Хаврын ядаргаа тайлах хамгийн амттай 10 шөлний жор

0

Хаврын ядаргааны энэ цагт үдийн цай, оройн хоолонд хав халуун уур савссан, амтлаг шөл, цөцгийтэй борщ эсвэл ясны шөлөн дээр хийсэн гурилтай шөлнөөс илүү амтлаг зүйл юу байх билээ. Ммм.. Ямар сайхан амттай билээ дээ. Бодохоос л арааны шүлс асгарч байна.

Өөрийгөө болон ойр дотныхныгоо гайхалтай амттай хоолоор баярлуулахын тулд та бидний бэлтгэсэн дараах олон янзын шөлнүүдийг туршаад үзээрэй.

Хадгалж авахаа мартав аа!

1. Бяслагтай, утсан тахианы махтай амтат шөл

Орц:

  • Тахианы утсан гуя – 300гр
  • Хайлдаг бяслаг – 3 хоолны халбага (жишээ нь, виола)
  • Төмс – 3 ш
  • Лууван – 1 ш
  • Сонгино – 1 ш
  • Гоньд буюу укроп
  • Давс болон амтлагч
  • Ургамлын тос (шарахад)

Хийх арга

  1. Тахианы утсан гуяа чанана. Дараа нь шөлнөөсөө гаргаж махыг нь жижиглэсний дараа буцааж шөл рүүгээ хийнэ.
  2. Шөлөндөө шоо дөрвөлжин хэрчсэн төмс болон жижиглэж хэрчсэн (эсвэл үрэгчээр үрсэн) луувангаа нэмнэ.
  3. Сонгиноо шаргалттал нь хуураад, шөл рүүгээ хийнэ. Бяслагаа мөн шөл рүүгээ хийнэ.
  4. Зөөлөн гал дээр 15-20 минут болон түүнээс дээш хугацаанд болтол нь, бяслаг бүрэн хайлтал буцалгана.
  5. Таваглахдаа жижиглэж хэрчсэн гоньд нэмнэ.

 

2. Давхар утлагат нарийн хиам, бяслагтай вандуйны шөл

Орц:

3 литрт тооцов.

  • Вандуй – 1 аяга
  • Төмс – 3 ш
  • Лууван – 1 ш
  • Сонгино – 1 ш
  • Давхар утлагат нарийн хиам – 5 ш
  • Хайлдаг бяслаг – 2 хоолны халбага
  • Ногоон ногоо – дурын (яншуй, ногоон сонгино, укроп гэх мэт)
  • Давс, амтлагч – амталгаагаар
  • Ургамлын тос (шарахад)

Хийх арга

  1. Вандуйгаа 2 цаг усанд дэвтээнэ. Эсвэл шөнө нь усанд хийж орхиод маргааш нь хоолондоо ашиглаж болно.
  2. Давстай буцалж буй усанд вандуйгаа хийгээд 30 минут чанана. Чанаж байх явцдаа хөөсийг нь байнга авах хэрэгтэй. Дээрээс нь төмсөө хийнэ.
  3. Сонгиноо жижиглэн хэрчиж, луувангаа үрэгчээр үрнэ (эсвэл луувангаа жижиг хэрчинэ). Сонгино, луувангаа бараг болтол нь хуураад, дээр нь дугуй хэрчсэн хиамаа нэмнэ.
  4. Уг шарсан бэлдэцээ шөл рүүгээ нэмээд, дээрээс нь бяслагаа хийнэ. Шөлөө бяслаг хайлтал буцалгах ба таваглахдаа ногоон ногоогоор чимэглэнэ.

 

3. Тахианы мах, мөөгтэй вандуйны шөл

Орц:

  • Тахианы цээж мах – 300 гр
  • Мөөг – 150 гр
  • Вандуй – хагас аяга (урьдчилж дэвтээсэн байх)
  • Төмс – 2 ш
  • Лууван – 1 ш
  • Сонгино – 1 ш
  • Гич – 1 цайны халбага
  • Куркума – чимх (илүү шар өнгөтэй болгохын тулд нэмж болно)
  • Ургамлын тос
  • Давс, амтлагч
  • Ногоон ногоо

Хийх арга

  1. Вандуй, тахианы цээж мах хоёроо давстай усанд 30 болон түүнээс дээш минут буцалгана.
  2. Тахианы махаа шөлнөөсөө гаргаад, дунд зэргийн хэмжээтэй хэрчиж, шөл рүүгээ буцааж хийнэ.
  3. Төмсөө дөрвөлжилж хэрчээд шөл рүүгээ хийж, 15 болон түүнээс дээш минут чанана.
  4. Луувангаа үрэгчээр үрээд (эсвэл жижиг хэрчиж болно), сонгиноо жижиг дөрвөлжин хэрчинэ.
  5. Хэрчиж бэлтгэсэн ногоонуудаа хайрс тогттол нь шараад, мөөг, гич нэмж зөөлөн гал дээр 5 минут жигнэнэ.
  6. Шарсан лууван, сонгины бэлдэцийг шөл рүүгээ куркумагийн хамтаар нэмээд, давс, перецээр амтална.
  7. Шөлийг ахин 10 минут буцалгаад шөл бэлэн болно.
  8. Таваглахдаа ногоон ногоогоор чимэглэнэ.

 

4. Тахианы махтай “Харчо” шөл

Орц: 

3 литрт тооцов.

  • Тахианы цээж мах – 300 гр
  • Лууван – 1 ш
  • Сонгино – 1 ш
  • Цагаан будаа – 100 гр
  • Сармис – 3 хумс
  • Томатны паст – 2 хоолны халбага
  • Давс, амтлагч
  • Ногоон ногоо (яншуй, ногоон сонгино, укроп гэх мэт)
  • Ургамлын тос (шарахад ашиглана)

Хийх арга

  1. Тахианы цээж махаа хэрчинэ.
  2. Хэрчсэн тахианы мах, будаа хоёроо давстай усанд чанана.
  3. Луувангаа үрэгчээр үрнэ (том нүхээр нь). Эсвэл луувангаа цагираг хэлбэрээр хэрчинэ.
  4. Сонгино жижиг дөрвөлжин хэрчинэ.
  5. Лууван, сонгиноо бага зэрэг тосонд шараад, дээрээс нь томатны паст, жижиглэж хэрчсэн сармис, яншуй (эсвэл укроп) зэргийг нэмээд бага зэрэг жигнэнэ.
  6. Дээрх шарсан холимгоо давс, перецний хамтаар шөл рүүгээ нэмнэ.
  7. Шөл буцалмагц плиткээ унтраагаад 10 минут байлгана.
  8. Таваглахдаа ногоон ногоогоор чимэглэнэ.

 

5. Бөөрөнхий мах, вандуйтай улаан лоолийн шөл

Орц:

4 литрт тоооцов.

  • Үхрийн махан таташ (фарш) – 400 гр
  • Вандуй – 1 аяга (урьдчилж дэвтээсэн байх)
  • Лууван – 1 ш
  • Сонгино – 1 ш
  • Сармис – 3 хумс
  • Чинжүү – 1 ш (дундаж хэмжээтэй)
  • Томатны паст – 2 хоолны халбага
  • Ургамлын тос (шарахад ашиглах)
  • Давс, амтлагч – амталгаагаар

Хийх арга:

  1. Вандуйгаа давстай усанд болтол нь чанана.
  2. Фаршаа давс, перецээр амтлаад дундаж хэмжээтэй бөөрөнхий мах бэлтгээд, чанаж буй вандуйн дээрээ нэмнэ.
  3. Сонгино, лууванг жижиг дөрвөлжин хэрчээд, шарна.
  4. Жижиглэн хэрчсэн чинжүү, сармисыг томатны пастны хамтаар сонгино, лууван дээрээ нэмж өгөх ба таглаад зөөлөн гал дээр 10 минут жигнэнэ. (түлэхгүйн тулд үе үе хутгаж өгөөрэй).
  5. Дээрх шарсан бэлдэцээ буцалж буй шөлөн дээрээ нэмнэ.
  6. Том нүхтэй үрүүлээр үрсэн төмсийг шөл рүүгээ хийх ба давс, перецээр амталж бага гал дээр 20 минут гаран чанана. Шөл болмогц плиткээ унтраагаад 10 минут байлгана.
  7. Таваглахдаа ногоон ногоо дээр нь цацаж өгнө.

 

6. Сибирь маягийн мөөгтэй солянка шөл

Орц:

3-3,5 литрт тооцов.

  • Үхрийн мах – 300 гр
  • Утлагат хиам – 200 гр
  • Гахайн утсан мах – 200 гр
  • Сонгино – 1 ш
  • Мөөг – 200 гр
  • Давсалсан өргөст хэмх – 2 ш
  • Олив буюу чидун жимс – 150 гр (ясгүй)
  • Улаан лооль – 2 ширхэг
  • Томатны паст – 2 хоолны халбага
  • Давс, амтлагч
  • Ургамлын тос (шарахад ашиглах)
  • Нимбэг – 1 ш

Хийх арга

  1. Давстай усанд үхрийн махаа чанана. Махаа гаргаад дундаж хэмжээтэй хэрчиж, мөөг болон амтлагчийн хамтаар буцаан шөлөндөө хийнэ.
  2. Сонгиноо шаргал болтол нь хуурч, утсан гахайн мах, хиамаа нэмэн 5 минут шарна. Үүний дараа хальсыг нь авж, хэрчсэн улаан лооль болон томатны пастаа нэмэн зөөлөн гал дээр таглаж 10 минут жигнэнэ.
  3. Дээрх шарсан холимгоо шөл рүүгэээ хийгээд хэрчсэн олив, өргөст хэмхээ хийнэ. Шөл буцалмагц плиткээ унтраана
  4. Таваглахдаа нимбэгний зүсмээр чимэглэнэ.
  5. Цөцгий болон жижиглэн хэрчсэн яншуй юмуу укроптой идвэл илүү амттай байх болно.

 

7. Бяслаган банш, ногоон вандуйтай тахианы махан шөл

 Орц:

  • Тахианы цээж мах – 300 гр
  • Лууван – 1 ш
  • Төмс – 3 ш
  • Ногоон вандуй – бага зэрэг
  • Сонгино – 1 ш
  • Бяслаг – 50 гр
  • Өндөг – 1 ш
  • Гурил – 4 хоолны халбага (гурилнаас хамаараад их, бага байж болно)
  • Давс, амтлагч
  • Ургамлын тос (шарахад ашиглах)

Хийх арга:

  1. Тахианы цээж махаа дастай усанд хийж чанана. Бэлэн болмогц тахианы махаа гаргаад сэмлэнэ. Жижиглэсэн махаа буцааж шөл рүүгээ хийнэ.
  2. Төмсөө дөрвөлжин хэрчээд, шөл рүүгээ нэмэн буцалгана.
  3. Сонгино, луувангаа жижиглэн хэрчиж (луувангаа үрэгчээр үрж болно) бага зэргийн тосонд шарна.
  4. Шарсан сонгино, лууванг шөл рүүгээ давс, перецний хамтаар хийгээд, болтол нь буцалгана.
  5. Бяслаган банш хийх: Бяслагаа жижиг нүхтэй үрүүлээр үрээд, дээрээс нь өндөг нэмээд хутгана. Хутгах явцдаа гурилаа бага багаар дээрээс нь хийнэ. Гурил гаранд бага зэрэг наалдаж байхаар зуурна. Үүний дараа гурилнаасаа бага зэргийг тасдан авч гараараа бөөрөнхийлнө.
  6. Бэлэн болсон бяслаган баншаа ногоон вандуйны хамтаар шөл рүүгээ нэмээд, саваа таглаж 10 минут буцалгана.

 

8. Өндөгний хуймагтай тахианы шөл

Орц:

  • Тахианы цээж мах – 300 гр
  • Өндөг – 3 ш
  • Лууван – 1 ш
  • Сонгино – 1 ш
  • Төмс – 2 ш
  • Давс, амтлагч
  • Ургамлын тос (шарахад ашиглах)

Хийх арга:

  1. Тахианы цээж махаа давстай усанд буцалгана. Бэлэн болмогц тахианы махаа гаргаж ирээд жижиг хэрчээд, буцаад шөл рүүгээ хийнэ.
  2. Шөл рүүгээ дөрвөлжин хэрчсэн төмсөө хийнэ.
  3. Лууванг том нүхтэй үрүүлээр үрээд, сонгиноо жижг дөрвөлжин хэрчинэ. Хэрчсэн ногоонуудаа шарна.
  4. Дээрх шарсан бэлдэцээ шөл рүүгээ нэмээд 15 минут буцалгана.
  5. Энэ хооронд нь өндгөө давс, перцтэй хутган задална. Орос блинчик шардагтай адил өндгөө нимгэн шарна. 3 өндөгнөөс 3 хуймаг гарна гэж тооцох хэрэгтэй.
  6. Бэлэн болсон өндөгний хуймгаа хөргөөд, урт нарийхан хэрчиж, шөл рүүгээ хийнэ. Шөл буцалмагц, гал дээрээс авна.
  7. Дээр нь жижиглэн хэрчсэн ногоон ногоо (яншуй, укроп эсвэл ногоон сонгино) цацаад таваглана.

 

9. Яргай загастай, сүүн кремтэй финлянд шөл

Орц:

3 литрт тооцов.

  • Шөлний яс – 300 гр (яргай загасны толгой, сүүл, гол яс)
  • Яргай загасны мах – 300 гр
  • Төмс – 3 ш
  • Лууван – 1ш
  • Сонгино – 2 ш
  • Тослог багатай сүүн крем (whipping cream, сливки) – 1 аяга
  • Давс, амтлагч – амталгаагаар

Хийх арга:

  1. Шөлний яснуудаа бүтэн сонгины хамтаар чанана. Буцалмагц хөөсийг нь байнга авч байх хэрэгтэй.
  2. Яснууд болон бүтэн сонгиноо шөлнөөсөө гаргана.
  3. Шөлөө шүүгээд гал дээр буцаан тавьж, дээрээс нь жижиг дөрвөлжин хэрчсэн төмс, лууван, сонгино зэргээ хийнэ.
  4. Шөл буцалмагц хэрчсэн яргай загасны махаа хийж, давс, перецээр амтлан 20 минут буцалгана. Буцалж байх явцад хөөсийг нь авахаа мартуузай.
  5. Чанах явц бараг дуусч байхад сүүн кремээ нэмнэ. Дөнгөж буцалмагц гал дээрээс аваад 20 минут байлгана.

 

10. Үхрийн махтай “Шурпа” шөл

Шурпа бол өтгөн, маш аагтай шөл бөгөөд шурпа хийхдээ ястай мах сонговол илүү тохиромжтой байдаг.

Орц:

5 литрт тооцов.

  • Үхрийн ястай мах эсвэл үхрийн мах, хавирга – 700 гр
  • Сонгино – 2 ш
  • Хальсгүй улаан лооль – 3 ш
  • Лууван – 2 ш (дунд зэргийн хэмжээтэй)
  • Чинжүү – 2 ш (өнгө өнгийн чинжүү байвал сайн)
  • Төмс – 6-8 ш
  • Сармис – 5 хумс
  • Халуун чинжүү – 1 ш
  • Томатны паст – 1 хоолны халбага дүүрэн (овоолсон)
  • Ногоон ногоо (яншуй, укроп, ногоон сонгино гэх мэт)
  • Ургамлын тос (шарахад ашиглах)
  • Давс, амтлагч – амталгаагаар

Хийх арга:

  1. Махаа дунд зэргийн хэмжээтэй хэрчин ширмэн тогоон дээр шарна (хэрвээ ширмэн тогоо байхгүй бол хайруулын тавган дээр шарж болно). Ширүүн гал дээр хоёр талаар нь шарах бөгөөд дээр нь дугуй хэрчсэн лууван, цагираглаж хэрчсэн сонгиноо нэмээд, ногоонуудаа зөөлөртөл шарж, жигнэнэ.
  2. Ус нэмээд, 1 цаг жигнэж болгоно. Хөөсийг нь хамж авч байхаа мартав аа.
  3. Мах буцалж байх хооронд төмс, чинжүүгээ арилгана. Халуун чинжүүгээ одоохондоо цэвэрлэх болоогүй.
  4. Шөл 1 цаг буцалсны дараа томхон хэрчсэн төмс, чинжүүгээ дээр нь нэмнэ. Шөлөө давс болон бусад амтлагчаараа амтлаад, томатны паст, хэрчсэн сармис, бүтэн халуун чинжүүгээ дээрээс нь хийнэ.
  5. Таглаад галаа багасгаж, ахин 1 цаг буцалгана.
  6. Бэлэн болмогц халуун чинжүүгээ шөлнөөсөө гаргаад, ногоон ногоо нэмж 5 минут буцалгана.
  7. Таваглахдаа халуун ногоонд дурлагсдад халуун чинжүү хэрчиж хийгээд, яншуй, укроп юм уу ногоон сонгиноор чимэглэнэ.

Сайхан хооллоорой!

68
БахархмаарБахархмаар
16
ГоёГоё
16
Ха ХаХа Ха
13
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Bataa Bat

    Bataa Bat

    2017/04/09 at 16:55

    mongol hool bhgyi yu

  2. Battur Anar

    Battur Anar

    2017/04/09 at 21:14

    Nara Sara

  3. Ansii Moo

    Ansii Moo

    2017/04/10 at 01:06

    Hongoro Hongorzul

  4. Larc E

    Larc E'n Ciel

    2017/04/10 at 13:48

    Duya Duudka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *