ЯРГЫН САНДЛЫН ДЭРГЭД ХОЦРОГДСОН САНДАЛ БАЙНА ДОО.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *