Columbia брэндийн түүх ба технологи

0

Дэлхийн улс орнуудад аль хэдийнээ танил болж нэрд гарсан Columbia брэндийн хувцас, гутал, дагалдах хэрэгслүүдийн талаар энд өгүүлнэ. Анх үүсч хөгжсөн түүх, үйлдвэрлэлдээ ямар технологи ашигладаг, хэрхэн спорт хувцас хийх болсон зэрэг сонирхолтой баримтуудыг энэхүү брэндийн шүтэн бишрэгчдэд зориулж байна.

Columbia брэндийн түүх ба технологи 1

Columbia брэндийн түүх

Өнөөгийн бараг бүхий л томоохон брэндүүд 19-р зууны төгсгөл, 20-р зууны эхэн үед анхны шаваа тавьсан байдаг. Бүгд далайн чанадад, Америк оронд Европоос нүүж суурьшигчдын бүтээл бөгөөд тухайн үед Америкт нэхмэлийн үйлдвэрлэл асар хурдтай хөгжиж, энэ салбарт хүч үзсэн хүмүүс (эгзэг нь таармагц) бизнесийн асар том эзэнт гүрнийг захирах болов.

Columbia ч мөн энэ замаар хөгжжээ. Нацистын Германд амьдарч байсан еврей гэр бүл 1937 онд дүрвэхээр шийдэж, хамгийн эрх чөлөөтэй гэж тооцогдож байсан Америк улсыг зорив. Тэд хувцасны жижиг үйлдвэртэй байсан бөгөөд айдас хүйдэст ирээдүйгээс ийнхүү ам мөлтөс аврагдсан аж. Поль Ламфром эхнэр Мари, охин Гертруда нараа аваад хамаг хөрөнгөө орхин далай гаталж, ах дүүс дээрээ ирсэн байна. Полийн үеэл нь малгай борлуулдаг жижиг компани авахад нь түүнд тусалжээ. Энэ компаниа Columbia Hat Company гэж нэрлэв. Тэдний амьдардаг газраас холгүй урсдаг Columbia гэх жижиг голын нэрээс үүдэлтэй аж. Худалдаж авсан бизнес нь Польд таалагдсангүй. Нарийн яривал, малгайны чанар огт таалагдаагүй гэнэ. Чанар муутай учраас гүйлгээ ч тааруу. Ингээд тэд бизнесээ шинэчлэхээр шийдэж, Германд хийж байсан шигээ чанар сайтай хувцас, загасчдын тоног хэрэглэл үйлдвэрлэх болов. Гэвч өнөө маргаашаа аргацаасан багахан орлого олдог болсон байна. 1948 онд охин Гертруда нь Аризоны Их сургуулийн оюутан Нил Бойльтой гэрлэж, нөхрөө гэр бүлийн бизнестээ татан оруулжээ.

Columbia брэндийн түүх ба технологи 14Гертруда хүүхдүүдээ өсгөж, бизнестээ бараг оролцдоггүй, харин Нил эцгийнх нь гол туслах, найдвар болж байв. Гэхдээ асар өндөр тоогоор борлогдсон, олон жижиг халаас бүхий загасчны хүрмийг анх үйлдвэрлэсэн “гэр бүлийн патент”-ийг Гертруда эзэмшдэг байлаа.

Хадам эцгээ нас барсны дараа Нил компанийг удирдах болов. Маш сайн зохион байгуулагч, удирдагч байсан Нилийн ачаар Columbia олонд танигджээ. Тэрээр аз турших дуртай хүн байсан бөгөөд компаниа улам илүү нэрд гаргахын тулд их хэмжээний зээл авсан ч бүтэлгүйтэж, 1970 онд 47 насандаа зүрхний шигдээсээр таалал төгссөн байна. Ингэж “Бойль ээж”-ийн шинэ амьдрал эхэлжээ.

Columbia брэндийн түүх ба технологи 3

Өр ширэнд баригдсан, бизнес явуулах туршлагагүй эмэгтэй өвдөг сөхрөхөд бэлэн байв. Хүндрэлтэй асуудлаас яаж ийгээд гарах арга зам хайж эхэллээ. Анхны туслагч, хожим “туршилтын туулай” болсон хүү Тим нь тухайн үед коллежийн сурагч байжээ. Ажил хэрэг бүтэмжгүй байлаа. Нөхрөө алдсаны дараа Гертруда туршлагагүйтэн олон ч алдаа гаргаж, зээлдүүлсэн мөнгөө хүүтэй нь нэхсэн хүмүүс гал дээр тос нэмэн зовооно. Компанийн Үйлдвэрчний эвлэл цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, ажилчид бослого гаргав. Аргаа барсан Герт эцэст нь бизнесээ худалдахаар шийджээ. Худалдан авагчид ч бараг үзэгдэхээ больсон энэ үед нэгэн хүн түүний барааны тэмдгийг худалдаж авахаар 1400 доллар санал болгосон нь асар их мөнгө байлаа. Гэхдээ компанийн өрийг гэтэлгэх үүрэг хүлээхгүй гэжээ. Герт арга мухардав.

Хүү нь бизнесийн чиглэлийн арга хэмжээнд байнга оролцох болж, үзэсгэлэн яармаг, уулзалт семинар, ажил хэргийн ярилцлага алгасалгүй явсаар танилын хүрээгээ тэлж эхэлжээ.

Хичээж зүтгэсэн хүн хэзээд амжилтад хүрдэг тул тэдний өндийх цаг ирэв. Загварын чиг хандлага гэнэт өөрчлөгдөж, спорт маягийн хувцас моданд орох нь тэр. Тамирчид төдийгүй энгийн хүмүүс ч биеийн тамирын хувцас, гутал өмсөх болжээ. Ийнхүү 1978 он гэхэд компани анхны сая долларын ашгаа олж, урьдын уй гашуу үгүй болсон байна. Анчид, загасчид ч барааг нь сонирхох боллоо. Ажилчид нь удирдлагадаа бүрэн итгэж, шинэ өндөрлөг өөд тэмүүлсэн хамт олон бий болжээ. Гертрудагийн зохион бүтээсэн BUGABOO хүрэм дэлхий даяар алдаршсан бөгөөд загасчны эхнэрийн хувьд энэ загварыг хэрхэн зохиохоо тэр хэнээс ч илүү мэдэж байв.

Columbia брэндийн түүх ба технологи 4Загасчны эхнэр гэсэн тухайд: 1960 онд Герт нөхөртөө олон тооны жижиг халаастай хүрэм оёж өгсөн бөгөөд Нил загасанд явахдаа энэ хүрэмнээс салдаггүй байсан гэнэ.

Ийнхүү цаг агаарын аль ч нөхцөлд тохиромжтой, хөдөлгөөнд саад болохгүй, хөнгөн, харьцангуй хямд үнэтэй BUGABOO хүрэм зах зээл дээр жинхэнэ тэсрэлт хийсэн аж.

1984 он – Columbia брэндийн хөгжлийн шинэ үе эхлэв. Зар сурталчилгааны Borders, Perrin&Norrander агентлагуудтай гэрээ хийж, “Бойль ээж” өөрийн хүү дээрээ Columbia брэндийн бүтээгдэхүүнийг туршиж байгаа хэд хэдэн бүлэг реклам хийлгэсэн байна. Гертруда, Тим хоёр өөрсдөө сурталчилгаандаа тоглосон юм.

Columbia брэндийн түүх ба технологи 5

80-аад оны сүүл гэхэд Columbia-г мэдэхгүй хүн үгүй болов. 1994 онд Columbia Лиллихамерын өвлийн Олимпийг ивээн тэтгэжээ.

2014 онд Сочигийн өвлийн Олимпоор Columbia ОХУ, АНУ, Канадын цанын чөлөөт гулгалтын шигшээ багийн хувцсыг тусгайлан үйлдвэрлэж нийлүүлсэн байна.

Өдгөө 92 настай ээж, 67 настай хүүгийн хамт компаниа удирдсан хэвээр.

78 жилийн түүхэндээ Columbia олон технологи нээж патент авсан бөгөөд цаг уурын ямар ч нөхцөлд аялж амрахдаа хүмүүс энэ брэндийг сонгодог, итгэдэг болсоор уджээ.

Хамгийн гол нь, барааны үнийг хямдруулахын тулд чанарыг нь бууруулах, эсвэл хямд материал ашиглах бус, харин үйлдвэрлэлийн зардлаа багасгах аргыг сонгодог. Хатагтай Бойль бусдын адил ажиллах хүч хямдтай Хятад, зүүн өмнөд Азийн орнуудад үйлдвэрээ байгуулжээ.

Үнийн хувьд боломжийн Bugaboo хүрэм нь салдаг дотортой, тухайн үед өөр хаа ч байхгүй өндөр чанарын цахилгаантай хийгджээ. Энэ хүрэм нь үйлдвэрлэлд шинэ технологи ашиглах анхны гараа болсон бөгөөд хэдэн сая ширхэг борлогдсон байна.

Columbia-гийн технологи

Columbia-гийн технологи үндсэн 4 чиглэлээр явагддаг. Үүнд:

1. ДУЛААН

Ямар ч нөхцөлд дулаан хадгалах технологи.

OMNI-HEAT REFLECTIVE

Columbia брэндийн түүх ба технологи 15

Хувцсан дээрх мөнгөлөг цэгүүд хүний биеийн дулааныг хадгална. Энэ цэгүүдийн зай завсраар илүүдэл дулаан, чийг чөлөөтэй гадагшилдаг тул бие хөлөргөхгүй, халууцуулахгүй.

TURBO DOWN

Columbia брэндийн түүх ба технологи 16

Сөд, нийлэг дулаалагч Omni-Heat ба мөнгөлөг цэгтэй Omni-Heat Reflective давхаргыг нийлүүлсэн технологи. Хувцас норсон ч дулаанаа хадгална. Хүрэм хийхэд ашиглана.

OMNI-HEAT ELECTRIC

Columbia брэндийн түүх ба технологи 6

Цэнэглэдэг зай хураагуураар ажиллах төхөөрөмжийн тусламжтайгаар гутал, хувцсыг халаадаг технологи юм. Энэ технологиор хувцас, гутал, бээлий хийдэг.

2. ХУУРАЙ

Хүний биеийн чийгийг гадагшлуулах зориулалттай технологи.

OMNI-TECH

Columbia брэндийн түүх ба технологи 17

Хувцасны материалыг чийгтүүлдэггүй бичил нүхт мембраныг ашигласан технологи. Хүрэм, өмд хийхэд ашигладаг.

OUTDRY

Columbia брэндийн түүх ба технологи 18

Гутал, бээлийн гадна талд хамгаалалтын давхарга хийж өгснөөр ус нэвтрүүлэхгүй болно. Гэхдээ дотор талаасаа агаар нэвтрүүлнэ.

OMNI-DRY

Columbia брэндийн түүх ба технологи 30

Ус нэвтрүүлдэггүй, “амьсгалдаг” хамгаалалт. Гутал, бээлийн үйлдвэрлэлд ашиглана.

OMNI-WICK ба OMNI-WICK EVAP

Columbia брэндийн түүх ба технологи 20Columbia брэндийн түүх ба технологи 19

Биеийн чийг хувцсанд шингээд, хурдан ууршиж хатна. Ийм материалтай хувцсыг хэдэн ч цагаар, хөлрөхөөс айлтгүй өмсөж болно. Хүрэм, зузаан цамц, хоолойтой цамц, дотуур хувцсыг энэ технологиор хийдэг.

3. СЭРҮҮН

Халуун нөхцөлд ч таатай сэрүүн мэдрэмж төрүүлэх технологи.

OMNI-FREEZE

Columbia брэндийн түүх ба технологи 21

Биеийн хэмийг тогтмол барьж, халуунд ч сэрүүхэн байлгана. Тусгай зориулалттай ийм материал хүний биеийн дулааныг шингээж сэрүүцүүлнэ. Футболк, майк, богино ханцуйтай цамц, зузаан цамц ч бий.

OMNI-FREEZE ZERO

Columbia брэндийн түүх ба технологи 22

Цэнхэр цэгүүд нь хөлстэй урвалд орж, хувцасны материалын хэмийг бууруулснаар хүний биеийг сэрүүцүүлнэ. Энэ технологиор цамц, футболк, гүйлтийн пүүз зэргийг хийдэг.

4. ХАМГААЛАЛТ

Байгаль, цаг уурын ямар ч нөхцөлд, хад бартаатай зам, салхи шуурга, шумуул ихтэй газар ч найдвартай хамгаалах технологи.

OMNI-SHADE

Columbia брэндийн түүх ба технологи 23

Энэ нь хэт ягаан туяаг хааж, нарны гэрлийн хортой тусгалаас хамгаалдаг технологи. Зузаан цамц, футболк, богино өмд, хүрэм, өмд зэрэг хувцсыг энэхүү технологиор үйлдвэрлэж байна.

INSECT BLOCKER

Columbia брэндийн түүх ба технологи 24

Хорхой шавьжнаас хамгаалах тусгай бодис шингээсэн хувцас. 70 удаагийн угаалт даадаг, хувцас үйлдвэрлэлийн шинэ технологи.

TECHLITE

Columbia брэндийн түүх ба технологи 25

Гутлын улавч, ул хийхэд зориулсан технологи бөгөөд ул нь доргилт бууруулж хөл хамгаалдаг, удаан эдэлгээтэй, хөнгөн. Харин улавч нь үнэр шингээдэггүй, нян үржүүлдэггүй давуу талтай.

OMNI-SHIELD

Columbia брэндийн түүх ба технологи 26

77ºС-аас доош хэмтэй ус, шингэнийг нэвтрүүлдэггүй. Маш хурдан хатдаг. Өмд, хүрмийг энэ технологиор хийнэ.

OMNI-WIND BLOK

Columbia брэндийн түүх ба технологи 27

Салхинаас хамгаалах технологи. Хэдийгээр салхи нэвтрүүлэхгүй боловч хүний биеийг чийгтүүлж хөлөргөхгүй. Хүрэм, хоолойтой цамц, зузаан цамцыг энэ технологиор үйлдвэрлэдэг.

OMNI-GRIP

Columbia брэндийн түүх ба технологи 28

Гутлын ул хийдэг технологи бөгөөд резинэн наалт нь сайн барьцалдаж өгдөг тул хальтрахаас найдвартай хамгаална.

Columbia спорт хувцас, хэрэглэл

Мэргэжлийн тамирчдын хувцас, дэлгүүрт худалддаг спорт хувцаснаас юугаараа ялгаатай байдаг вэ?

Цанын чөлөөт гулгалтын тамирчдад зориулж хийсэн Columbia-гийн иж бүрэн хувцас энэ байна. Сочид зохиогдсон Өвлийн Олимпын наадмын гурван багт зориулсан хувцас юм.

ОХУ

Columbia брэндийн түүх ба технологи 7

Columbia брэндийн түүх ба технологи 8

АНУ

Columbia брэндийн түүх ба технологи 9

Канад

Columbia брэндийн түүх ба технологи 10

Мэргэжлийн тамирчдад зориулж бүтээсэн энэ хувцаснууддаа Columbia цоо шинэ технологи нэвтрүүлэхийн зэрэгцээ олны хүртээл болж чадсан хуучин технологиудаа ч ашигласан ажээ. Үндсэн технологи нь OMNI-HEAT THERMAL REFLECTIVE. Мөнгөлөг цэгүүдийн тусламжтайгаар илүүдэл дулааныг гадагшлуулдаг, биеийн хэвийн хэмийг барьдаг гэдгийг дээр дурдсан. LighTrail гэх шинэ технологийг ашигласан нь одоохондоо худалдаанд гараагүй байгаа цахилгааны өвөрмөц шийдэл юм.

Columbia брэндийн түүх ба технологи 11

Энэ нь татсан хойно хувцсан дээр бараг анзаарагддаггүй цахилгаан бөгөөд ус, салхи нэвтэрдэггүй. LighTrail илүү уян хатан, хөнгөн. Цахилгааныг хувцсанд лазер туяа, тусгай зориулалтын цавуугаар бэхэлдэг. Ийм цахилгаан хийх гэж Columbia хэдэн жилийг зарцуулжээ.

Спортын төрөл болгонд зориулж тусгай загвар эсгүүр гаргаж хийдэг учраас мэргэжлийн тамирчдын хувцсыг дэлгүүрт байгаа спорт бараатай харьцуулах юм биш. Цанын чөлөөт гулгалтынханд хувцас хийхийн тулд Columbia-гийн загвар зохион бүтээгчид тамирчдыг дагаж, олон тэмцээн уралдаан үзэж судалжээ. Түүнчлэн, тамирчдын хувийн санал хүсэлтийг ч тусгасан байна. Ингээд эцэст нь биед хөнгөн, хөдөлгөөнд саад болохгүй, жинхэнэ шилмэл хувцас үйлдвэрлэсэн аж. Тэр бүү хэл зөвхөн чөлөөт харайлт хийдэг тамирчдын хувцсанд тусад нь өөрчлөлт оруулж, цасан цагаан өнгөтэй хийсэн байна. Учир нь саад дээгүүр харайх, өндрөөс үсрэх үед тамирчны хөл пүрш шиг ажиллах бөгөөд алдаа гаргавал даруй анзаарагддаг аж. Иймээс цастай ижил өнгөөр хувцас хийж, хөлний алдааг нууж чаджээ.

Снөүбордын хафпайп төрөлд хүч үзэх тамирчдын хувцсыг арай урт хийж, илүү үзэмжтэй, биед эвтэйхэн болгосон байна.

Columbia брэндийн түүх ба технологи 12

Мэргэжлийн тамирчдын хувцас, энгийн спорт хувцаснаас хэр ялгаатайг та харав уу? Гэхдээ бас төстэй зүйл олон шүү.

Columbia-г дуурайсан бараанууд

Дээр дурдагдсан мэдээллүүдийг уншиж судалчихаад, Columbia авахаар бөөний зах руу гүйвэл ямар хэрэг байх билээ? Дуураймал барааг жинхэнээс нь яаж ялгах талаар жагсаавал тусдаа нэг нийтлэл болох тул хэдхэн жишээ хэлье.

  • Columbia-гийн бараанууд дээр технологи болгоныг тайлбарласан, бараг жижгэвтэр ном гэмээр олон хуудас, өндөр чанартай цаасан шошго бий.
  • Эрэгтэй хүний хүрэмний цахилгааны түгжээ нь “эмэгтэй” талаасаа татагддаг. Энэ нь Америк барааны онцлог.
  • Columbia-гийн бараг бүх хувцасны гадна талын (зарим загварыг эс тооцвол) бичээс нь Columbia Sportswear Company биш харин зөвхөн Columbia гэж байх ёстой.

Columbia брэндийн түүх ба технологи 29

  • Материалд нь гар хүрэхэд хуурамч бараанаас тэс өөр, сайн чанарын даавуу байна.
  • Үйлдвэрлэсэн технологийн жагсаалтад GORE-TECH гэсэн байвал Columbia биш гэсэн үг. Энэ нь Columbia-гийн технологи биш юм.

Хамгийн гол нь жинхэнэ бараа авъя гэвэл найдвартай, баталгаатай газраас худалдаж авах хэрэгтэй.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *