Нүүр Хэв маяг Бүтээлч санаа 2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт

3
1

Хэрвээ та аль хэдийн бүгдийг нээж, бүхнийг зохион бүтээгээд дуусчихсан гэж боддог бол андуурч байна. Дэлхийн ертөнц гайхамшигтай зүйлсээр дүүрэн. Хамгийн гол нь бид цаг үргэлж ажигч, сониуч байж, тайлагдаагүй асуултын хариуг хайсаар л байх хэрэгтэй. Эдүгээ шинжлэх ухаан хөгжиж, зүгээр л нэг үл тайлагдах зүйлсийг нээн илрүүлж, хүмүүсийг гайхашруулахаас хамаагүй өндөр түвшинд хүрчээ. Гэхдээ хүний оюун ухаан гэгч элдэв сонин зүйлийг бодож олохдоо гаргууд учраас орчин үеийн зарим нээлтийг үнэхээр амьдралд ашиглаж болох уу гэдгийг нухацтай хэлэлцэх асуудал бидэнд тулгараад байгаа юм.

Тухайлбал, генетикийн аргаар гаргаж авсан марихуан хүмүүсийн анхаарлыг татах уу? Тийм хогийг хэн худалдаж авах вэ? Зурагтын удирдлаганы гар, зайрмагны торхонд хийсэн пицца бидэнд хэрэгтэй юу? Гэхдээ зарим нээлт үнэхээр нүд орой дээр гаргах нь бий. Хүний оюун ухаан ямар ч гайхамшгийг бүтээх чадалтайг гайхаад гайхаад баршгүй. 2016 онд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхалтай нээлтүүд хийгдээгүй байж мэднэ ээ. Гэхдээ л олон гайхамшигтай нээлт хийгдсэн билээ. Энэ удаа бид тэдгээр нээлтээс 15-ыг сонгон танилцуулж байна.

15. Хамгийн олон оронтой анхны тоо

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 1

2016 оны нэгдүгээр сард 274,207,281 – 1 хэмээх хамгийн олон оронтой анхны тоог нээсэн билээ. Энэхүү тоо нь 22,338,618 аравтын цифрээс бүрдэх агаад өмнө нь рекорд тогтоож байсан хамгийн олон оронтой анхны тооноос даруй 5 сая цифрээр илүү аж. Хамгийн олон оронтой анхны тоог нээлээ гээд амьдралд хэрэг болох ашиг тус байхгүй ч гэлээ шинэ нээлт хийнэ гэдэг бол оргилуун дарс задалж тэмдэглэх үйл явдал мөнөөс мөн. Үнэндээ орчин үеийн криптографт олон оронтой анхны тоог ашиглах болсон. Хамгийн олон оронтой анхны тоог хайх нь компьютерийн техник хангамжийг шалгах үр дүнтэй арга юм. Тухайлбал, эдүгээ рекорд эзэмшиж буй хамгийн олон оронтой анхны тоог олсон GIMPS программ хангамжийн тусламжтайгаар Intel компанийн процессорт үүссэн системийн алдааг олж илрүүлсэн байна.

14. Нарны аймгийн “ес дэх гариг”

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 2

Нарны аймгийн ес дэх гаригийг нээж илрүүлэх ажил арваад жилийн өмнө эхэлсэн ч гэлээ энэ онд л ийм гариг үнэхээр оршдогийг баталж чадсан билээ. Өмнө нь сансар судлаачид Далай вангаас алсад нэгэн аварга том ертөнц оршдог гэж таамаглах төдий байсан юм. Харин одоо тэрхүү таамаглал үнэн болох нь нэгэнт тодорхой боллоо. Хамгийн сонирхолтой нь уг гариг дээрх нэг жил дэлхий дээрх 17,000 жилтэй тэнцдэг бөгөөд нарны тусгал гадарга дээр тусах гэж бүтэн долоо хонодог аж.

Энэхүү ес дэх гариг цаашдаа нарны аймагт ямар нөлөө үзүүлэх бол гэдэг асуудал эрдэмтдийн толгойны өвчин болоод байгаа гэнэ. Учир нь эл гариг хүнд жинтэйн зэрэгцээ тойрог зам нь бусад гаригийнхаас өөр тул нарны аймаг аажмаар маршрутаасаа гарахад хүргэж болзошгүй гэж тэд үзэж буй аж. Аймар сонсогдож байгаа биз? Гэхдээ айх шаардлага ер байхгүй. Манай нарны аймаг хазайсан ч бид уначихгүй.

13. Мөнх орших 5D диск

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 3

Хэрвээ та физикийнхээ хичээлийг байнга тасалдаггүй байсан бол ямар ч зүйл цагийн эрхэнд урвалд орж задардаг гэдгийг мэдэх биз ээ. Өөрөөр хэлбэл мөнх юм гэж юу ч байхгүй. Гэвч 2016 оны хоёрдугаар сард Саутхамптоны эрдэмтэд олон тэрбум жил оршин байж чадах диск бүтээснээ зарласан билээ. Уг дискийг нано технологиор үйлдвэрлэсэн шилээр хийснээс гадна нэг дискэн дээр 360 терабит хэмжээтэй мэдээлэл хадгалах боломжтой ажээ. Түүнчлэн 1000 цельсийн хэмд тэсвэртэй энэхүү дискэн дээр бичигдсэн зүйлс сая сая жил улиран одсон ч арилж балартахгүй гэнэ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Магна Карта, Библи зэрэг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал баримт бичгүүдийг аль хэдийн хуулбарлаж, уг дискэн дээр дижитал хэлбэрээр хадгалаад байгаа аж. Хүмүүс өөрсдөө мөнх наслахгүй хэрнээ өөрсдөөсөө хамаагүй удаан орших зүйлийг өөрсдийн гараар бүтээсэн гэж бодоход хөгийн мэдрэмж төрж магадгүй л юм. Гэхдээ технологийн дэвшлийн ачаар бид соёл иргэншлийн баталгаа болсон чухал баримт бичгүүдээ мартаж, үрэгдүүлэхээс сэргийлэн, хамгаалж чадсан нь бахархууштай.

12. Модонд авирдаг махчин загас

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 4

Хэрвээ хэн нэгэн танд дөнгөж сая алхаж, модонд авирч, шувуу барьж чаддаг загас харлаа гэж хэлбэл та түүнийг Юрийн галавын цэцэрлэг киноны шинэ ангийг үзэж дээ л гэж бодох байсан байх, тийм үү? Гэхдээ түүнийг санаанаасаа ургуулан зохиож, худал хэлээгүй гэдэгт нь итгэж болох талтай. Ялангуяа тэр хүн тань Папуа-Шинэ Гвинейгээс ирээд удаагүй байгаа бол бүр ч итгэж болно. Тийм загас үнэхээр байдаг бөгөөд тус улсын хамгаалалттай бүсэд амьдардаг.

Авирагч алгана хэмээх энэхүү загасыг гаднаас нь харахад гэм хоргүй мэт боловч үнэндээ маш догшин авиртай бөгөөд Бойгу болон Сайбай арлынхны хувьд жинхэнэ аюул гэнэ. Уг загасанд амьсгалын эрхтэн байдаг тул цээжин хэсэг дэх сэрвээнийхээ тусламжтайгаар хуурай газар дээгүүр явж чаддаг ажээ. Авирагч алгана тун удахгүй Австралид суурьшиж магадгүй гэх цуу тараад байгаа юм. Урт удаан хувьслын явцад дасан зохицож чадсан уг загас нэг л мэдэхэд Австралид хүрчихсэн явахыг үгүйсгэхгүй. Загасчид болон аялагчдыг ийм загастай таарвал бушуухан хаяад явах хэрэгтэй гэж албаны хүмүүс сануулсаар буй билээ.

11. Киберийн тусламжтайгаар ухаангүй байгаа хүний хурууг хөдөлгөсөн нь

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 5

Кибер хүнийг зөвхөн шинжлэх ухааны уран зөгнөлт киноноос л олж хардаг юм биш ээ. Ойрын ирээдүйд биедээ өмсөж, зүүдэг багаж хэрэгслүүд үеэ өнгөрөөж, хүний биед нь суулгаж болдог технологиуд нэвтрэх гэнэ. Үнэндээ тэр цаг эдүгээ ирчихээд байгаа. Өнгөрсөн хавар нуруу нугасны гэмтлээс болоод 5 жил ухаангүй байсан нэгэн эрийн толгойд цахилгаан төхөөрөмж суулгасан байна. Төмрөөр бугуйвч маягийн юм хийж, залуугийн бугуйнд суулгасан бөгөөд ингэснээр мань эр гар, хуруу, бугуйгаа хөдөлгөж байжээ.

Энэхүү нээлтийг Нью Йорк дахь Анагаахын судалгааны Фэйнштэйн институтын Чад Боутон удирдагчидтай баг хийжээ. Төхөөрөмжийг залуу эрийн тархинд буюу хөдөлгөөнийг удирддаг хэсэгт суулгасан байна. Энэхүү технологийн ачаар өвчтөн нь бүр гитар тоглож чадахаар болжээ. Эрүүл саруул хүмүүс дотор ч хөгжим тоглож чаддаггүй хүн олон шүү дээ. Тэгэхээр ёстой гайхалтай байгаа биз?

10. Газардуулагч усан онгоцон дээр пуужин амжилттай газардав

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 6

Энэ яахаараа том нээлт болдог билээ гэж зарим нь гайхаж байж болох юм. Кинон дээр бол пуужин үргэлж л амжилттай газарддаг. Ер нь сансрын хөлгүүд өөр гариг дээр ч газардаж л байдаг шүү дээ. Гэтэл бодит амьдрал дээр пуужин газардуулна гэдэг үнэхээр төвөгтэй асуудал. Энэ оны дөрөвдүгээр сарын 8 хүртэл ингэх боломж ч үгүй байсан юм. Уламжлал ёсоор бол пуужинг харвасны дараа шууд далай руу унадаг. Харин энэ удаа тэгсэнгүй. Falcon 9 пуужинг усан онгоцон дээр газардуулав. Мөн пуужинг хямд төсөр зардлаар, дахин ашиглаж болохуйцаар бүтээсэн нь онцлог байлаа. Пуужинг дахин ашигласнаар олон сая долларыг хэмнэж байгаа юм. Falcon 9-ийг зохион бүтээгчид нэг пуужин үйлдвэрлэхэд 60 сая долларын зардал гардаг байсныг болиулж, 600,000 доллар болгож хэмнэжээ.

9. Нүүрстөрөгчийн давхар ислийг хад болгон хувиргасан нь

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 7

331,000 оршин суугчтай нэгэн алслагдсан арлын оронд нүүрстөрөгчийн давхар исэл хэмээх ноцтой асуудал тулгараад байгаа гэж таны санаанд буухгүй л байгаа биз дээ? Гэхдээ энэ бол бодит байдал. Исланд бол газрын гүний дулаан болон усан цахилгаан станцаас (хоёулаа нөхөн сэргээгддэг эрчим хүч) ихээхэн хамааралтай орон. Галт уулын хад чулуунд багахан хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл үүсдэг. 2007 онд Reykjavik Energy компани CarbFix хэмээх төсөл эхлүүлсэн бөгөөд төслийн зорилго нь нүүрстөрөгчийн давхар ислийг их хэмжээний усанд хийж уусгаж, дараа нь түүнийгээ нүхэрхэг, базальт чулуулаг руу шахахад чиглэж байв. Ингэснээр нүүрстөрөгчийн давхар исэл химийн урвалд орж, карбонат болж хувирах ажээ. Ингэлээ гээд ямар ашигтай юм бэ дээ гэж та гайхаж байвал төслийн удирдагчдын нэг нь ийнхүү тайлбарласныг танд хүргэе. “Энэ аргыг ашигласнаар нүүрстөрөгчийн хийг зайлуулж, хад чулуунд шингээнэ. Хад чулуу чинь хаашаа ч явахгүй, байрандаа л байж байдаг эд шүү дээ.”

Нүүрстөрөгчийн хэт ислийг багасгах нь дэлхийн нийтийн хувьд томоохон асуудлуудын нэг болоод байгаа учраас бусад төрлийн үйлвэрлэлүүд ч уг аргыг сонирхон судлах боломжтой. Одоогоор тулгараад байгаа хамгийн том асуудал нь нүүрстөрөгчийн хийг өөртөө шингээн авах базальт чулуулаг их байдаггүй явдал юм. Харин исландчуудын хувьд энэ бол асуудал биш, учир нь тус орны газар нутгийн 90% нь базальт чулуулгаас бүрддэг.

8. Толгой час час хийдгийн шалтгааныг шинжлэх ухааны үүднээс тайлбарлав

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 8

Ар дагз, хүзүүгээр тань час час хийж, хүн шивнээд байгаа юм шиг эсвэл хуванцар зүйлийг хумсаараа маажаад байгаа юм шиг мэдрэмж төрж байсан тохиолдол бий юу? Хэрэв тийм бол та шинжлэх ухааны нэршлээр ASMR гэж нэрлэдэг, оргазмтай төстэй мэдрэмж төрүүлдэг тэр зүйлийн талаар сонирхох нь дамжиггүй. Хэрвээ эрдэмтэд орон орны хэсэг нөхөд “толгойн оргазм” хэмээх агуулгын хүрээнд мэдээлэл өгдөг бичлэгүүдийг ютүбээс үздэгийг анзаараагүй байсан бол үүнд анхаарал хандуулахгүй байсан биз ээ. Эдгээр бичлэг Свонси их сургуулийн сэтгэл судлалын ангийн оюутны сонирхлыг татсан тул тэрээр багшийнхаа хамт ASMR-ийг нухацтай судалж эхэлсэн байна. Энэ жил тэд судалгааныхаа үр дүнг нийтэд танилцуулсан юм. Судалгаанд 500 хүн сайн дураараа оролцсон бөгөөд судлаачид тэднээс биеийнхээ сэрэл мэдрэмжийн цэгийг тодорхойлохыг хүсжээ.

Судалгаанд оролцогчдын 69% нь нойргүйдэл, сэтгэл зовнил, гутралаа багасгах гэж ASMR-ийн бичлэг үздэг гэж хариулсан бол ердөө 5% нь л дур хүслээ өдөөх гэж үздэг гэсэн байна. ASMR-ийн бичлэгийг олон хүн үзсэн байдгийг мэддэггүйгээсээ болоод эрдэмтэд түүнийг олон жилийн турш буруугаар бодож иржээ. Хоёр судлаач өөрсдийнх нь эхлүүлсэн ажил цаашдаа улам бүр өргөжин тэлнэ гэж итгэж байгаа ба энэхүү ер бусын боловч тун түгээмэл зүйл (онгод гээд нэрлэчихье) дээр тулгуурлан сэтгэл судлалын үндсэн ойлголтуудыг тодорхойлох боломжтой гэж үзэж буй аж.

7. Хоёр дахь сар

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 9

Тийм ээ, энэ үнэн шүү. Өдгөө бид хоёр сартай болсон. Шинээр нээсэн сар тун жижигхэн (өргөөшөө 91 метр), гэхдээ нилээд эртнийх бололтой. Уг сар дэлхийг нэг тойрохдоо зуун жил зарцуулдаг аж. Энэхүү бяцхан сар (үнэндээ бол жижиг гариг) Хавайд суурилуулсан 2016 HO3 нэртэй дуранд энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд анх харагдсан байна.

Дэлхий нарыг 365.24 өдөрт тойрдог бол уг сар үл ялиг удаан буюу 365.93 өдөрт тойрдог аж. Гэхдээ энэ сар манай дэлхийгээс дор хаяж 14 сая гаруй километрийн зайд байрлах тул ямар нэгэн аюулгүй гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Энэхүү бяцхан сар хэсэгтээ л манай дэлхийд харагдах болохоор НАСА-гийнхан түүнд 2016 HO3 гэдгээс өөр нэр бодож олох хэрэгтэй болов уу.

6. Нүдгүй өт

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 10

Супер баатрууд гэхээрээ л бие барьсан инээдтэй хувцас өмсчихөөд, явж байгаа галт тэргийг хуруугаараа зогсоох чадалтай байдаг юм биш. Үнэндээ супер баатрууд ганцхан мм-ийн урттай, тэгсэн хэрнээ агуу хүчтэй байж болно. Тухайлбал, Caenorhabditis elegans гэдэг нэртэй нүдгүй, бяцхан дугуй өт байна. Энэхүү өтөнд байдаг шинэ төрлийн эс нь гэрэл хүлээн авахдаа хүний нүдний эсээс даруй 50 дахин сайн гэнэ. Олон улсын судлаачдын багийнхны хийсэн энэхүү нээлт тун гайхалтай бөгөөд энэ нь амьтны биед илэрсэн гурав дахь төрлийн гэрэл хүлээн авагч юм.

Амьтад үүнийгээ яаж ашигладаг юм бол оо гэж та гайхаж байна уу? Товчхондоо энэхүү гэрэл хүлээн авагч нь гэрлийг дохио болгож хувиргадаг. Эрдэмтэд уг өтөнд яагаад ийм гайхалтай чадвар хөгжсөнийг олбол үүнтэй ижил гэрэл хүлээн авагчийг генетикийн аргаар гаргаж авах боломжтой болох юм.

5. Хүний оюун ухаан дахь математикийн алгоритмыг олж нээсэн нь

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 11

Тархи судлаачид болон компьютерийн мэргэжилтнүүд олон жилийн турш хүний тархи зүгээр нэг мэдээлэл хадгалаад зогсохгүй түүнийг ангилан төрөлжүүлж, ерөнхийлөн дүгнэж чаддагийн учрыг сонирхон судалсаар ирсэн. Тэд амьд организм бүрд ДНХ-ийн давхар мушгиа бүтэц байдаг шиг хүний оюун ухаан бүрэлдэн бий болоход нөлөөлсөн үндсэн загвар байх ёстой хэмээн таамаглаж байв. Бидний тархины нарийн төвөгтэй бүтцийн талаар хамгийн үнэмшилтэй таамаглал дэвшүүлсэн азтай залуу бол Жоржиагийн Анагаахын коллежийн тархи судлаач байсан юм.

Тэрбээр n=2i-1 хэмээх алгоритм зохиосон ба үүгээрээ мэдрэлийн хэдэн эс хоорондоо нэгдэн нийлж байж аливаа асуудлыг шийдвэрлэдэг талаар тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл мэдрэлийн эсүүд олноороо нэгдэн нийлэх тусам хүний оюун бодол илүү нарийн төвөгтэй болдог аж. Дээрх томьёоллыг задалж үзвэл n нь өөр өөр боломжит нөхцөлд холбогдож болох мэдрэлийн эсийн тоог, 2 нь эдгээр мэдрэлийн эс инпутыг хүлээн авч байгаа эсэхийг, I нь эдгээр эсийн хүлээн авч буй мэдээллийг, 1 нь зүгээр л бүх бололцоог тодорхойлоход тусалж буй математикийн тоог илэрхийлж байна. Тэгэхээр, хүний нарийн төвөгтэй оюун ухааныг тодорхой нэгэн алгоритмаар илэрхийлж болж байгаа юм бол хиймэл оюун ухааны тухайд ямар дэвшил гарах нь ойлгомжтой.

4. Унгадаг загас

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 12

Зарим загас үнэхээр унгадаг юм шүү. Их Британи болон Канадын эрдэмтэд загас унгадаг талаар зэрэг шахам олж мэдсэн нь хачирхмаар. Бид үүнийг гайхалтай нээлт гэж үзэж байгаа юм. Эцсийн эцэст далайн гүнээс гардаг дуу авиа, хөөс зэрэг нь май загасны хошногоноос гарч байгаа унгастай холбоотой гэдэгт биологичид итгэхээс өөр аргагүй болов. Май загас үдийн хоолондоо хэтэрхий их улаан буурцаг зооглосон болохоороо л унгаа биз гэж та бодож байна уу? Тэгвэл тийм биш ээ. Энэ жилийг хүртэл биологичид май загас яагаад ийм чимээ гаргадгийн учрыг олж мэдээгүй байсан юм. Харин одоо бол тэд маш сайн мэддэг болсон.

Загаснууд харанхуй болсны дараа бөөнөөрөө цуглахын тулд тийм чимээ гаргадаг аж. Хүнээс ялгаатай нь, загасны хошногоноос гарч буй унгас хоол боловсруулахтай огт холбоогүй. Тэд зөвхөн хоорондоо харилцахын тулд л унгадаг. Үүнийг нотлох эхний нотолгоо бол тэд зөвхөн харанхуй болсны дараа л унгаж, бусдадаа байршлаа мэдэгддэг. Хоёрдугаарт, унгасных нь чимээг зөвхөн бусад загас нь л сонсож чаддаг тул хоол хайсан махчнуудын идэш болохоос сэргийлдэг байна.

3. Хүний сүнс биеэсээ гардгийн учир тайлагдлаа

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 13

Зарим хүн комд орсон үед сүнс нь биеэсээ гарч, өөрийгөө гаднаас нь хардаг гэлцдэг. Гэвч одоогийн байдлаар хүний сүнс үнэхээр биеэсээ гардаг эсэхийг нотлох шинжлэх ухааны баримт алга л байна. Энэ тал дээр эрдэмтэд ерөнхийдөө эргэлзээтэй ханддаг боловч Оттавагийн их сургуулийн хэсэг нөхөд хүний сүнс үнэхээр биеэсээ гардаг эсэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар хайж эхэлсэн байна. Судалгаанд сайн дураараа оролцсон хүмүүст MRI аппаратаар оношлогоо хийхэд тэдний тархинд бие нь дэлхийгээс хөндийрч байгаа юм шиг мэдрэмж хүчтэй төрж байгаа нь харагджээ. Хэдийгээр ийм мэдрэмж төрдөг нь үнэн боловч хүмүүс үүнийг жинхэнээсээ болсон зүйл гэж үздэгт учир байна гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрсэн байна. Үнэндээ хүний сүнс биеэсээ гарч байгаа хэрэг огт биш юм. Зүгээр л түрхэн хугацаанд хий юм хардаг гэсэн үг. Ийм мэдээлэл сонсоод бид урам хугарах ёстой юм болов уу, эсвэл тайвширч амрах хэрэгтэй юм болов уу… бүү мэд!

2. Нуруу нугасны гэмтлийг үүдэл эсээр эмчлэх нь

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 14

Нуруу нугасандаа гэмтэл авсан хүн ихэнх тохиолдолд насаараа хөдөлж чадахгүй болдог. Энэ бол аймшигтай боловч үнэн баримт. Өнөөг хүртэл ийм гэмтэл авсан өвчтнүүд хөдөлж явж, үе мөчөө мэдэрнэ гэсэн найдваргүй байсан билээ. Харин саяхнаас хонгилын үзүүрт гэрэл гарч эхэллээ.

Сан-Диего дахь Калифорниагийн их сургуулийн судлаачдаар удирдуулсан багийнхан үүдэл эс ашиглан нуруу нугасны мэдрэлийн эдийг нөхөн төлжүүлж чадсан байна. Гэхдээ харамсалтай нь, тэд энэхүү туршилтаа хулгана дээр л хийж үзсэн бөгөөд хүн дээр туршихад багаар бодоход хоёр жил шаардлагатай ажээ.

1. Бид бүгд генийн өөрчлөлтийн улмаас үүссэн

2016 онд хийгдсэн хамгийн гайхамшигтай 15 нээлт 15

Олон тэрбум жилийн турш нэг эст амьтад далай тэнгисийн усанд эрх дураараа хөвөн, амар жимэр амьдарч иржээ. Гэтэл нэг л өдөр бүх зүйл орвонгоороо эргэх нь тэр. Тэдний бүтэц, төрх байдал өөрчлөгдөж, зарим эс нь хөдөлж явах, зарим нь идэж, боловсруулах үүрэг гүйцэтгэх болжээ.

Ийнхүү олон эст организм буюу анхны амьтад үүссэн юм. Энэ жилийг хүртэл эрдэмтэд амьдрал хэрхэн бий болсон талаар амсхийх завгүй эрж хайсаар л байсан билээ. Атлантагийн биологичид саяхан энэ бүх өөрчлөлт нэг эст организмаас олон эст организм болж чаддаг ганц генээс үүдсэнийг олж тогтоожээ. Тэд эрт балрын организмын ДНХ-г шинжилж үзээд, амьд организмд гарсан хувьсал тэрхүү генийн өөрчлөлтөөс болсон хэмээх таамаглалыг дэвшүүлээд байгаа юм.

29
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/11 at 17:47

    Маш сайхан гэгээлэг мэдээлэл юмаа. Баярлалаа. Амжилт хүсье

  2. Tuya Tsogniijav

    Tuya Tsogniijav

    2016/12/11 at 21:22

    Amjilt Gyalailaa

  3. ГандуламХаянхярваа

    2016/12/26 at 16:21

    Гэгээлэг сайхан мэдээлэл дамжуулсан та бүхэндээ баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Одоогоос 2050 он хүртэлх хугацаанд болох 17 чухал үйл явдал

Ирээдүйг харахын тулд заавал далдыг хардаг байх албагүй. Зарим нэг тохиолдолд өнөөдөр болж…